Хаширласан нь

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 21 -нд

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл  сумын 2-р багийн залуу уяач Т.Нацагдорж 2000 оны АХ-ын 79 жилийн ойн наадамд хурдан хүлэг морьдоо Өгөөмөрийн сэрүүн дэнж, Халиутын тавиухан хөндийд  засан сойжээ. Морьдийнх нь уяа сайхан эвлэж түүн дотроос хүрэн морь жил жилийнхээсээ илүү хурд орсон байлаа.Сумын наадмын урд орой морины идэш хараад хүрэн морио хөтөлж явтал хамт явсан нөхөр уяач/Өндөр Шаравдорж агсан/ “энэ маань нэг л өөр болоод явчлаа тас цохичих юм  биш байгаа даа” гэхээр нь ажсан нээрээ хүрэн морь сайхан өнгө ороод солонгорч байлаа.
Маргааш нь их насны морь сайхан сайхан уралдлаа. Морь эргээд газрын тал дунд ороход хүрэн морь 5 дотор гараад ирж, бариа 4 км орчим дутуу байхад 2 руу орчихлоо. Түрүү морь ихээ хол зайтай арын морь  нь “Аварга” халтар/Тосонцэнгэл сумын 1-р багийн уяач Ц.Няммөнхийн  “Аварга халтар” морь сумынхаа наадамд 4 түрүүлж 3 айрагдсан /шил даран нэхэж явлаа. Барианд ирэхэд наадамчин олны чимээгээр хүрэн морины хүү морио зүтгүүлээд үзлээ. Хүрэн морь ч яахын туханд хүрэлгүй түрүү морийг барьж аваад буруу талаар нь дайраад орчихлоо.
Тэгэхэд жаахан холоос явуулж болоогүй юм уу ? гэж унаач хүүгээс нь хожим нь тодруулахад “ Би түрүү морийг гүйцэх нь өнгөрлөө, ингэж эвтэйхэн явж байгаад “Аваргын” урд орж мөнгөн медаль авахаа бодсон юм,хол тасарсан морийг хөөж байгаад морио цуцаачих юм бол “Аварга”-д гүйцэгдэж хүрэл медаль авах болно.Хүрлээс мөнгө нь гоё . миний морь тэр жил хол түрүүлэх бүрэн боломж байсан юм.Би жаахан хаширласанаас л …Гэхдээ хүрэн морь минь “Дайрч ирсэн даян хүлэг”  гэсэн  бадрангуй сайхан цол чимэг авч байлаа……..гэж байлаа

"Дэлтэй цэнхэр" МСУХ-ны ажлын албаны дарга Т.Наранхүү

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна