Аварга хээрийн алдар

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 04 -нд

 Аварга хээр гэхээр  алийг нь хэлж байгаа юм бол гэж та гайхаж магадгүй байхаа. Арга ч үгүй дээ  Ахай засгийн  “аварга” хээрүүд олон юм болсон хойно .Тэгвэл энд өгүүлэх “Аварга” хээр бол Хөвсгөл аймгийн  Тосонцэнгэл сумын IY багийн уяач Д.Баасанжавын  хурдан хээр азарганы алдар, амжилтын  тухай цухасхан өгүүлэх гэсэн юм.
Хурдан морины уяа жигдэрч, хүүхдийн гийнгоо цангинасан 1994 оны зун Тосонцэнгэлчүүд сум байгуулагдсаны түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэх гээд хөлтэй байсан үе. Нутгийн уяачид   өвгөдөөс уламжлагдан ирсэн нутаг усандаа гол голоороо нийлэн хурдан хүлэг морьдоо тарлан, сунгаж  эхэлсэн байлаа. Хаанахын сунгаанд хэний ямар адуу аль насанд өнгөлж байна гэдгийг уяач, хурдан  морь сонирхогчид амнаас ам дамжуулан хэлэлцэнэ. Тэр үед Тахилтын сунгаанд Монхооны хээр хязаалан тун ч тасархай байна гэсэн яриа үе үехэн чих дэлсч байлаа. Наадам боллоо. Хязаалан насны морьдын уралдаанд дэлтэй хээр азарган үрээ саахалтын зайтай түрүүлж унасан хүүхэд, уясан эзнээ баясгасан нь Монхоон хээр хэмээх хурдан буяны амжилтын эхлэл байжээ.
2004 оны 07- сарын 11 нд Тосончууд сумынхаа 80 жилийн ойг  тэмдэглэж адуун сүргийн манлай худан азаргаа гарааны зүг мордуулжээ. Наадамчин олон худан азарга хүлээх зуур хэний ямар хүлэг ямар өнгөтэй гарсаныг санацгаан таавар мэт ярилцан сууцгаана. Хур дэлээ намируулан хийсгэсэн хээр азарга хол тасархай түрүүлэн барианд орлоо. Наадамчид Монхоон хээр ,Монхоон хээр гэлцэн хошуурч байлаа. IY багийн уяач Д.Баасанжав /Монхоо/ төрөлх сумынхаа 80 жилийн ойн азарганы түрүүг өөрийн унаган хээр азаргаараа авлаа.
10 жилийн дараа сумын түүхэн ой тохиоход түрүүлсэн хээрийг ард түмэн “ Аварга хээр” хэмээн өргөмжилсөн юм. Аварга хээрийн амжилт ч тэр бүр адуу, уяач хоёрт ховорхон тохиох аз. Энэ 10 жилийн хооронд хээр азарга том жижиг олон наадамд айраг түрүү аман хүзүүлж тод магнай торгон жолоо өргүүлж нутгийн олныхоо хүндэтгэлийг хүлээж байсан хурдан буян юм.   

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна