Унаган уяатай морь

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 10 -нд

Хуучнаар Халхын Засагт Хан аймгийн ар таван Хотгойдын хошууны нэг болох Ахай бэйлийн хошууны нутаг орчмоор нутаглах ах дүү хоёр эрдэмт уяачид байж. Дүү уяачийн нэгэн морь их сайн морь боловч наадамд төдийлөн давхиж чадахгүй байжээ. Тэгэхлээр нь дүү нь нэгэн жилийн наадмын өмнө ахдаа аваачиж өгчээ. Та энэ морины уяаг мэдэх байхаа гээд. Түүнээс нэлээд хэд хоногийн дараа дүү нь ахыгаа туршин үзэхээр хэлэлгүй яваад очжээ. Тэгтэл ах нь нөгөө морийг гүүн зэлэн дээрээ унаганы ногт хийгээд чагтнаас нь даруулаад уячихсан байжээ. Дүү нь “та миний морийг яаж байгаа юм бэ?” гэж асууж. Тэгэхэд ах нь “чиний морь унаган уяатай морь юм. Ингэж байж л уяа орж жинхэнэ хурд орох учиртай юм” гэжээ. Удалгүй наадам ч болж унаганыхаа зэлэн дээрээс мордуултал нөгөөх морь саахалтын зайтай тасархай түрүүлсэн гэдэг.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна