МУ-ын Манлай уяач Г.Батчулуун:Уяач хүн мэднэ гэж байхгүй, мэдрэх л хэрэгтэй
Дундговь аймгийн Дэрэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Гүрбазарын Батчулуун гэж хээгүй гүдэсхэн жинхэнэ монгол эр бий. Аливаад хугарч нугараад байдаггүй хэзээд ч нэг л зангаараа налайж суудаг түүний талаар муу үг унагаж, таагүй бодол тээж явдаг нэгэнтэй өдий хүртэл таараагүйг бодоход миний дээрх бодол олны санаатай нийлдгийнх бизээ. 1994 оны улсын баяр наадмаар хээр халзан морио түрүүлгэж, дараа жил нь зээрд халзан, хээр халзан хоёр морио түрүү, аман хүзүүнд хурдлуулан халх даяар шуугиулж явсан энэ хийморилог эрхэмтэй хууч дэлгэн хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Могой жилийн хаврын уралдаанууд эхэлчихлээ. Манлайн уяа эвлэг, морь хурдан уу?
-Аятай сайхан байна. Цаг наашилж, түүнийгээ дагаад хаа сайгүй л уралдаж байх шиг байна. Би бусдын жишгээр хэдэн адуу уясан. Түүндээ ажил хийгээд л байж байна. Адууныхаа тарга хүчээс хамаараад түрүүчийг арваннэгдүгээр сард оруулж ирсэн. Одоогоор хүний өөрийн нийлсэн 20-иод морь уягдаж байна.
-Таныг битүү морины уяа сойлгыг тааруулахдаа гарамгай гэлцдэг. Магадгүй уяа морьдын нэлээдийг битүү адуу эзэлж байгаа юу?
-Уг нь битүү морь, хурд нь танигдсан адуу аль нь ч ялгаагүй адилхан уяатай. Гол нь битүү адууг таних л байгаа юм.
-Түүнд л уяачийн эрдэм ухаан оршдог юм бишүү?
-Эцэг эх тал нь гурван үедээ хурдалж байсан бол ямар ч адуу цойлоод л гараад ирнэ. Тийм учраас азарга гүүнийхээ тохироог тааруулж, хурдаа гурав дөрвөн үед нь хадгалах тухайд анхаарах хэрэгтэй. Ер нь хурдан морины үржил селекци гэдэг маань хурд хадгалагдах чадварыг л хэлээд байгаа юм шүү дээ. Ажиглаад байхад адууны удамших чанар нь муу талаа авч гарах нь өндөр байдаг. Тиймээс аль болох муу цус оруулахгүй байх нь чухал. Би бол хувьдаа азарганаас илүү гүүндээ ач холбогдол өгдөг.
-Манлайн адуунд хаанахын адуу зонхилдог бол?
-Сүхбаатар, Хэнтийн Галшараас эхлээд Жаргалант, тойруулга угшлын адуунууд ч бий. Манай Дундговийн Дэрэн сум ч гэсэн хурдтай газар.Адууны давхих үеийн ээлж гэж байдаг юм байна. Нэг хэсэг ч уясан бүхэн маань түрүүлж айрагддаг байлаа. Хэдий сайн уяач ч гэсэн ээлжтэй байдаг тухай хурдан морины ном судар, настайчуудын ярианаас олонтаа сонсч байлаа. Адууны эрэмбэ гэж нэг юм бий. Даалуугаар жишиж ярих юм бол даалуутай хүн бүх модыг иддэг. Харин үүлүүтэй хүн дараагийнхаа модыг иддэг ч даалуунд бариулдаг. Тийм ч болохоор даалуу шиг морьдтой байж л улс, бүсийн наадамд үзнэ. Түүнээс үүлүү, баржгар арав шиг морь уячихаад миний морь түрүүлнэ гэж болохгүй биз дээ. Тэр нь юугаар илэрч байна вэ гэхээр хурдан морь сүүлийн хэдэн жил тоймгүй үнэд орж байна. Яагаад гэхээр даалуу шиг морь олж авахын тулд хүн бүр моринд өндөр өртөг хаяж байна. Тийм болохоор уяач хүн даалуу шиг адуутай болохын тулд адууныхаа удам угсааг сайжруулах хэрэгтэй байгаа юм. Даалуу даалуутайгаа л өрсөлддөг. Түүнээс үүлүү, бажгар арав эд нартай өрсөлддөггүй л байхгүй юу.
-Гэхдээ сайн уяач үүлүү, бажгар аравыг даалууны хэмжээнд хүргэж чадахгүй гэж үү?
-Сайн морьтой хүн сайн уяач болдог.Түүнээс бажгар арав шиг морь хэзээ ч даалуунд хүрэхгүй. Яахав сумын хэмжээнд толгойлж болох л юм. Адуунд ч гэсэн зиндаа бий. Сайн морь эзэндээ уяа заадаг юм.
-Таны хувьд даалуу шиг морьдыг хэдийнээс цуглуулж эхэлсэн бэ?
-Уг нь би чинь Дундговь аймгийн Дэрэн сумын хүн. 1989 оноос хойш Төв аймгийн Баянцогт, Жаргалант тал руу нутагладаг болсон. Уяач болно гээд хөдөлмөрийн баатар Д.Даваахүү багш дээрээ ирж байлаа даа.
-1989 оноос хойш морь уясан юм уу?
-Үгүй ээ, би 1980 онд аравдугаар ангиа төгсөөд л морь уясан. ХААИС-ийн малын эмчийн ангид орох эрхээр шагнагдсан ч яваагүй.
-Нээрэн таныг чинь илгээлт авч хөдөө гараад сайн ажиллаж их сургуулийн урилгаар шагнуулсан гэдэг байх шүү?
-Тэгсээн. Гурван жил хонь малласан. Төлийн эндэгдэлгүй сайн малласан гээд эвлэлийн үүрийн дарга ХААИС-ийн урилга өгсөн ч би татгалзсан.
-Эцэг эхийн голомтыг залгаж малчин болно гэж шийдсэн хэрэг үү?
-Үгүй ээ, манай аав эмийн санч, ээж бага эмч хийдэг байсан. Би чинь 1970 онд нийслэлийн 17-р сургуульд 1-р ангид орж байлаа шүү дээ. 1975 онд аав маань “Нутаг явна” гээд Дундговь руу шилжсэн. Тэгээд наймдугаар ангиа Дэрэн суманд төгсөөд л “Дуулгат” Цэрэндорж гээд ах дээрээ очиж хурдан морины ажилд нь тусалдаг байлаа. Ах маань хамар цагаан халзан байдас, зээрд азарга хоёр өгч байсан. Зээрд азарга нь аймаг сумандаа сайн давхисан.
-Уяач болоод хамгийн том наадмын түрүүг хэдэн онд авч байв даа?
-1985 онд Дундговь аймгийн наадамд их насны морь айрагдуулж, бор соёолонгоо “далд” түрүүлгэж байлаа. Бор соёолонгийнхоо хөлсийг нь хусаад сэврээж байхад аман хүзүүний морь нь ирж байсан юмдаг. Том наадам эндээс эхэлсэн. Түүнээс хойш сумандаа морь түрүүлгэж айрагдуулж олон ч халуун сав, эсгий, дугуй булантаар шагнуулж байсан. Тээр жилийн намар дааганы байтай дөрвөн наадамд хээр морь уяж өөрөө унаад түрүүлж дөрвөн даага хөтөлж байлаа. /инээв/Энэ мэтээр моринд хорхойтсон хүн чинь юу гэж хот руу сургуульд явах вэ дээ.
-Аймагтаа түрүүлгэсэн соёолон, айрагдуулсан зээрд азарга таны унаган адуу байв уу?
-Үгүй ээ. Манайх Дэрэн сумын зүүн талаар нутагладаг байлаа. Ган зуд болсон жил Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаан сум руу оторлоод явчихдаг байсан. Тэгж явахдаа 1983 онд Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумаас авчирсан юм.
-1983 онд хурдан морь ямар ханштай байв?
-Дээд үнэ 5000 төгрөг байсан. Бор соёолон, зээрд азарга хоёроо тэр багцаа л авсан. Тэр үед чинь Хэнтийн адуунууд хурдан, Сүхбаатарын адуу сураггүй байсан үе.
Уяач миний хор гарахгүй олон наадмаас нулимстай буцаж байсан
-Бор мориороо олон жил наадсан уу?
-Бор соёолонгоо түрүүлдэг өдрийнх нь урд шөнийн хоолыг би тааруулсан юм. Цэрэндорж ах “Наадах чинь хангай газрын адуу. Бор үрээнийхээ хоолыг нь битгий хасаарай” гэхээр нь би дотроо хоол нь ихэдвэл амьсгаа сууж магадгүй гэж хаширлаад дөрвөн цагийн хоолтой мордуулчихсан. Маргааш нь бор үрээ маань хол түрүүлсэн. Гэхдээ би бага байсан болохоор туршлага дутаад өлдөж ирсэн морийг усалчихсан чинь орой нь юм идэхээ болиод гөлийчихсөн юм. Тэгээд наадмын маргааш нь үхсэн дээ. Тэрнээс хойш морины хоол хасахаа больсон. Их ч алдаа гаргаж олон ч хурдан адуугаа алдаж байлаа даа. Одоо л нэг туршлага сууж байх шиг байна.
-Хурдан морио алдах хэцүү. Уяач болох амаргүй давааны нэг нь энэ байх?
-Төв аймгийн Баянжаргалан сумын наадмын өмнө миний зээрд соёолон сунгаа бүхэнд хол түрүүлээд байв. Сумын хойд багуудаар Дагвадорж гэж олон хурдан адуутай хөгшиний хонгор халзан азарган соёолон түрүүлээд байсан юм билээ. Наадам ч боллоо. Би мориныхоо хүүхдэд хандаад “Энэ хонгор халзан соёолонг барьж уралдаарай. Ард нь дарж явсаар байгаад барианы зурхай руу орохынхоо өмнө дайраад түрүүлээрэй. Өөр чамтай уралдах морь байхгүй” гэж хэлээд мордуулсан. Соёолон ч гараад ирлээ, дурандсан чинь хонгор халзангийн ард зээрд маань дараатай явна. Үзэгчдийн хөлний доор хүрээд ирлээ. Одоо дайраад ороод ирэх байлгүй гээд барианы тархин дээр морио тосох гээд хүрээд иртэл зээрд маань орж ирдэггүй. Арав гаруй морь өнгөрлөө, гайхаад яваад зурхай руу ортол зээрд үрээ маань хонгор халзангийн хажуугаар дайрах үедээ урд хоёр хөл майхавчлаад уначихсан байсан. Миний буруу л даа. Зээрд соёолонгоо намар нь би олон удаа унасан юм. Ирэх жилийн хавар бяр нь гүйцэт суугаагүй байхад азарган үрээтэй тулгаж уралдуулаад ачаалалаа дийлэхгүй хоёр шөрмөс нь тасарсан байсан. Их ч хурдан байсан даа. Энэ мэтээр олон ч наадмаас нулимстай буцаж байлаа.
-Залуу уяачийн хор нь гараагүй л байж дээ?
-Түүнээс хойш би тулгаж уралдуулдаггүй, морины хоол хасдаггүй гээд олон зүйлд суралцсан. Би чинь гурван хурдан соёолон үхүүлж байж уяачийнхаа хорыг гаргасан хүн. Залуу байхад омогтой, аагтай ч байж. Ямар сайндаа л хүнтэй мөчөөрхөж “Чамтай уралдах өөр адуу байхгүй. Наад хонгор соёолонгоо барьж уралдаад бариан дээр дараад ав” гэж хэлээд нэг хурдан буянаасаа салах вэ дээ.
-Хор гарна гэдэг бас амаргүй юм шиг байна лээ. Унаач хүүхдийн хор яаж гардаг юм бол?
-Уяач хүний, унаач хүүхдийн, уясан хүлгийн хор нь гарсан байх ёстой. Сүүлийн үед эзний хор гэж бас байна. Хор нь гараагүй унаач хүүхэд морио эргэхэд нь ороолгосоор байгаад гаргаад ирдэг. Хор нь гарсан хүүхэд бол морио барьчихдаг. Зул задраад морьд суугаад ирэхэд хажуугаар нь эвлэгхэн гаргаад явчихна шүү дээ. Морины уяа ханана гэдэг маань оч мэт огцом хурдыг нь дарж суухгүй болгож байж давхихыг хэлж байгаа юм. Үүнийг л морины хорыг нь гаргах гээд байгаа юм. Ер нь уяач хүн мориныхоо сэтгэл зүйтэй харилцаж байх ёстой. Морины бие организм нь сэтгэл санаатайгаа нийлж байх ёстой. Зарим морины бие организм хүлээж авахгүй байхад сэтгэхүй нь явах гээд байдаг. Түүнээс болоод түрүүлж зугтаад суудаг. Хор нь гараагүй уяач мориныхоо уяаг хэтрүүлэх тохиодол их байна. Жишээлбэл нэг сунгаан дээр аман хүзүүдлээ гэхэд дараагийн сунгаан дээр түрүүлгэх гээд нэмэлт ажил хийгээд морио баллачихдаг. Уяач хүн мэднэ гэж байдаггүй, мэдрэх л хэрэгтэй.
-Д.Даваахүү гуай дээр юу гэж хэлж ирж байв. Өмнө таньдаг байв уу. Таныг яаж хүлээж авсан?
- “Би таны шавь больё” гээд шуудхан л хэлсэн. Тэрнээс хойш Д.Даваахүү Тод манлайгаас салаагүй дээ. 1992 онд би Д.Даваахүү ахын ажлыг нь хүлээж авсан. 1993 онд улсад анх удаа соёолон үрээ 10 гаргаж давхиулаад дараа жил нь хээр халзан морио түрүүлгэсэн.
-Хоёр морь дараагаар ирсэн чинь хэдэн он билээ?
-1995 онд шүү дээ. Их моринд хоёр долоон настай морь дараагаар нь хийж байлаа. Бас ховорхон амжилт шүү. Өмнө нь хоёр их морь түрүү аман хүзүүнд хийсэн уяач байдаггүй юм билээ. Битүү халзан морь түрүүлгээд, өмнөх жил нь түрүүлсэн хээр халзангаа аман хүзүүдүүлсэн.
-Долоон настай морийг уралдуулдаггүй гэж ярьдаг?
-Дүнсгэр долоо гээд хүнээр бол жил нь орж буй хэрэг. Би бол цээрийг нь гаргаад уралдуулчихдаг. Долоон хүүхэд уралдуулж, жолоогоо долоо зангидаад, ус алт хоёр дээгүүр алхуулж цээрийг нь гаргадаг юм. Өнгөрсөн жил хүүхэдгүй айрагт ирдэг Ш.Батсамбуугийн Босоо шарга чинь долоотой адуу. Бас дахиад нэг долоон настай морь айрагдуулна гэсэн арай л болоогүй.
-Цээр гаргах зан үйлээ дэлгэрүүлээч?
-Газар зурж ус урсгаад л дээр нь алтан бөгжнүүд тавьж байгаад морьдоо гаргадаг.
“Х.Сүрэнхорын хээр, Доржсүрэнгийн хээр шиг адуу одоо хүртэл төрөөгүй байна”
-Та чинь 1990 онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойд соёолон түрүүлгэсэн байхаа?
-Би гардаж уяагүй. Тэр үед Д.Даваахүү ах авч очоод соёолонд сартай хүрэн азарган үрээгээ түрүүлгэсэн. Азарганд Х.Сүрэнхорын хээр түрүүлсэн наадам шүү дээ. Хойтон жил хоёулаа тулж уралдаад түрүү аман хүзүүнд ирж байсан. Х.Сүрэнхорын хээр гэж тасархай амьтан байсан шүү.
-Та олон харж байв уу?
-Айл саахалт морь уядаг байсан учраас харалгүй яахав. Доржсүрэнгийн хээр тэр хоёр шиг адуу одоо хүртэл төрөөгүй л байна.
-Та адуугаа эрлийзтэй хэр хольж байна. Шинэ цагийн адуутай болж байна уу?
-Цаг үеэсээ хоцрохгүйн тулд ганц нэг адуунд цус сэлбэж л байна. Эрлийз монгол хоёрыг тусад нь уралдуулдаг болсныг би хувьдаа их сайшаадаг. Гэхдээ эрлийзийн нэгдүгээр үеийг ялгаж чадах ч хоёр дахь үеийг нь ялгаж чадахгүй. Гэхдээ адууны чанарыг сайжруулах нь зөв. Цус хольсон нь хожно.
-Таныг адуу танихдаа гарамгай гэдэг. Наадамд мордсон морьдыг хараад өнгөлөх морийг хэлдэг гэж нэги бус удаа сонсож байсан юм байна?
-Залуудаа бол ганц нэг хэлж байсан биз. Одоо ч нас яваад наана цааныг ойлгоод ирэхээрээ хамаагүй хэлэхээ больчихдог юм байна. Морь эд давхиж байсан 30 гаруй настай байхдаа хэлж байсан удаа бий.
-Ганц нэгээс нь сонирхуулаач?
-За даа онож хэлсэн нь юу л бол. Гэхдээ Сэлэнгэ аймгийн Баруунхараагийн Цэдэвийн алаг гээд улсад Ганбаатарын халзантай тулж уралдаж байсан морь бий. Түүнийг би соёолон байхад нь Галшарын наадамд 17-гоор давхиж байхыг нь харсан юм. Ганбат гээд нэг ахдаа хандаад “Та тэр алаг үрээний өртөгийг нь асуугаад гайгүй бол авчих. Тэр сайн их морь болно шүү” гэж хэлсэн. Бид хоёр эзэн дээр нь очоод өртөгийг асуусан чинь УАЗ-469 –өөр өгнө гэж байсан. Арай үнэтэй юм гээд Ганбат ах аваагүй. Хоёр жилийн дараа Д.Даваахүү ах намайг “хүрээд ир” гэж дууддаг юм байна. Очсон чинь намайг дагуулаад Баянхонгорын Цэдэв гэдэг хүний ажил дээр очоод “Энэ манай шавь байгаа юм. Их насны морь хайж байгаа юм бол манай шавиас асуу. Харин хэлсэн морийг нь чи хурдан очиж аваарай” гэдэг юм байна. Тэгэхээр нь би хоёр жилийн өмнө харсан нөгөө алаг морио санал болгосон. Хоёр хоногийн дараа Цэдэв гуай хоёр сая 500 мянган төгрөгөөр аваад ирсэн байсан. Тэр жил алаг морь улсад аман хүзүүдсэн юм. Бас нэг удаа Галшарын хурд дээр Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг дарга байсан Жамбалсүрэн надад сартай зээрд морь үзүүлсэн юм. Би “Таны морь түрүүлэхгүй байх. Гэхдээ айрагт ирнэ. Гурав дээр л ирэх болов уу” гэж хэлсэн. Маргааш нь наадамд сартай зээрд гурав дээр ирж байсан. Одоо ч тэгж хэлж чадахгүй байх аа. Хэлэх байсан ч зүрхгүй болчихдог юм байна.
-Хоёр халзан мориороо хэдэн жил наадсан бэ?
-Хоёр халзан мориороо олон наадам хийж чадаагүй ээ. Зээрд халзангаа дараа жил нь хулгайд алдсан. Хээр халзангаа анхны “Их хурд”-д нэг аман хүзүүдүүлсэн.
-Зээрд халзанг тань ямар хүн хулгайлдаг байна аа?
-Нэг гүүтэй алдсан юм. Өнгөрсөн жил л авсан хүнийг нь мэдсэн. Нэг хүн ирээд “Халзан морийг чинь сохор Огноо алж идсэн “ гэж хэлсэн. Сохор Огноо гэж Баянчандмань сумын хүн. Сүүлд хүнд хутгалуулж нас барсан гэдэг.
-Танайх чинь тэр хавьд нутаглаж байсан биз дээ?
-Тийм. Зах дээр махлах гээд Баянчандманиас хоёр адуу хот руу оруулж ирсэн юм. Тэр үед нь миний нэг найз тааралдаад “Улсад түрүүлдэг халзан морь мөн байна. Наадахаа хурдан дарахгүй бол болохгүй” гээд алчихсан юм билээ. Тэр найз маань “Наадах хурдан морио хэрэггүй, тавьчих” гээд хэлсэн бол миний халзан морь хаанаас ч сүрэгтээ давхиад ирнэ. Найз нөхөд гэж янз бүр л байх юм.
-Хоёр халзангаас хойш улсад та морь оруулсан уу?
-80 жилийн ойгоор Г.Батхүүгийн хонгор морийг аман хүзүүдүүлж байсан. Уртын Дамдинжав гуайн адууны агшитай.
-Сүүлд нь дахиад улсад түрүүлсэн билүү?
-Тэр нь биш. Улсад түрүүлсэн тэр хул морийг би Г.Батхүүг заавал ав гэж шахаж байгаад авахуулсан юм. Дорнодын Бэххуяг гээд залуугаас хоёр сая 500 мянгаар авч байлаа.
-Та олон адуу худалдаж авсан байх. Өндөр үнэтэй нь хэдээр авч байв?
-Би нэг их өндөр үнээр адуу худалдаж аваад байдаггүй. Хоёр жилийн өмнө 15 саяар Сүхбаатар аймгаас битүү хээр морь авсан. Гэдэс нь нэг л болж өгөхгүй л байна. Энэ жил бэлчээрт үлдээсэн. Байнгын тэжээл ч бас муу талтай юм байна шүү. Байгалиас таргалсан адуу чөмөг суудаг юм.
-Та чинь хэдэн оны Манлай билээ?
-2000 оны. Улс бүсийн наадмаас гурван түрүү зургаан айраг хүртсэн амжилтаараа Манлай уяач цолыг хүртэж байлаа.
-Таныг хоёр халзан морь цуварч ирсэн наадмын маргааш нь Морин спорт төв кпубээс хөөсөн гэсэн үнэн үү?
-Арай ч халаагүй юм аа. Наадам тараад 12-ны орой тойруулгын гэрүүдийг ачсан юм. Тэр үед нь Д.Онон бид хоёрыг Г.Пунцагбалжир ах дуудаад яваад өгсөн. Буцаад ирсэн чинь тойруулгынхан гэрүүдээ ачаад явчихсан байхаар нь хот ороод хоночихсон юм. 13-ны өглөө ажил дээрээ очсон чинь Даваадорж дарга “Чи өчигдөр орой хаачив. Гэр бараа ачхад байсангүй. Ажил цалгардууллаа, чамайг ажлаас чинь халсан” гэж байна. Миний шар хөдлөөд “Чам шиг хүн намайг халахад чадал чинь хүрэхгүй. Овоо юм бол тушаал гаргачихаарай” гэж хэлээд хаалгыг нь саваад гарсан. Уг нь би намайг манай ажлынхан хүлээж аваад баяр хүргэнэ гээд хөөрч очсон юм.
-Тэгээд л халагдсан уу?
-Үгүй ээ. Хаалгыг нь савж гараад долоо хоног ажилдаа ирээгүй юм. Тэгсэн чинь Батлан хамгаалах яамны туслах нийгэмлэгийн дарга нар ирчихсэн дуудаж байна. Тэгээд яваад очсон чинь салбарын “Тэргүүний ажилтан” тэмдэг өгсөн. Тэр үед нийгэмлэгийн дарга С.Сайнцог хурандаа байсан юм. С.Сайнцог хурандаа “За чи даваадорж даргын занг мэдэхгүй биш. Тэгж л байдаг юм. Маргаашнаас ажилдаа ор” гэсэн. Ажилд ороод хэдхэн хонож байсан чинь Г.Пунцагбалжир агсан нэг өдөр хүрч ирээд л манайхыг ачаад намайг дагуулаад явсан. Тэр цагаас хойш “Мон-Эрдэнэ”-ийн уяач болсон. Удаа ч үгүй хоёр жилийн дараа Г.Пунцагбалжир ах маань өөд болсон доо.
-Адууны үнэ, хурдан морьны байг өндөр болгосон хүн гэдэг?
-Хурдан морийг хамгийн анх мотоцикьлоор байлсан хүн. Төв аймгийн Сэргэлэн сумын Сумьяасүрэн гэдэг хүнээс буурал азаргыг фурган машинаар авч байсан. “Фурган буурал” улсад нэг удаа зургаад давхисан байх.
-Г.Пунцагбалжир агсаныг цүнх дүүрэн мөнгөтэй хурдан адуунд авдаг байсан гэж ярьдаг?
-Мөнгөтэй байсан нь үнэн. Гэхдээ цүнхтэй байнга бариад явж байсанг нь би яаж мэдэх вэ.
-Таныг дагуулж явдаггүй байсан юм уу?
-Авч явалгүй яахав. Гэхдээ ихэнхдээ хүмүүс хурдан адуугаа өөрсдөө хөтлөөд ирдэг. Г.Батхүүгийн толин хул азаргыг анх Г.Пунцагбалжир ах хоёр өрөө байраар авахаар тохирчихсон байтал Д.Даваахүү ах урдуур орчихсон гэж өөрөө ярьдаг байсан.
-“Уртын” Дамдинжав гуайгаас авсан бил үү?
-Тийм. Толин хул Г.Батхүү дээр ирээд улсад түрүүлсэн. Морь нь түрүүлсэнийхээ дараа Г.Батхүү Уртын Дамдинжав гуай дээр очиж баяр хүргэж бэлэг сэлт өгсөн юм билээ. Хариуд нь Дамдинжав гуай “Чи өөрөө нэг даага шинжээд ав” гэсэн юм билээ. Г.Батхүү шарга даага заасан чинь Дамдинжав гауй “наадахыг чинь ах бэлгэнд өгч чадахгүй. Мотоцикл өгөөд ав” гэсэн юм билээ. Тэр шарга нь улсын наадамд хязаалан аман хүзүүдэж, соёолон түрүүлж, азарга болоод дахин айрагдсан юм билээ. Дамдинжав гуай ч сайн адуутай хүн байсан. Манай Г.Пунцагбалжир ах ч бас адуум авч байсан.
-Г.Пунцагбалжир гуай олон нутгийн сайн адуу цуглуулсан байх. Та ямар хүлгүүдийг нь сонгож авч өгч байв даа?
-Би Жаргалантаас л. Хар, ногоон морь, хар азарга гээд хэд хэдэн авахуулсан бий. Хар азарга хязааландаа улсад түрүүлсэн. Ер нь тодорчихсон адуу байсан. Хавчиг азарга авч байлаа. Тэр жилээ Хэнтийн Дэлгэрхаан суманд болсон өвлийн том наадамд долоод давхисан.
-Хэдэн онд вэ. Тэр үед адуу ямар үнэтэй байв?
-1997 оны үед хар азаргыг 3,5 саяар авч байсан. Тухайн цагтаа бас өндөр үнэ. Хорлоодойгийн хар азаргыг Содномцог зургаан саяар авч адуны дээд үнийг тогтоож байлаа.
-Г.Пунцагбалжир агсан жилд хэчнээн адуу хэдэн төгрөгөөр авдаг байв?
-Сайн мэдэхгүй байна. Дорноговиос суурь адуу авч байсан.
-Хэдэн адуу гэсэн үг вэ. Та цуг явж байв уу?
-Би цуг яваагүй. Бандгай С.Ганхуяг л цуг явсан. 200 гаруй адуу авч байсан. Их адуутай байсан. Өнгөрсөнөөс нь хойш адуу нэлээд цөөрсөн юм билээ.
-Г.Пунцагбалжир агсанг алтан товчтой дээл өмсдөг байсан гэдэг. Та сайн мэдэх хүн?
-Алтан товч, булган дотортой дээл өмч байсан нь үнэн. Нэг хэсэг шуугиж байсан шүү дээ.
-Адууны хиймортой хүн, том ч наймаа хийдэг байсан биз?
-Наймаа гэдгийг жинхэнэ хийдэг хүн байлаа. Халзан морио тод манлай С.Ганхуягаас 100 хонь 50 ямаагаар авч байсан.
-Ганц адуу ч гэхгүй жижиг мал гэсэн ихтэй хүн байв уу?
-Сүхбаатар аймгаас 1000 хонь 500 ямаа авчирч байсан. Том наймаа хийдэг хүн байсан. С.Ганхуягийнх манайхан айл байлаа. Талийгаач надад “Чи халзан морь түрүүлгэж байсан хүн. Би чамд халзан морь авч өгье. Харин хаанаас авах уу” гэсэн. Тэгэхээр нь би “С.Ганхуягийн долоон настай халзан сайн морь. Даанч зарахгүй байх” гэж хэлсэн. Миний хэлэхийг сонсчихоод С.Ганхуягийнх руу гүйчихсэн. Цагийн дараа “Халзан морийг авчихлаа” гээд ирсэн. Тэр жил халзан морь ханиадтай байсан болохоор нь уралдуулаагүй. Хойтон нь бас улсад явуулаагүй. Хангай бүсэд халзан морь, хар азарга хоёрыг авч очоод халзан морь иүрүүлж, хар азарга аман хүзүүдсэн. Харамсалтай нь тэр үед Г.Пунцагбалжир ах өнгөрчихсөн байсан. Би хоёр морийг нь бүсэд хийж өгсөнийхөө дараа “Мон-Эрдэнэ”-ээс гарсан даа. Түүнээс хойш өөрийнхөө хэдэн морийг бие дааж уяах болсон. Харин одоо Ш.Батсамбуу, “Монгол шуудан”-гийн Чинзориг гээд хэдэн цөөхөн хүний морьдыг л уяаж байна.
Г.Гал
1 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн сонгомол бага насанд Х.Бат-Эрдэнийн…
- 2024 оны 8-р сарын 05 -нд Хангайн бүсийн дааганы уралдаанд М.Цэрэнжавын хээр…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн сонгомол дээд насанд С.Баярсайханы …
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Я.Содбаатарын бор соёолон түрүүллээ
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсийн их насанд Э.Бат-Эрдэнийн Солонго зэ…
- 2024 оны 8-р сарын 04 -нд Хангайн бүсэд Д.Батбаярын Түмт хээр азарга түрүүлж…
- 2024 оны 8-р сарын 01 -нд Хангайн бүсийн сонгомол дунд насны ангилалд Г.Ганб…
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд П.Баярбатын бор хязаалан түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 31 -нд Хангайн бүсэд Г.Энхбатын хар шүдлэн түрүүлжээ
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дунд насанд…
- 2024 оны 7-р сарын 28 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдааны сонгом…
- 2024 оны 7-р сарын 28 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойн сонгомол дээд насанд…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд О.Баасанцэрэнгийн хү…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" говийн бүсийн уралдаанд Э.Бат-…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ц.Амарсанаагийн хонг…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын хүрэн…
- 2024 оны 7-р сарын 27 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Б.Отгонсэлэнгийн Ава…
- 2024 оны 7-р сарын 27 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Д.Отгонлхагвын Солон…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсэд Ч.Батжаргалын халтар даага түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол бага ангилалд Х.Цогтсайханы…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Хангайн бүсэд Ч.Уламбаярын хээр соёолон түрүүллээ
- 2024 оны 7-р сарын 26 -нд Говийн бүсийн сонгомол дунд насны ангилалд Б.Норов…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн сонгомол дунд насанд Б.Бат-Өлзийн ха…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанх-7" говийн бүсийн уралдаанд Ц.Амарсанааги…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Ламын Гэгээний 385 жилийн ойд Ч.Болд-Эрдэнийн халт…
- 2024 оны 7-р сарын 26 -нд Төвийн бүсийн уралдааны сонгомол дээд насанд С.Бая…
- 2024 оны 7-р сарын 26 -нд "Говьшанхын хурд-7" уралдаанд Б.Пүрэвжаргалын хүрэ…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд Х.Гарь…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол бага ангилалд 106 да…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд ангилалд эхний …
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насны уралдаанд…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дунд насанд 65 хурда…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд эхний 10…
- 2024 оны 7-р сарын 13 -нд АХ-ын 103 жилийн ойн сонгомол дээд насанд С.Баярса…
- 2024 оны 7-р сарын 13 -нд Сонгомол дээд насанд 79 хурдан хүлэг бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 13 -нд Цоллооч хүүд Д.Чулуунбат Тод манлай даага амлав
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан д…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Х.Улам-Өрнөхийн хээр даага тү…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 258 даага бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд Уралдаанч Б.Энх-Очир: Захаар нь дайрч ороод Нандин…
- 2024 оны 7-р сарын 12 -нд АХ-ын 103 жилийн ойд Хишиг-Очирын Бөхбатын хүрэн с…
- 2024 оны 7-р сарын 12 -нд 217 соёолон бүртгүүлж, 152 нь гараа руу хөдөлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан их насны…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд Б.Ерөөлтийн халтар морь түрүү…
- 2024 оны 7-р сарын 11 -нд 228 их насны морь бүртгүүлжээ
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд эхний 10-т хурдалсан хурдан а…
- 2024 оны 7-р сарын 11 -нд АХ-ын 103 жилийн ойд С.Гал-Эрдэнийн Нандин хонгор …
- 2024 оны 7-р сарын 11 -нд 192 азарга бүртгүүлжээ
192.82.78.219
Шавь ордог юмуу
Reply