Адууны хийморьт сүсэглэн яваа аав хүү Алдартууд

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 11 -нд

Хурдан хүлгийн уяа эвлүүлж, хурд ирлэнэ гэдэг эр хүн бүрийн цээжний мухарт байдаг хүслэн. Тэр тусмаа уясан хүлэг нь айраг түрүүнд хурдлан цулбуур өргүүлэх нь азтай аавын хүүд л тохиох хувь гэлцдэг. Дундговь аймгийн хийморилог уяачдаас удам дамжин хурд ирлэж байгаа буй аав хүү Алдартуудын буухиаг энэ удаад Чоймболын Дэмчигцоодолынхон үргэлжлүүлж байна.
Ч.Дэмчигцоодол уяач ухаан орсон цагаасаа л хурдан тууртын тоосонд дэрвэсэн шаггүй унаач явсан. Найман настай унаач хүү Хулд сумын уяач Пүрэв гэж хүний хурдан хээр даагыг Хулд сумын наадамд унаж түрүүлгэсэн байдаг. Энэ даага хожим Луус сумын Сэрээ гуайд арван тэмээгээр зарагдсан бөгөөд Луус суманд олонтаа хишиг хүртсэн хурдан азарга байсан. Энэ хээр азарганы төл хар гүүг залуу уяач Дэмчигцоодол авч өөрийнхөө хүрэн азарганд тавьжээ. Анхны төл нь хүрэн унага гарсаныг уяж, Луус сумын 30 жилийн ойд 1987 онд шүдлэнд нь түрүүлгэн өм нээгдэн, уяаны ажил нь жигдэрч ирсэн гэдэг. 1989 онд Өлзийт сумын наадамд соёолонд нь хүрэн үрээгээ айрагдуулсан. Энэ наадамд туувар тууж явахдаа Хэнтий аймгийн Галшараас авсан зээрд морио мөн айрагдуулсан байдаг. Үүнээс хойш ойр хавийнхаа бэсрэг наадмаас тасралтгүй айраг уух болжээ. Хурдан тууртын дэл боон, хөдөө хөхөрч, гадаа гандаж явсан уяачийн хөдөлмөрийн үрээр Аварга цэгээн нэртэй унаган морио Зава Дамдины мэндэлсний 140 жилийн ойд 2007 онд хязааланд нь айрагдуулсан нь том наадмын өмийг нь нээсэн байна.
Ийнхүү хорь гаруй жил хурдан хүлгийн хийморьт сүслэн тоосонд даруулсан говийн их уяач унаган адууныхаа амжилтаар 2007 онд аймгийн Алдарт уяач гэх эрхэм цолыг хүртсэн бөгөөд 2011 онд Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны шилдэг уяачаар шалгарсан байдаг. Түүний амжилтын нэгээхэн хэсгээс уншигчдадаа сонирхуулахад 2011 оны “Говьшанх хурд” бүсийн уралдаанд хар шүдлэн түрүү магнайд хурдлуулан цагаан шүдлэн, хул даагаа айрагдуулан гучин цагаан машины гурвыг нь авсан аатай эрс бол Өмнөговь аймгийн Цогтцэций суманд нутаглаж байгаа аав хүү алдартууд байсан. Харин өнгөрсөн жил Дундговь аймагт зохиогдсон "Их мандал 2012" говийн бүсийн хурдан морины уралдаанаас шүдлэн, хязаалангийн түрүүг ихэрлүүлэн хүртэж од хийморио гайхуулаад анхдугаар богд Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Есөнзүйл сумын даншиг наадамд Тэргүүн хонгор шүдлэнгээ түрүүлгэн, цагаан хязаалангаа айргийн таваар хурдлуулсан бахдам амжилттай.
Алдартын Аварга цэгээн нэртэй морь өнөө жил арав хүрч байгаа боловч Дундговь аймгийн наадамд хоёр түрүү, мөн тооны айраг хүртэн сум овооны бэсрэг наадамд 17 түрүүлж арав илүү айрагдсан алдартай хурдан хүлэг. Алдарт уяачийн энэ сайхан хүлгэнд зориулж яруу найрагч Баянмөнх “Аварга цэгээн” нэртэй шүлэг бичсэнд хөгжмийн зохиолч Пүрэвсүрэн аялгуу хийн дуучин Цолмонбаяр дуулсан нь морь сонирхогчдын аялах дуртай дууг нэгээр нэмсэн байна. Мөн тун удахгүй энэхүү дуундаа клип хийлгэхээр бэлдэж байгаа гэнэ.
Хурд таних нүд, уяа тааруулах эрдэмтэй, удам залгах хөвгүүдтэй говийн их уяач Дэмчигцоодол ганц охин гурван хүүтэй. Охин Урангоо нь Луус сумын аймгийн Алдарт уяач Чулуунбаатарын хүү аймгийн Алдарт уяач Ч.Алтансүхийн эхнэр, нэг хүү Бат-Эрдэнэ нь “Энержи ресус”-д инженэр хийдэг бол аавынхаа шийрийг хатаан уяа тааруулсан хоёр хүү нь аймгийн Алдарт уяач болж эднийхэн гэрээрээ л хурдан туурттай хувь заяагаа холбосон айл болсон.
Адуучин аавын уясан хүлгэдийг хурдлуулах унаачаас эхлээд л удам залган уяач болсон хөвгүүд нь бага наснаасаа л эмнэг хангалын дэл дээр дэрвэсэн эрс. Сүүлийн үеийн Дундговь төдийгүй говийн бүсийн уралдаануудыг эзэгнэх болсон Дэмчигцоодолын уяаны эрдэм, унаган хүлгэдийн шандас чансааг харуулж буй. Аав хүү алдартууд жилдээ л хорь гучин түрүү хүртсэн, хурдан хурц адуугаараа говь нутагтаа алдартай.  
Том хүү Эрдэнэбулган нь Могой жилийн босгон дээр аймгийн Алдарт уяач хэмээх эрхэм цолыг хүртсэн. Алтан тууртын тоос юунд хийморио сэргээдэг аав, хүү алдартууд өлзий буянаа хайрласан  Өмнийн шаргал говьд хаврын тэргүүн сарын шинийн гурванд шинэхэн аймгийн Алдартынхаа цолны мялаалга болгон азарга, соёолонгийн уралдаан зохион байгуулан түрүү морио мотоциклиор байлсан байна. Эрдэнэбулган уяачийн хүү Одбямба өвөө болон аавынхаа уяасан хүлгэдийг унан гийнгоо хадаасан шаггүй унаач. Ямар сайндаа л Дундговь аймгийн “Нарны хүлэг” уяачдын холбооны  2011, 2012 оны шилдэг унаач, 2012 оны ММСУХ-ын шилдэг унаачаар тодроод байхав.
Аварга цэгээний дүү Хадган цэгээн морийг 2008 онд хязаалан, 2009 онд соёолонд нь Дундговь аймгийн наадамд айрагдуулсан Эрдэнбулган уяачийн амжилтын гараа байсан. Мөн 2009 оны “Энержи ресус”-ийн анхны бүсийн наадамд Хадган цэгээн нь түрүүлсэн бөгөөд соёолондоо л арав уралдаж арав айраг уулгасан хурдан буян одоо ч Алдартыг баярлуулсаар байгаа. Хадган цэгээн нэртэй морь нь 27 хишигтэй болсон байна. Их мандал-2012 говийн бүсийн уралдаанд түрүү магнайд хурдалсан цагаан үрээг дааганд нь дүү Эрболд нь Тэргүүн хонгортойгоо хамтад нь авсан. Цагаан үрээний амжилтаас уншигчдадаа хүргэхэд шүдлэндээ Өмнөговь аймгийн 80 жилийн ойд айргийн дөрөвт, Говь шанхын хурдад айргийн тавд хурдлан. Хязааландаа Их мандал-2012 уралдаанд түрүүлэн давхар уяагаар Есөнзүйлийн даншигт айрагдсан. Могой жил гарсаар Өмнөговь аймгийн хаврын бүсийн уралдаанд түрүүлэн, Их мандал-2013 хаврын бүсийн азарганы уралдаанд айргийн гуравт хурдалсан байна.
Дэмчигцоодолын бага хүү Эрболд нь мөн аавынхаа шийрийг хатаасан сайн уяач. 2011 оны Дундговь аймгийн Нарны хүлэг уяачдын холбооны шилдэг уяачаар шалгараад зогсохгүй аймгийн Алдарт уяач болсон. Тэрээр “Мандалын хурд 2011” оны хаврын бүсийн уралдаанаа Өмнөговь аймгаас зорин ирээд гурван түрүүг нь аваад буцсан аатай эр. Түүний Чоно хар үрээ 2011 оны Монгол улсын шилдэг 10-н шүдлэнгийн зургаад эрэмбэлэгдсэн хурдан буян бий.
Мөн Тэргүүн хонгор үрээ нь Сүхбаатар аймгийн Халзан сумын Батжаргалын Чулуунбатын хурдан хул азарганы төл. Унага байхад нь оюутан хүү найзаасаа зургаан зуун мянган төгрөгөөр авсан нь дааган цагаасаа хурдалсан аргагүй л хурдан хүлэг гэдэг. 2011 онд Өмнөговь аймгийн 80 жил, Говьшанх бүсийн уралдаанд тус тус айрагдаж, өнгөрсөн жилийн төрийн их баяр наадамд айргийн гуравт цуцалгүй ирсэн боловч үзүүр дээр ирээд хадуурч айрагдаж чадаагүй. Гэхдээ Дундговь аймагт болсон "Их мандал-2012" говийн бүсийн уралдаан болон Есөнзүйлийн даншигт тус тус түрүүлсэн говь нутгаас энэ цагт тодорч буй цөөн хурдан хүлгийн нэг. Энэ амжилтаараа 2012 оны Монгол улсын шилдэг 10 шүдлэнгийн зургаад эрэмбэлэгдсэн. Усан могой жил гарсаар Тэргүүн хонгор Өмнөговь аймгийн Цогтцэций суманд болсон “Хонгор" хайрхны уламжлалт уралдаан, “Их мандал-2013” хаврын бүсийн уралдаанд мөн л түрүү магнайд хурдлан энэ жилийн уралдааныхаа өнгийг тодорхойлоод буй. 
Ийн их говийн элгэнд хурдан хүлгийнхээ уяаг тааруулан суугаа эрдэмт нэгэн уяачийнх удмаараа адуун дэл дээр дэрвэж, тоосоо өргөсөн наадам бүрээсээ айраг уун, цулбуур өргүүлсээр буй. 
Удам дамжсан говийн их уяачдыг хурдан хүлгүүдийнх нь хийморь мөнхөд ивээж явах болтугай.

А.Энхжил

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна