Хариугаа авсан нь

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 02 -нд

1970-аад оны үед Хөвсгөл аймагт ид хурдалж байсан Түнэл сумын нэрт уяач Пунцагаан хурдан буурал морьтойгоо /Энэ морь Хөвсгөл аймгийн наадамд 4 түрүүлж, аймаг сумын наадмуудад 10 гаруй айрагдсан хурдан хүлэг байжээ/ Тосонцэнгэл сумын наадамд иржээ. Тосончууд их насны мориныхоо түрүүг Пунцагаан бууралд алдахгүй бас их морь сайнтай гэдгээ зэргэлдээ сумдуудадаа харуулах гэж хичээж байсан нь мэдээж биз.
Тэр үед Тосонцэнгэлийн Цавгаан борлог /жинхэнэ нэр нь Пунсанцогвоо/ гэж морь бас л ид хурдалж байжээ. Наадмын өглөө их морь мордсон үеэс л борлог морь хөөрч дэвхэрч дүүлээд гарааны газар хүрэхэд унасан хүүхдээ нэлээд сандаргаж хүрчээ. Хүү ч “за чамайг эргүүлээд авбал хариугаа нэг сайн авъя”  гэж бодож. Морь газартаа хүрээд эргэнгүүт борлог морь тасраад зугтчихаж, хүү ч амыг нь зуулгаж дарсангүй тэр чигээр нь явуулж өгчээ.Учир нь хариугаа авч байгаа нь тэр. Борлог морь барианы үзүүр дээр ирэн иртэл ганцаараа явсаар барианы аман дээр ирж цуцаад Пунцагаан алдарт бууралд гүйцэгджээ. Ямартаа л нутгийнхан уг нь унасан хүүхэд нь борлог мориноос “хариугаа”  авалгүй тооцож уралдсан бол Цавгаа гуайн борлог түрүүлж Пунцагаан буурлыг ид байх үед нь аман хүзүүнд оруулчих байсан гэж өдгөө ч ярьцгаадаг юм.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна