Азарганы давхил таасан нь

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 26 -нд

Ардын хувьсгалын 87 жилийн ойн их баяр наадамд Тосонцэнгэл суманд түрүүлж айрагдсан хурдан азарганууд Зураг дээр С.Алтанбаярын халтар, Л.Эрдэнэбилэгийн саарал,Ч.Дашнямын алаг,Х.Цэрэндоржийн хээр, З.Нямринчингийн саарал Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын II багийн уяач С.Алтанбаяр  2007 оны сумынхаа наадам буюу Ардын хувьсгалын 86 жилийн ойд хавчиг халтар азаргатайгаа орсон байж. Халтар азарганы хувьд бага дөрвөн насандаа уягдаж байсан ч дааган насандаа зургаад давхиснаас хойш төдийлөн айрагдаж амжаагүй байсан үе юмсанж. Наадмын урд өдөр уяан дээрээ байж байтал цагтаа алдарт хурдан борлогийн хур сүүлийг шууж явсан Баярдалай/Жүүс гэх нэрээр олондоо танил болсон/ уяа морьдийг нь шинжиж сонирхсон байна. Тэгээд уяа морьдийг харж байгаад хавчиг халтар азаргыг ихэд онцлон “халтар азарга маргааш шөвгөрхөөр байна” гэжээ. Тэгэхээр нь азарганы эзэн “за яаж байна” гэжээ. Тэгтэл Жүүс ах  “За тэгвэл ялаархаж байгааг нь та нар хар даа, морь мориноос өөр толгойгоо нар зөв тойруулан хаялаж ялаархаж байгаа биз дээ, ингэсэн адуу ч айраг уулгадаг юм даа ” гэж айлдсан гэдэг.
 Харин маргаашын үд гэхэд Жүүсийн тааврын хариу тайлагдаж залуу уяач С.Алтанбаярын хавчиг халтар азарга айргийн дөрөвт алтан жолоо атгуулж унасан хүү уясан эзнээ баярлуулжээ. Тэр наадмаас хойш халтар азарга нас нийлсэн жилээ буюу АХ-ын 87 жилийн баяр наадамд түрүүлж түүний дараа АХ-ын 88 жилд IY багийн уяач Ч.Дашнямын хурдан алаг азаргатай түрүү булаалдан  аман хүзүүлж, АХ-ын 89 жилийн ойн их баяр наадамд I багийн залуу уяач Ц.Сэдэдийн идэрхэн улаан азаргатай түрүү булаалдан түрүүлж дахин “Түмний эх” болоод байгаа энэ цагийн Тосонцэнгэл сумын наадмын магнай хурдан азаргануудын нэг болсон  юмаа.
 Дашрамд илүүц болон дурдахад Жүүс ах жил бүрийн наадмаар халтар азарганы хишиг, баярын юмыг азарганы уралдааны дараа бүрт  хүртсээр байдаг гэнэ лээ шүү. Азарганы давхилыг анхлан тааж хэлсэн амандаа шар тостой ах  нь гээд л ....

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна