“Есүнхэй мэргэн” холбооны Ерөнхийлөгч сонгогдлоо

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 05 -нд

Монголын үндэсний сурын харвааны “Есүнхэй мэргэн” холбооны удирдах зөвлөл хуралдаж Монгол улсын үндэсний сурын харвааны хүндэт мэргэн, спортын мастер Д. Ренчинхандыг холбооныхоо Ерөнхийлөгчөөр сонголоо. Одоогоос  9 жилийн өмнө үндэсний сурын харвааны спортын дэд мастер В. Сумъяасүхийн санаачлагаар Эрдэнэт хотноо ‘’Есүнхэй 335’’ харвааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг явуулснаар холбооны эхлэл тавигдсан гэдэг. Түүнээс хойш 2005, 2007, 2008, 2010, 2012 онуудад Эрдэнэт хотноо ‘’Есүнхэй 335’’ харвуул наадмын улсын аварга шалгаруулах харвааг амжилттай зохион байгуулж явуулж иржээ. Холбоо 2011 оны дөрөвдүгээр сард Улаанбаатар хотод хуралдаж Холбооны хүндэт Ерөнхийлөгчөөр В.Сумъяасүх, холбооны тэргүүнээр Б. Ёндон, дэд тэргүүнээр Д. Эрдэнэзуу, нарийн бичгээр Б. Батмөнхийг сонгож, 9 тэргүүлэгч гишүүдтэйгээр ажиллаж  эхэлсэн түүхтэй. Монголын үндэсний сурын харвааг эрийн гурван наадмын нэгэн бүрэлдэхүүн хэсгийн хувьд жинхэнэ утгаар нь хөгжүүлж, Монгол хүний ёс суртахуун, гоо зүй, зан үйлийн өв уламжлалыг хадгалах, эрх зүйн нөхцлийг хангах түгээн дэлгэрүүлэх эрхэм зорилготой тус холбооны шинэ удирдлагууд  олон ажлыг хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэ удаад тэд үндэсний сурын харвааг монголын ард түмэндээ төдийгүй дэлхий нийтэд сурталчилах, үзэгчдэд ойлгомжтой ил тод өрсөлдөөнийг бий болгох мөн эрийн гурван наадмын нэг гэдэг утгаар нь хөгжүүлэх, харваачдаа алдаршуулах таниулах, үнэлэмжмийг нь дээшлүүлэх зорилго тавин ажилдаа оржээ.

А.Мөнх

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна