Хар моринд ээлтэй хангай

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 03 -нд

Тосонцэнгэл сумын Гандан даржаалин хийдийн гол шүтээн болох “Хар морьт сахиус” энэ нутгийн томоохон наадамд хар бараан зүсмийн адуунд илүү ээлтэй байна уу даа гэсэн яриа манай уяачдын  дотор байдаг. Учир нь сумын наадамд 1990-ээд оны дунд үеэс өнөөг хүртэл уяач Ц.Няммөнхийн “Аварга” халтар морь 4 түрүүлж 3 айрагдсан, уяач Батлутын хар морь мөн 4 түрүүлсэн, уяач Э.Эрдэнэбаатарын хар морь 1 түрүү, 2 аман хүзүү, залуу уяач Г.Батзоригийн хар морь З удаа аман хүзүүдэж, нэг удаа айрагдсанаас үзэхэд эрхгүй л тэгж бодогдоно. Тэр дундаас хар зүсмийн морины хурд, бяр илүүтэй оргилсон зөвхөн нэгэн  жишээг та бүхэнд дуулгая.
2008 оны зун  овоо тахилга, ураг төрлийн, аймаг, сумын  гээд хүлгийн шандас уяачийн эрдэм сорьсон шил шилээ дарсан олон наадамтай нар хур тэгширсэн сайхан жил болсон юм. Билгийн улирлын XVII жарны цагаагчин хулгана жилийн намрын тэргүүн сарын шинийн 3-ны билэгт сайн өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын III багийн малчин Сандагаа хэмээх буянтай буурлын үр сад, ах дүү мянгат малчид “Малын хишиг баяр”-ыг төрөлх сумынхаа нутаг Хавцгайтын голд тэмдэглэсэн юм.
Уг наадамд хурдан их насны  морьд, даага  уралдаж уул ус, лус савдгаа баясгалаа. Бичигч би энэ наадмын их насны морьдын уралдааныг гарааны газраас эхлэн даган баясаж алтан туурт хүлэг морьдын хурдаар бахархаж монгол хүний хийморь сэргээн явсаныг сийрүүлье.
Наадмын их насны морьдын уралдаанд 100 шахам морьд мордсоны дотор “Хотгойдын хурд- I” уралдааны айргийн гурав, “Дархадын хурд-2008” уралдааны түрүү Төмөрбулаг сумын уяач С.Лэгшигдоржийн хонгор морь, Монгол улсын Алдарт уяач Г.Намсрайдоржийн хул, халиун морь, Түнэл сумын  “сахалт” Түвшингийн саарал зэрэг Хөвсгөл аймагтаа төдийгүй сум орон нутагтаа  нэрд гарсан олон “түмэн эх”-үүд,  довтой хурднууд ирсэн нь тус уралдааны чансааг илтгэнэ. Морь ч  сайхан эргээд газрын талд ортол явахад бид хэний хэн гэдэг уяачийн уясан ямар хүлэг өнгөлж явааг харах гэж дор бүрнээ л өндөлзөнө. Тэгтэл Алдарт уяач Г.Намсрайдорж гуайн хул, халиун морьд, Төмөрбулаг сумын уяаны сайхан улаан морь гээд гурван морь зуузай холбон уралдааныг хөтөлж явлаа. Мэдээж бид энэ наадмын дэвжээ Тосон нутгийнх учир нутгийн нэртэй хурднуудыг таних гэж ядан байтал арав орчмоос цэнхэр нөмрөгтэй хүүхэд унасан шумбан урагшилж яваа хар морины давхил, уясан эзэн, уугуул нутгийг нь төвөггүй танилаа. Энэ бол тус сумын 3-р багийн уяач Э.Эрдэнэбаатарын “Дурангийн хар” гэж алдаршсан хурдан морь мөн байлаа. Сурсан газрынхаа энгээр “Дурангийн хар” сайхан зүтгээд эхний морьдтой холбоод авлаа. Хөтөлж явсан гурвын нэг нь үлдээд “Дурангийн хар”  эхний хоёр морьтой  бас л гурвуулаа болоод холхон тасарч уралдлаа. Хар морины хүүхэд нэг биш удаа дайруулж үзлээ. Алдарт уяачийн хул морь, Төмөрбулагийн уяаны улаан морины хүүхдүүд нь шавдуулаад “Дурангийн хар”-аас салгаад байв. Барианы газар харагдаж 3 морь ч тун ойрхон очлоо, гэхдээ “Дурангийн хар” ард нь шүү… Наадамчин олны уухайнаар хар морины хүү дайрууллаа… энэ удаад “Дурангийн хар” маань гараад явчихлаа. Ингэж хүлгийн шандас сорьсон уралдаанд Тосонгийн “Дурангийн хар”  тод магнай торгон жолоо өргүүлж Хавцгайт хангай хар морины өнгийг ийнхүү хоёр дахь удаагаа таалсан нь энэ байлаа. Хурсан олон хар морины хурдыг шагшин бахдаж нутгийн уул ус нь даган баясаж байх шиг. Аман хүзүүнд Монгол улсын Алдарт уяач Г.Намсрайдорж гуайн хул морь, айргийн гурваар Төмөрбулаг чигийн улаан морь ,айргийн дөрвөөр мөн Алдарт уяачийн халиун, айргийн таваар Түнэлийн Г.Цогт-Эрдэнийн хүрэн морь тус  тус давхисан юм.
Үүний өмнө нь 2006 оны 8-р сарын эхээр Хавцгайтын голд “Хоохолдой” хэмээх ургийнхны томоохон наадамд “Дурангийн хар” мөн л түрүүлж байсныг үзэхэд Хавцгайт хангай хар морины өнгө, хурдыг таалж байна уу даа гэж уншигч танд эрхгүй бодогдох байхаа .“Дурангийн хар”-ын зарим амжилтуудыг дурдвал 2001 онд Хөвсгөл аймгийн 70 жилийн ойн их баяр наадамд айргийн тавд, Тосонцэнгэл сумандаа 1 түрүүлж, 2 аман хүзүүлж хэд хэдэн удаа айрагдсан, түүнчлэн аймаг сум орон нутгийн чанартай олон наадмуудад түрүүлж айрагдсан хүлэг юм. /Жич зураг дээр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 3-р багийн уяач Э.Эрдэнэбаатарын “Дурангийн хар” морь, 2011 он Түнэл сум, Баян-Эрхтийн овооны наадамд мордох гэж байгаа нь/

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

5 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.