Азарганы дутуу хөлс

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

Түнэл сумын хурдан Өвөрхудагт  1970-аад оны сүүлч үеэс юм уу даа. Тэр үеийн нэрт уяачид болох “цахиур” Жанцан гуай, И.Банзанрагчаа гуай нарын хэсэг уяачид их сунгаа хийж байжээ. Азарганы сунгаанд Жанцан гуай хээр азарга мордуулж сунгахад 3 бүгээн азарганы дараа дөрвөөр иржээ. Нөгөө 3 азарганы эзэд нь “ цаадах чинь одоо хээр азаргаа яах бол гэлцээд” сууж байж гэнэ. Тэгтэл Жанцан гуай хээр азаргаа мултлаад тавьчихаж гэнэ. Тэгтэл тэр хавийн улс амьтан Жанг шарандаа азаргаа тавьчихлаа гэж шивэр авир ярилцжээ.
Хэдхэн хоногийн дараа болсон аймгийн наадамд “цахиур” Жанцангийн хээр азарга их сунгаанд өмнөө байсан гурван бүгээн азаргыг хол орхин түрүүлжээ. Чухам яагаад ийм зүйл болов гэдгийг учирлан хожим нэхэн хуучлахад “тэднийх Цагаан толгойд гүү барьж байсан бөгөөд өглөө гэрээсээ гарахдаа “би азаргаа сунгаа хийчихээд тавьчихна. Адуундаа ирэхлээр барьж аваад хөлсийг нь хусаад уячихаарай” гэж захисан юмсанж.
Хээр азарга нь ч олон адуутай газраар жаал давхиж байгаад гүүн зэлэн дээрээ ирэхэд нь барьж аваад захисан ёсоор хөлсийг нь хусаад уячихсан байж. Ингэж Түнэлийн нэрт уяач Жанцан гуай азарганыхаа дутуу хөлсийг нь сул гүйлгэж авчихаад торгон ирэн дээр уралдаад түрүүлгэсэн гэдэг.
Ай даа, монгол уяачийн ухаан, монгол малч хүний торгон мэдрэмжээ гэж !!!

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна