Сэтгүүлч Л.Цагаандалай: "Дэлхийг тамгалсан Чингэсийн монгол морьд" цуврал баримтат киногоо хийх гэж 10 сар хөдөөгүүр явсан
-Монгол морьдын тухай баримтат кино хийж байгаа. Хэзээ бэлэн болох вэ?
-Би 1996 оноос хойш 17,18 жил МҮОНТ гэх их айлын ачаанаас өөрийн хэмжээгээр таталцаж явна. Энэ хугацаанд хурдан морины уралдаан, бөхийн барилдаан, сур харваа гэхчилэн эрийн гурван наадмынхаа тухай цуврал нэвтрүүлэг олонтаа хийсэн байна. Ингээд л дугуй жигд эргээд, нэг л хурдаар яваа энэ үед би юу хийх ёстой вэ гэж бодсон. Өнөө дэлхийд гайхуулах өв соёлын нэг бол адууны соёл маань юм. Мэдээж хурдан морь уях нь адуу эдлэх соёлын дээд хэлбэр нь. Үүний цаана морь унахаас эхлээд эмээл хазаар, бугуйл гэхчилэн олон зүйл багтаж байгаа. Хэрвээ бидний өвөг дээдэс морь унаагүй бол дэлхийн талыг эзлэх байсан уу үгүй юу. Тэгэхээр энэ тусгаар тогтнол, газар нутаг, эх хэл, үүх түүх, ёс заншил явсаар адуутай холбогддог юм. Бид морин дэлэн дээрээ түүхээ бичсэн ард түмэн. Тухайн үеийн дотоод шаталтын хөдөлгүүр үүсэхээс өмнөх хүн төрөлхтний дээд хурд бол адууны хурд л байлаа шүү дээ. Мэдээж адууг олон газар гэршүүлсэн. Гурав, дөрвөн ч том голомт байдаг тухай эрдэмтэд ярьдаг. Тэдний нэг бол монгол юм. Тийм учраас энэ тухай өгүүлэхээр шийдсэн хэрэг. Цаг нь болсон гэж бодож байгаа. Өнөөдөр хөдөөгийнхөн маань морь малаа унахаа байчихлаа. Хоёр, гурав дахь үеийн суурингийнхан бий болчихлоо. Зарим нь монгол ахуйгаасаа их хол өсөж байна. Энэ мэт бодлоос үүдэн "Дэлхийг тамгал¬сан Чингэсийн монгол морьд" цуврал баримтат киногоо хийхээр шийдсэн юм. Монгол улсын Ардын жүжигчин Жигжидсүрэн гуай зөвлөх найруулагчтай, манай телевизийн найруулагч Сүхбаатар, Д.Ангараг зураглаачийн бүрэлдэхүүнтэй арван тав, зургаан хүн энэ багт ажиллалаа. Одоогоос жилийн өмнө хоёрдугаар сарын 5-нд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнгийн хөдөө арлаасаа эхэлсэн зураг авалт маань оны өмнөхөн дууслаа. Мөн үүний зэрэгцээ мон¬гол морьд болон байгалийн зур¬гийг багтаасан гэрэл зургийн ном гарч байгаа. Долоон сард монголын бүх телевизүүд тоон системд шилжинэ. Тэрийгээ мялаагаад олны хүртээл болгохоор төлөвлөөд ажиллаж байна. Энэ дашрамд “Тод магнай” сэтгүүлээр дамжуулан энэ киног бүтээхэд хамтран ажиллаж, санхүүгийн болоод сэтгэл санаа, зохион байгуулалтын туслалцаа үзүүлсэн бүх хүмүүстээ гүн талархал илэрхийлье. Та бүхнийхээ тус дэмээр бүтсэн гэрэл зургийн альбом, баримтат кино маань мөдхөн олны хүртээл болно гэдгийг дуулгахад таатай байна.
-Энэ баримтат кино хэдэн анги, бүлэгтэй вэ?
-Ерөнхийдөө бид сэдэвчилж төрөлжүүлсэн байдлаар киногоо бүтээж байгаа. Айраг нь нэг анги, эмээл, хазаар тус бүр нь нэг нэг анги ч гэдэг юм уу, нийтдээ 10 гаруй бүлэг кино болох юм. Аль болох л бид нягт нямбай юм хийхийг хичээж байна. Энэ бол бусдаас илүү авьяас чадвартайдаа ч юм уу, хурц мэдрэмжтэйдээ хийж байгаа хэрэг биш. Монгол хүн болж төрөөд энэ цаг үед амьдарч байгаа бол дараагийн хойч үедээ үндэс¬ний зан заншил, уламжлал соёлоо бага боловч таниулах нь бидний үүрэг учраас тэр. Энэ 16 бүлгийн нэг дөрөө гэхэд л олон зүйлийг өгүүлнэ. Дөрөө дөрөөлснөөр монголчууд дээд хурдыг төгс эзэмшсэн. Мэдээж зайдан унасан хүн үсрээд л 30 км явна биз дээ. Гэтэл дөрөөтэй болсноор гадаад далайн эрэгт саадгүй хүрсэн байна. Монголчууд Япон руу морьгүй хүрч ялагдсан түүх бий. Ер нь дөрөөний түүхэн үүрэг дэвшил хувьсал авчирсан. Зөвхөн аян дайны үед ч биш, өртөө улааны анги нь өнөөдрийн цахим шуудангийн эхлэл байсан билээ. Энэ мэт олныг ярьж болох юм. За тэгээд бас нэг ангид хурдан морь үүн дотроо уях, үүлдэр угсаа, түүнийг дагасан соёл гээд хуваагдах юм. Жишээ нь Ховдынхон хотонгийн хошуугаар хусуур хийдэг. Гэтэл Увсын Өндөрхангайд аянганд ниргүүлээд 3 жил болсон хар модоор хусуур хийдэг байх юм. Энэ нь өнөө л нүүдэлчдийн амьдралын хэвшлээс урган гарчээ. Өнөөдөр “Улаан ном”-нд орсон хотон шувуу нь их нууруудын хотгорын нууранд хошуугаа дүрээтэй өнждөг. Тэгэхээр тэр хошуунд шингэсэн кальци, эрдэс бодис, уралдаад ирсэн морины халуун хөлстэй нийлэхээрээ урвалд ордог байж болох юм. Энэ нь өнөө морины хөлсөөр алдагдсан кальцийг нөхдөг байх магадлалтай. Тэрнээс нэгэнтээ зааны соёогоор юм хийж байсан улсууд соёогоо хэрэглэж болох шүү дээ. За бас тамга гэхэд бас их сонирхолтой түүх өгүүлдэг юм. Хэнтийн Биндэрийн овооны Рашаан хадан дээр Х.Пэрэнлэй докторын нээсэн тамганы хөшөө бий. Өнгөрсөн жил гэхэд Улаанбаатар дээд сургуулийн Эрдэнэбаатар докторын ахалсан эрдэм шинжилгээний баг Архангай аймгийн Гол модны хүннүгийн булшийг нээлээ. Тэндээс олдсон шагайн дээр морины тамга байсан. Тэгэхээр өнөө тамганы түүх маань бүүр урагшилчихаж байгаа юм.
-Хагас жилийн хугацаанд хичнээн км замыг туулсан болоо? Аян замынхаа сонин сайхнаас сонирхуулаач?
-Бид адуугаа мэднэ, адууныхаа соёлыг гадарлана л гээд байдаг хэрнээ мэдэхгүй зүйл их байдаг юм байна. Адууны ажил гэж манай монголчууд ярьдаг даа. Адууны хойноос хөөцөлдөөд хоосорсон хүн байдаггүй ч гэдэг. Ер нь адууны ажлаар явахад хаана ч очсон ажил бүтдэг юм. Олон зуун км замыг туулаад, харуй бүрийд хэдийд ч арван тав, зургуулаа хаана ч яваад очсон халуун сэтгэлээр хүлээн авч, тусалж дэмжиж байлаа. Энэ кино нь Цагаандалай гэж хүн санаачилж, хийж байгаа ч Монголын ард түмэн өөрсдөө гол дүр нь байх юм. Энд кино урлагийн юмуу драмын театрын жүжигчин тоглохгүй. Дарьгангын цэнхэр хязгаар, Увс нуур, Тэсийн голын хөвөө, Арын сайхан хангай, Өмнийн цэнхэр говь хаана ч очсон адууны ажлаар явааг минь дуулаад л эрвийх дэрвийхээрээ тусалж байгааг хараад үнэхээр баярласан.
Сая би хэллээ. Бидний мэдэхгүй зүйл их таарлаа гэж. Хүн төрөлхтөн анх олс маалингаар л дөрөө хийж эхэлсэн гэдэг. Өнөө дээсэн дөрөөн дээр дэнжигнэнэ гэдэг үг үүнээс үүдэлтэй болов уу. Харин нийгмийн хөгжлийн явцад өөрчлөгдсөөр өнөө бидний үед ирсэн билээ. Гэтэл тэр даавуун дөрөөний улбаа баруун аймгуудад тэр дундаа Завхан аймгийн Дөрвөлжин суманд байна. Морь унаж сурч байгаа хүүхдэдээ гөлөмтэй тохошийг нь даавуун ууттай хийгээд өгчихсөн байх жишээний. За бас археологийн сонирхолтой олдворуудыг ч үзэж харлаа. Улаанбаатар их сургуулийн Эрдэнэбаатар докторын Хүннүгийн гол модны булшнаас олдсон олдворыг харж байхад янз янзын амгай үе үеэрээ олдсон байна. Гэтэл МЭӨ 3-р зууны үеийн амгайнууд өнөөдрийн сонгомол морин уралдааны хазаарын амгайтай хэлбэр хийц, хэмжээ дамжаа нь ижил байх жишээтэй. Бас олдвороос харж байхад талийгаачдыг эмээл хазаартай морьтой нь мөн мориных нь хударга тоногтой нь оршуулсан атлаа тамгыг нь хийгээгүй байна. Яагаад гэвэл тэр отог омгийн адуу мал нь байна. Үр хүүхэд нь байна. Тэгэхээр яаж тамгаа булахав дээ. Энэ мэт сонирхолтой зүйл олон таарч байлаа.
...Үүлтэй тэнгэрийн доогуур
Үзүүртэй модны дээгүүр гэж үг байдаг даа. Үүнийг бид хөхөө Намжилын жонон хар морь, Болдоггүй бор өвгөний нисдэг бор морины үлгэртэй холбож ойлгодог. Гэтэл амьдрал дээр харахаар дөрөө дөрөөлсөн монгол хүн үүлтэй тэнгэрийн доогуур, бас үзүүртэй модны дээгүүр л яваа биз дээ. Морь унасан монгол хүн дор хаяж хоёр метр хэрд агаар амьсгалж явна. Тэгэхээр тэр тариан талбайд суугаад агаар амьсгалж байгаа тариачнаас өөр байгаа биз. Бидний оюуны потенциаль, эрчим өөр найрлагатай агаар амьсгалж байгаа учраас агуу байгаа юм. Энэ мэт олныг ярьж болно шүү, товчдоо ийм.
-Уран бүтээлийн богц дүүрэн ирсэн байх нь дээ?
-Тийм шүү. Дээрхээс гадна археологийн хүрээлэнгийн Цэвээндорж багшийн ахалсан эрдэмтэд, угсаатны зүйчид, цэргийн түүхчид, Шагдар гуай, Сосорбарам генерал, хурдан морь судлаач Баярмагнай доктор, Бадамсамбуу судлаач, бөөрний Нямсүрэн эмч нарын олон сонирхолтой ярилцлага сонин сайхан сэдвийг хөндсөн байгаа. Энд сонирхуулахад Нямсүрэн эмч залуус ихээр өвчлөх болсон бөөр, ялангуяа түрүү булчирхайн өвчлөлийн шалтгааны талаар ярьсан. Өнөөдөр бид модон эмээлээ тохож, морь унахаа байсан. Энэ нь нэг талаараа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа тухай тэрээр юу гэж өгүүлсэнийг үзэх бизээ.
-Мэдээж шинэ нэвтрүүлгийн санаа олон байгаа болов уу?
-Тэгэлгүй яахав. Манайхан гүйгүүл морь гэж ярьдаг даа. Гэдсэнд ирсэн унага нутгаадаа гүйдэг ч гэдэг. Үүнийг туршилт маягаар үзүүлэхийг хүсч байна. Ухаан нь зүүн хязгаараас баруун хязгаарт нэг морь аваачаад, түүнд юу тохиолдохыг харах юм. Морь гүйгээд явж байхад бариад унадаг хүн байх нь уу, гүйгүүл морь байна гэж мэдэх нь үү, аль эсвэл алдуул морь байна гээд зар өгөх нь үү. Энэ мэт шинэ нэвтрүүлгийн санаа арвин байна. Гэхдээ одоо баримтат кино, альбомоо дуусгах хэрэгтэй байна.
-Сэтгүүлч болно гэдэг таны багын мөрөөдөл байв уу? Ер нь яаж яваад адуутай холбогдчихсон юм бэ?
-Би малчин ардын хүүхэд. Аав маань Монгол улсын аварга малчин хүн. Тийм болохоор малчин болно л гэж боддог байлаа. 1970-аад оны сүүл, наяад оны эхэн үед найм төгсөөд эвлэлийн илгээлтээр хүүхдүүд хөдөө их гарна. Ер нь илгээлтээр гарсан нөхдүүдийг чинь хүмүүс их тооноо. Биднээс мал сурахгүй хэрнээ тэднээс асууна. Тэгсэн тэр жил бодлогоор илгээлтээр хүүхэд гаргаагүй юм. 1978 онд найм төгсөж байгаа хүүхдүүдийг техник мэргэжлийн сургууль, 9-р ангид хуваарилсан. Ингээд миний хөдөө гарах мөрөөдөл талаар боллоо. Би багшийн сургуульд явж, бага ангийн багш болоод хоёр жил хэртэй мэргэжлээрээ ажилласан. Дараа нь цэрэгт явдаг хавраа дахиад малчин болох гэж үзсэн ч болоогүй л дээ. Цэргийн алба, сургууль соёл гэсээр 90-ээд он ч гарч ардчилсан хувьсгалтай золгосон юм. Хүний хувь тавилан гэдэг сонин шүү. Багын л юм бичих их дуртай хүүхэд байж билээ. Ингээд 1991 онд “МОНЦАМЭ” агентлагт ажилд орсон. Хүн хаана ч дуртай ажлаа хийдэгийн нэг жишээ л дээ. Би өөрөө сур харваж, волейвол тоглодог спортын хүн болохоор тэрийгээ бичих их сонирхолтой байсан. Мэдээж мэдээллийн тэр том агентлагт бүх л төрлийн мэдээ бичих шаардлагатай. Тэгтэл яаж ийж байгаад л спортын тэр дундаа үндэсний спортын мэдээгээ биччихнэ. Ингэж л хэвлэл мэдээллийн байгууллагын нэг гишүүн болсон түүхтэй. Энэ сайхан байгууллага, Улаанбаатар хотод учирсан олон сайхан хүмүүсийн тус дэмээр тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл сэтгүүлчдийн тогооноос хоол идэж явна. Түшиж тулж яваа энэ айлын ачааг булингаргүй зөв аятайхан татаж явахсан гэж боддог. Би өөрийгөө сэтгүүлч болсон гэж боддоггүй юм.
-Эх орныхоо үзэсгэлэнт уул ус, үндэсний их өв соёлоо харж байхад өөрийн эрхгүй дуу алдах үе олон гардаг байхаа. Магадгүй тэр бахархал шүлэг тэрлэхэд хүргэж байсан болов уу?
-Тэгэлгүй яахав. Энд нэг түүх сонирхуулахад 1994 онд Ерөнхий сайд Жасрай гуайг хөдөөгүүр явахад сэтгүүлчдийн багт би явсан юм. Өнөө хонгилын үзүүрт гэрэл харагдана гэж байх үе л дээ. Би баруун аймгуудаар анх удаа явж байгаа нь тэр. Увс аймгийн Түргэн сум орохоор явж байхдаа үүлс сүвлэсэн уулсыг хараад сүрдэж билээ. Маргааш өглөө нь Жасрай гуай аймгийн төвийн хөдөлмөрчидтэй уулзалт хийж, бид хөшигний ард хүлээгээд сууж байлаа. Бидэнтэй Б.Догмид ах явсан юм. Тэр үед Увсын театрынхан “Хөх торгон дээл “ жүжгийг нь тавиад удаагүй болохоор Догмид ахыг ирсэнд баяртай байгаа гэж жигтэйхэн. Тэгээд “манай Галдан бошигтын ой болно, дууны шүлэг бичиж өгөөч” гэж байна. Манай Догмид ах шавь нараа хөөргөж, урам өгөх их дуртай хүн л дээ. Тэгсэн манай Цагаандалайгаар бичүүл гээд шууд л тулгачихдаг байгаа. Тэгтэл гэнэт өнөө үүлс сүвлэсэн уулс санаанд орж,
...Үүлс сүвлэсэн хөх уулсынхаа чулуу бүхэнд амь нь шингэж
Үлгэрт ч үгүй хатан зоригоороо цухал орчлонг цочоосон
Их дөрвөн ойрадын ингэн нулимс шиг гуниг
Бодол сэтгэлд уяатай Бошигт хаан мину... гээд дөрвөн мөрт биччихтэл тэр дор нь театрын залуу уран бүтэлээч ая хийж, Жавзмаа гуайг дуудаад дуулуулж үзлээ. Тэгэхэд Жавзаа эгч гавьяат болоогүй байсан л даа. Ингэж л хэдхэн хормын дотор дуутай болчихсон юм даа. Уулзалтын дараа Ерөнхий сайд мэдээд буцаж явахдаа онгоцны vip өрөөнд дуудаад виски задалж баяр хүргэж билээ. Ер нь хэд хэдэн дууны шүлэг, хоёр гурван өгүүллэгтэй. Утгын чимэг уралдаанд “Эрэл”, “Манжуурын толгод” өгүүллэгээрээ хоёр удаа орж байсан. Мөн хөгжмийн зохиолч Түвшинтөртэйгээ хамтран “Монгол уяач” дуугаа хийсэн.
...Алтанхан талдаа эр унага босоо тэнцэнэ
Аавын хүү хүлгийн зоон дээр дэрвэнэ ээ
Цэнгэлийн хөх асар замбитивийн элгэнд дэрвэнэ
Цээжний морьдын эх нь минийх гэж тэмүүлнэ ... гэж дуучин Батболд дуулсан байгаа. Гэхдээ би яруу найрагч биш л дээ. Харин сайн уншигч байгаа юм. Миний нагац ах Монгол улсын гавьяат багш Бадарч гэж хүн бий. Математикийн багш байгаа юм. Тэгсэн намайг тавдугаар ангид орох жил ээж аав маань тоонд гүнзгийрүүлэх гэсэн үү ахынд Эрдэнэ суманд аваачаад өгчихлөө. Тоондоо сайн байсан л даа. Гэхдээ дуртай байгаагүй. Ядаж байхад ах орой болгон тоо бодуулнаа. Ахыг гараад явангуут л “Тунгалаг тамир”-аа л уншина даа. Бүүр цоожлочихсон байхад авдрыг нь араар нь онгойлгож аваад л уншдаг байлаа. Тэр жил гурван удаа уншсан. Энэ хүнийг Эрдэнэ гэдэг гээд цээжилчихсэн авч өгнө шүү дээ.
-Багадаа хэр сайн унаач байсан бэ?
-Би ч дунд зэргийн л унаач явлаа. Багадаа мяриалаг хүүхэд байсан болохоор дөрөвдүгээр анги гээд л мориноос хасагдсан. Гэхдээ дүү нар залгаад унадаг байсан л даа. Манай говьд чинь жил бүр наадамлахгүй. Зарим жил гантай бол өнжинө. Манайх тэмээтэй айл. Тухайн үед жил бүрийн долоон сарын 8-9 өдрүүдэд эдийн засгийн харилцан туслалцах зөвлөлийн орнуудын малыг эрүүлжүүлэх том төсөл хэрэгждэг байлаа. Энд тэмээгээ шинжилгээнд оруулах ёстой болохоор манайх хоёр, гурван ч удаа морь уяж байгаад тавьчихаж билээ. Ингэж би гурван удаа л наадмын морь унасан юм. Бусдад нь аавынхаа туслах уяачийн ажлыг хийнэ шүү дээ. Анх зургаадугаар ангидаа морь уяж уралдуулж байлаа.
-Тийм үү, бяцхан уяач ямар амжилт гаргасан болоо?
-Санаандгүй байдлаар морь уях завшаан тохиосон юм. Тэр үед аав маань хэд хоног сум руу эмчилгээ хийлгэхээр явсан юм. Морь уях болчихдог аав ирдэггүй. Тэгж байтал замын хүнээр “хүрэн морио барьчих, шарга морио өөрөө мэднэ биз” гэж хэлүүлж, бөөн баяр болно биз дээ. Манай нутгийн сайн уяач Чулуун гэж хурдан морьтой сайн уяач ойрхон байлаа. Хүүхэд юугаа мэдэх вэ өвгөнийг дагаад л уяагаа тааруулна. Хөгшчүүд “хүүхдүүд азтай юм. Энэ хоёр морь их зөв онгойчихлоо” гээд л ярьж байсан санагдана. Тэгээд сумд хоёр насны морь маань хоёулаа айрагдсан. Аз гэх үү дээ. Морьд ч сайн байсан.
-Түүнээс хойш олон наадамд морь тань айрагдаж, түрүүлэв үү?
-Нэгдлийн малтай айлуудад зовлон их. Айлын том хүүд арын алба ихтэй. Олон ч наадмаар гэр сахисан даа. Гэхдээ нэг сайхан дурсамж бий. Энэ дурсамжаа санахаар хүмүүст “Ээжийнхээ үгэнд орж байгаарай” гэж хэлэх дуртай. 1981 оны наадам их өнөр болсон. Ардын хувьсгалын 60 жилийн ой шүү дээ. Би багшийн сургуулийн гуравдугаар курсийн оюутан. Амралтаараа наадам үзнэ гээд нэг л том амьтан. Тэгсэн аав “Ээжийг чинь нэг наадам үзүүлье. Энэ олон нэгдлийн малыг яах вэ, миний хүү л үлд” гээд төлөвлөгөө нурчихдаг байгаа. Тэгэхэд би их дургүй үлдэж билээ. Тэгэхэд ээж “Миний хүү олон наадам үзнэ шүү дээ. Ээж нь хэдий олон наадам үзээ аж” гэхэд наадам үүгээр дуусч байгаа юм шиг санаж байлаа. Тэр жилийн улсын наадмыг радиогоор сонссон. Тэгтэл Улаанбаатарын партизаны Түвдэнгийн алаг морь түрүүллээ. Соёолон насанд ахиад л нөгөө хүний морь түрүүлчихлээ. Маргааш нь хязаалан нас сонсож байтал бас л нөгөө хүний морь түрүүлчихсэн. Тэгэхэд нэг хүн ийм том наадмын гурван түрүүг авсан нь үнэхээр сонин, бас сайхан байлаа. Сүүлд талийгаач Түвдэн ах бид хоёр сайн найз, ах дүү болсон. Би тухайн үед ээжийнхээ үгийг сонсоогүй наадамд явчихсан бол яах байсан бол. Хүний эх гэдэг хэзээ ч үнэн үг хэлдэг юм байна. Өнөөдөр Л.Цагаандалай шиг уралдааныг хамгийн ойроос харж, бичиж, сурвалжилж байгаа хүн алга. Тиймээс хүмүүст ээжийнхээ үгэнд орж байгаарай гэж хэлэх дуртай.
-Могой жил гарсаар морьдоо уралдуулав уу?
-Одоо дүү нар, тэдний хүүхдүүд морь уяж байна. Миний зээ дүү Идэрбаяр зүүн бүсийн уралдаанд хурдан буурал үрээгээ түрүүлгэсэн. Ноднин улсын наадмаар мордуулах бодолтой байсан ч хөл нь эвгүйтээд буцсан. Өнөө өвөл тэжээгээд хоёр түрүү, нэг аман хүзүүтэй. Миний адууны ажлыг хийж байгаа гол хүн дээ. Адууны маань нэг хэсэг Дорноговьд, хэсэг нь Одгэрэл Манлайн “Унаган хурд” гал дээр маань байгаа.
-Өөрийнхөө морийг мордуулчихаад тайлбарлаж байхад юу бодогддог болоо?
-Сонин л юм билээ. Манай хонгор азарга Төрийнхөө их баяр наадамд соёолондоо 15-аар, хязааландаа 19-р, ноднин 20 гаргаад ирсэн. Ноднин тархины тав, зургаан азарганы ард дээр нэлээн явсан л даа. Тэр үед Цагаандалайн Амарбаясгалан гээд хүүгийнхээ нэрээр л тайлбарласан. Би чинь ажлаа хийгээд яваа хүн шүү дээ. Мэдээж нэг л өдөр тархинд гарч намайг баярлуулах бизээ. Тэр өдөр уучлаарай миний морио гэж хэлэхээс өөр аргагүй болох байх л даа. Гэхдээ хүмүүс хэзээний мэдчихсэн л байдаг юм.
-Наадам ойртоод ирэхийн үест хэр догдолдог вэ?
-Хүмүүс уралдах гэж байгаа морь шигээ догдолдог уу гэж их асуудаг юм. Үнэндээ телевиз бол техникийн хараат зүйл. Тийм болохоор тэр өдөр техник сайн байж, алдаа гаргахгүй байгаасай гэж залбирдаг. Мэдээж морь хүүхэд эсэн мэнд наадаасай гэж хүснэ. Төрийнхөө их баяр наадмыг алс хөдөө нутагт чих тавин чагнан суугаа тэр л өвгөнд бид дуу дүрсний саадгүй дамжуулах ёстой шүү дээ. Нэг талдаа спортын уралдаан тэмцээн үзүүлж байгаа хэрэг. Нөгөө талдаа түүхийг бичилцэж байгаадаа би баярлаж явдаг. Энд нэг сонирхолтой түүх ярихад 2002 онд хоёр шарга ид гарч байсан үе. Соёолонгийн уралдаанд том шарга Айдасын даваа даваад хар зам хөндлөн огтлоод зүүн доогуур өгсөөд давхилаа. Яг тэр үед манай машин унтарчихдаг байгаа. Тэрхэн хооронд элдвийн юм л бодогдсон. Сандрахдаа “балбаад байгаарай” гээд л байлаа. Тэгтэл машин ч асч, бид хурдан шаргын хадууран байж түрүүлсэн дүрсийг хальснаа буулгасан юм. Тэр үед би санаандгүй “ ээ төрийн минь сүлд өршөөх болтугай, хадуурчихлаа” гэж дуу алдсан. Дараа нь сонсохнээ энэ үг наадамчин олонд их хүрсэн байдаг юм. Яг л монгол хүн тайлбарлаж байх чинь ээ гэж хүмүүс ярьсан гэсэн. Олон ч хүн наадмын хурдан морины тайлбар сайхан байлаа гэж баяр хүргэсэн. Гэхдээ энэ бүхэн ганцхан Цагаандалайн ажил биш юм. Чадварлаг хамт олон гар нэгдэн ажиллаж чаддаг болохоор тэр. Үүгээрээ ч би их бахархдаг.
-Одоо шавьтай болж байна уу?
-Нэг хүүхэд “яавал тан шиг болох вэ” гэж асууж байна лээ. Хүн болгон Цагаандалай шиг байх албагүй шүү дээ. Манай үндэсний телевизийн спортын Батжаргал, Отгонжаргал нар намайг багшаа л гэдэг юм. Олон ч хүүхэд дадлага хийж ирдэг. Хурдан морины уралдаан тайлбарлаж байгаа хүүхдүүдэд би нэг л зүйл хэлдэг. Морь сайн таних нэг хэрэг. Гол нь тухайн морины эзэн, эрхэлдэг бизнесээс гадна уралдааны үйл явц, морины уяа, унаж хурдлуулж буй хүүхэд гээд л уралдааны тухай ямар ч ойлголтгүй хүнд ойлгогдохоор тайлбарлаж, хаана юуг яаж хэлэх үү гэдгээ мэдэрдэг байх ёстой юм. Энд л нөгөө сэтгүүлийн ажлын онцлог гарах ёстой юм шүү дээ. Бөх гэхэд мэддэг хүмүүс тайлбарлаад л байна. Гэхдээ Чанрав гуай шиг орчныг мэдэрч тайлбарладаг хүн одоо ч гараагүй л байна.
-Та сур харваж, морь уядаг хүн. Магадгүй бөх барилдах тухай бодож байв уу?
-Барилдаж үзээгүй хүүхэд гэж юу байхав. Багадаа дээлээ уралцан барилдаж өслөө. Үүнээс хожмоо оюутан байхдаа Булган аймгийн Дашинчилэн суманд зуны ажлаар явсан юм. Тэр үед сумын наадам болж таараад зодоглож билээ. Тоо гүйцээх гээд биднийг оруулчихсан хэрэг. Ингээд нэгийн даваанд ангийнхаа, хоёрын даваан политехникийн их сургуулийн оюутныг даваад 10 төгрөг, 2-ын бедоноор шагнуулж явлаа. Гурвын даваанд улсын наадамд хоёр, гурван удаа дөрөв давсан, аймгийн Арслан хар Нансал гэж хүн амлаж унасан л даа. Одоо энэ тухайгаа Булганы Дашинчилэн сумын Галдандагва начин, Амгаа зааны нутагт хоёр давж явлаа гэхээр зарим нь үнэмшдэггүй юм. Сүүлд Чанрав гуайн дэргэд олон жил редактороор нь ажиллаж байсны хувьд бөхийн тухай бол мэднээ. Гэхдээ Чанрав гуай шиг урьдчилж мэднэ гэж юу байхав, гүйцэхгүй л дээ.
-“Адуучин” нэвтрүүлэг олны танил болоод 10 жил өнгөрчээ? 21 аймгаараа бүгдээр нь орсон байна уу?
-Баян-Өлгий аймагт л очиж амжаагүй байна. Баян-Өлгийнхөн цалмандаа сайн улс шүү дээ. Бид бугуйлыг цалам гэж яръя гээд байгаа. Тэгж байгаад хасагийн зоригтой залуусыг нэг үзүүлнээ. Үүнээс бусад бүх аймагтаа очиж, 200 гаруй нэвтрүүлэг хийсэн байна. Нэг дугаарт 20-иод хүн ордог гэхээр 4000 гаруй залуус авхаалж самбаагаа сорьжээ. Арваад жилийн өмнөхтэй харьцуулахад хөдөөгийнхөн адуутайгаа байнга харьцахаа больсон нь харамсал төрүүлж байна. Өнөө л мотоциклио унаад, адуугаа эдлэхээ байсан нь жил ирэх тусам анзаарагдах юм. Тиймдээ ч би хэлдэг юм. Гурав, дөрвөн дипломтой хотын эрдэмтэн ирээд та нарын хийж байгааг чадахгүй шүү дээ. Харин хөдөөгийн залуус та нар хотод очоод зургаан сар курсэд сурахад хэлтэй, компьютерийн мэдлэгтэй болчихно. Та нар бол нүүдэлчдийн өндөр боловсролтой улс гэж байнга л үглэдэг болсон доо.
-Их ажлынхаа хажуугаар зав гарган сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа.
П.Ундраа
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
66.181.190.35
ЦД МИНЬ ЭЭ!!!!!Архинд хэт донтох болсноо мэддэг болоосой
Reply