Амандаа хүрч азаргаа түрүүлгэсэн нь

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 05 -нд

2007 оны 12-р сарын 20-дын орчим Тосонцэнгэл сумын уяачдын холбоо шинэчилсэн зохион байгуултанд орж хурал, шинэ жилээ хийсэн юмдаг. Тэгээд Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр” уяачдын холбооны хуралд явах хүмүүс мөн сумаас явах боллоо. Ингээд сайн дурын өөрийн санаачилгыг үндэслэн Пээнээ ах бид хоёр сумаасаа хамтдаа гарахаар болж нэг төлөөлөгч болох хүн аймгийн төвд байгаа залуу уяач Батмөнхийн Батбаатарыг суулгаарай гээд Лихсо ах захьж хэлэв.
Маргааш нь бид З уулзаад тухайн үеийн Төрийн сангийн дарга байсан Ц.Даваасүрэн нарын зохион байгуулсан уяачдын хурал болон шинэ жилийн хүлээн авалтанд “Жаргалан” зоогийн газарт орлоо. Уяачдыг ч холбооны тэргүүлэгчдийн зүгээс амжилтаа ахиулах тал дээр захьж урамшуулсан үйл ажиллагаа нэлээд үргэлжилж манай уяачид ч татсан ганц нэг хундага хатуухан юмандаа халамцаад ирлээ. Нэг ширээнд суусан Түнэлийн С.Пүрвээ, /Халиун гэдэг Пүрвээ Хавцгайтын Хоохолдойн баярт түрүүлсэн хурдан хар үрээтэйгээ  явж байна гээд Өгөөмөрт байсан манайд ирж цай уугаад, зам заалгаад явсан юм. Дараа жилийн өвөл нь миний цай уусан айлын хүү байна гээд танилцаж  бид нэг ширээнд суусан юмдаг/  Ц.Чинбат нар маань дуу өндөртэйхэн ярьдаг л сэдвээ ярилаа. Тэгтэл тэд маань нэг л илүүрхээд болдоггүй дээ. Тэр илүүрхэх гэдэг нь юу вэ гэхээр Түнэлийн морь, азаргыг манайхнаас илүү л юм яриад болдоггүй дээ. Халуухан л яриа болсон юм. Тэгтэл манай Баадай ах ганцхан зөөлхөн үгийг хэлээд л өндөрлөх юм болцгоолоо. Тэр нь “би азаргаа Түнэлд нэг үзнээ” л гэсэн дээ.
Тэгээд л тэр ярианаас хойш хоёр он гарлаа. Өнтөй сайхан өвөл хаврууд өнгөрлөө. Хүүхдийн гийнгоо цангинаж хүлгийн шандас чангарсан 2009 оны наадмаар Б.Батбаатар уяач хурдан саарал азаргатайгаа Түнэлийн наадамд очжээ. Тосонгийн саарал азарга үнэхээрийн хурдан хурцаа гайхуулан олон хурдан азаргануудыг манлайлан хурсан олныг шуугиулан түрүү магнай  “Түмний эх” -ийг дахин цоллуулжээ. Амандаа хүрч азаргаа түрүүлгэсэн залуу уяачийн эрдэм улам бадрахыг энэ дашрамд хүсэн ерөөе.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна