Балчирдсан нь

А.Тэлмэн
2013 оны 4-р сарын 01 -нд

1993 оны Тосонгийн наадмаар тус сумын 2-р багийн харьяат “аймгийн Аварга“ уяач Д.Ням-Очир агсан /Халзай/ хурдан халтар морьтойгоо орж иржээ. Халтар морь тухайн үедээ сумандаа нэрд гарчихсан ялангуяа гарааны хурд ихтэй гэдгийг нь морь сонирхогч, уяачид андахгүй болсон үе юм. Харин унаач хүүхдээр уяач маань хурдны морь анх унаж байгаа өөрийн хүүгээ мордуулжээ. Хүүгийн хувьд моринд шалмаг зоригтой авч дэндүү жижигхэн биетэй байсан гэлцдэг. /6 настай байсан/
Морь сайхан цэгцтэй газартаа хүрээд эргэж … Халтар морь ч сул юм шиг л тасраад гараад явчихаж. Хүүхэд хөнгөн, ам сул Тосонгийн хөндий өөд ёстой нэг цойлуулж өгч. Араас нь гарсан морьд “Бөмбөн” толгойн шилээр гараад ирэхэд халтар морь “Тариа” бригадын хөндлөн зам өнгөрч явсан гэлцдэг. Багцаагаар 2км орчим тасарсан юм шиг байгаа юм. Халтар морь яван явсаар барианы газар бараг л иржээ. Гэвч нэлээд цуцаатай, дараагийн морьд тун ойрхон, барианд ороход халтар морь айргийн таваар жолоо атгуулжээ. Учир нь унасан хүү нь зуулгаж даруулах нь бүү хэл гарааны салхинд багтарчихаж, мориныхоо шанхнаас зуураад л явуулж  өгч.
Анхны жилээ хурдны морь унаад айргийн таваар алтан жолоо өргүүлсэн балчир хүүгийн зол зориг, халтар морины хурдан хурцыг магтсан нэгэн сайхан хууч уяан дээрх олны наадмын сонинд яригдсаар байдаг билээ
Дашрамд илүүц болгон нуршихад тэр жилийн наадамд Монхор дарга гэгч хүний “Даргын улаан” гэж алдаршсан морь түрүүлсэн юм. Энэ морийг Санжгарваа гэдэг хүн уяж байсан ба 1992,1994 онуудад айрагдаж өгүүлэн буй жилийн наадамд түрүүлж “тод магнай” болжээ.

Дээр нэр дурдсан нэрт уяачид болох Д.Ням-очир агсан ,Шаравдорж агсан нартай  манайхан олон жил айл аймаг зусаж, хурдны морьдоо Өгөөмөр, Өсрөгийн сэрүүн дэнжид уяж, Халиут, Хагийнхаа цээлхэн хөндийд үсэргээ сунгаагаа хийж олон наадамд хамтдаа явцгааж байсан билээ. Энэхүү уяач нар маань тэнгэрийн орноо одсон ч тэдний үр сад нь удамт хурдан хүлэг морьдоо уяа сойлгыг нь эвлүүлж сум орон нутагтаа айраг түрүү авч эцэг өвгөдийнхөө нандин хөдөлмөрийг үе залгамжлан үргэлжлүүлсээр байгаа нь нутаг усныхаа олны итгэлийг дааж явна. Мөн эдгээр хууч яриаг тухайн үеийн унаач хүүхдүүдээс нь  сонсож байснаа бичигч энд сийрүүлэв.

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна