Өвгөн ноёны нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал болно

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 08 -нд

2013 онд халхын анхны таван  аймаг байгуулагдсаны 90 жилийн тохиож байгаа. Засаг захиргааны нэгж шинэчлэн зохион байгуулагдсан түүхт ойн хүрээнд орон нутгийн удирдлагууд  дор бүрнээ нэгийг сэдэж, нөгөөг төлөвлөж буй.  Хэнтий  аймгийн удирдлагууд ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нэлээдгүй ажил хийхээр төлөвлөж байгаагийн нэг нь Галшар удмын хурдан адууг бий болгогч, олноо “Өвгөн ноён” хэмээн алдаршсан Хардэл жанжин бэйс Мижүүдоржийн Пүрэвжавын үйл хэргийг мөнхжүүлэн, хойч үед нь таниулах  зорилготойтой аж. Энэ зорилтынхоо хүрээнд нэлээдгүй ажлыг төлөвлөсөн бөгөөд эхлэл нь энэ сарын сүүлээр болох эрдэм шинжилгээний бага хурал байх гэнэ. Галшар удмын адууг бий болгогч Хардэл жанжин бэйс Пүрэвжав их шинжээчээс гадна сайн уяач, зураач, эрдэмтэн,гүн ухаантан байсан гэгддэг бөгөөд 1844-1932 оны хооронд амьдарч “Нууцаас нууц, Далдаас далдын, Шулуун журамт судар” хэмээх морийг шинжин засах тухай алдарт судраа зохиосон юм. Түүний их үйл хэргийг мөнхжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний бага хурал 2010 онд төрийн ордноо болж байсан бол хоёр дахь нь энэ сарын сүүлээр төрөлх нутагт нь  зохион байгуулагдахаар төлөвлөгдөж байна. Энэ удаагийн хурал өмнөхөөсөө цар хүрээний хувьд илүү өргөн хүрээтэй байна хэмээн зохион байгуулагчид ярина билээ. Бид энэхүү эрдэм шинжилгээний бага хурлын талаарх мэдээллийг цаг тухайд нь хүргэх болно.
Дашрамд сонирхуулахад Пүрэвжав бэйсийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөөг 2010 онд бүтээн Хэрлэн сумын цэцэрлэгт хүрээлэнд байрлуулсан бөгөөд хөшөөний байрлалыг солих эсэх талаар яригдаж буй аж.

А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна