МУ-ын Тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ: Өтгөс дээдсээ хүндлэхгүй бол үр хүүхэд чинь чамайг хүндлэхгүй гэсэн мэргэн үгийг амьдралынхаа мөрдлөг болгодог
Дөрвөн их түүхт тохиосон баяр наадамдаа тоосоо өргөхөөр газрын хол усны уртыг туулан ирсэн шандаст хурдан хүлгэдийн туурайн төвөргөөнд дөрвөн өдрийн турш хотолзсон Хүй долоон худагийн торгон ногоон мандал сая амирлаж, найрын дуу хадах үеэр манай сурвалжлах хэсэг халтар азаргаа аман хүзүүнд хурдлуулсан Х.Бат-Эрдэнийхнийг зорилоо. “Алтай консткракшн”-ы захирал, алдарт халтар үрээний эзэн энэ эрхэм хурдан морьтой хувь холбоод удаагүй ч улс бүсийн наадмаас 15 айраг түрүү хүртсэн одтой эр юм. Наадмын өмнөх сунгаануудад сум шиг хурдалж, түрүүлэх нь дамжиггүй хэмээн хэлэлцэгдэж байсан халтар үрээ уяан дээрээ дүүхэлзэж, харин эзнийх нь гэрт баяр талархлын үг багтаж ядан байлаа. Х.Бат-Эрдэнэ захиралд баяр хүргэхээр сумогийн Их аварга Д.Дагвадорж гэргий Г.Тамирын хамт, НИТХ-ын дарга Т.Билэгт, МУ-ын заан Ц.Баярсайхан гэргий Дэлгэрцэцэгийн хамт, шинэхэн заан Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн О.Чулуунбатын хүү гэргийн хамт гээд олны танил эрхмүүд хүрэлцэн ирсэн байсан юм. Гэрийн эзнийг зочдоос түр “зээлж” ийн хөөрөлдлөө.
-Түүхт ойн наадамд азаргаа аман хүзүүнд хурдлуулсан танд баяр хүргэе. Баяр наадмынхаа сэтгэгдлээс манай уншигчидтай хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Дөрвөн том ой тохиосон энэ жилийн баяр наадамд халтар азарга маань аман хүзүүнд хурдаллаа. Байгаль дэлхий буян хишгээ хайрлаж нар хур тэгширсэн үнэхээрийн сайхан наадам болж байна. Миний мэдэхийн сүүлийн арваад жилд ийм сайхан дэлгэр наадам болж байгаагүй.
-Өнгөрсөн жилийн хязаалангийн түрүү халтар азаргыг тань түрүүлнэ гэдэг дээр зарим нэгэн нь мөрийцөхөд ч бэлэн байлаа?
-За яахав ээ. Хүй долоон худагт ханиад гарсныг дуулаад нэлээд дөхүүлж байж 7-р сарын 9-ний шөнө ирж буусан юм. Тэгсэн ч нэмэр болсонгүй, тэр шөнөдөө л ихэнх адуу маань ханиад хүрчихсэн. Халтар үрээ маань ч ялгаагүй, их сүрхий ханиалгаж байсан л даа. Тэгсэн хэр нь уралдаад аман хүзүүнд давхилаа. Тэгэхээр чамлах биш харин ч баяртай байна.
-Наадмын өмнөх сунгаануудад их л хурдан байгаа дуулдаад байсан?
-Тэгсээн, манайх Д.Онон Тод манлайн буюу 61-ийн гарамд морьдоо сунгаж байсан. Тэнд болсон гурван сунгаанд гурвууланд халтар үрээ маань өнгөлсөн. Тэр хавийн сунгаанд дээгүүр давхиж байсан Сүхээгийн хээр, Улаан гишүүний зээрд зэрэг азарганууд сая улсын наадамд айрагдлаа.
-Өнгөрсөн жил төрийн наадмын түрүү хүртээд их догдолж байх шиг байсан?
- Тэгсээн, төрийнхөө их баяр наадамд морь түрүүлгэнэ гэдэг эр хүний аз хийморь, лундаа заяа байдаг юм билээ. Тэр бол миний улсын баяр наадмын анхны түрүү. Эр хүн ховор уйлдаг ч тийм үед өөрийн эрхгүй нулимс гаргадаг юм билээ. Энүүхэндээ гэж хэлэхэд сэтгэл огшоод асгартлаа уйлсан. Миний аав Хадбаасан Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул. Аавдаа “хүүгийнх нь морь түрүүлчихлээ” гээд хэлэхэд надтай утсаар ярьж чадахгүй уйлаад л байсан. Би ер нь хэр баргийн юман дээр уйлаад байдаггүй хүн л дээ. Тэгсэн тэр өдөр үнэхээр тэсээгүй. /инээв/
-Төрийн наадамд түрүүлж, айрагдсан хурдан хүлгийнхээ угшил гарвалын талаар танилцуулаач?
-Миний энэ хээр үрээ Тод манлай уяач Ганхуяг буюу Бандгаагийн унаган адуу. Уяа сойлгыг нь Ган-Очир ах маань тааруулсан. Шүдлэндээ уяа нь дутаад улсын наадамд хорь гарч давхисан ч, Баянхонгорт болсон Ламын Гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн Даншиг наадамд аман хүзүүнд хурдалсан. Өнгөрсөн жил хязааландаа улсын наадамд түрүүлээд, давхар уяагаар Говь-Алтай аймагт болсон даншиг наадамд мөн түрүүлсэн. Энэ жил хаврын бүсийн “Дүнжингаравын хурд-2011” болон Булганы бүсийн уралдаанд тус тус түрүүлж, сая улсын наадамд аман хүзүүдлээ.
-Сүүлийн гурван жил “Алтай констракшн”-ы Бат-Эрдэнэ гэдэг нэр их дуулдах болсон. Ер нь яагаад морь сонирхох болсон юм бэ?
-Би хурдан морь сонирхож уях болсоор дөрвөн жилийн л нүүр үзэж байна. Өнгөрсөн жил улс бүсийн наадмаас гурван түрүү, хоёр айраг хүртсэн.
-Тэгвэл баяр наадмын тухай хуулинд заасан МУ-ын Алдарт уяачийн болзлыг хангачихсан юм биш үү?
-Тэрийг нь сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан улс, бүсийн наадмуудаас 15 айраг, түрүү хүртээд байгаа. Моринд орох шалтгаан нь юу байсан бэ гэж та асуусан. Миний өвөө Төмөржаа гэж олон жил морь уясан, МУ-ын Алдарт уяач цолтой хүн байсан. Харин ээж маань Монголын морин спортын анхны мастер Т.Цэрмаа гэж хүн бий. Хүмүүс мэдэх байх. Ийм сайхан хүмүүсийн дэргэд өссөн болохоор багаасаа хурдан морь сонирхдог, унадаг хүүхэд байсан. Монголын хурдан морины түүхэнд жаахан ч гэсэн өөрийн хувь нэмрээ оруулж байгаадаа баяртай байдаг.
-Адуу нэлээд цуглуулсан байх. Голдуу хаанаас авч байсан бэ?
-Эхэндээ Монгол адуу нэлээд цуглуулсан. Сүүлдээ Монгол адууныхаа цусыг сайжруулах үүднээс цэвэр үүлдрийн Англи, Араб азарга нэлээдийг оруулж ирсэн.
-Таныг адуунд чамгүй мөнгө зарцуулсан гэдэг юм билээ. Ер нь ямар ханштай адуунууд авч байв?
-Тэрийг нарийн хэлэх шаардлагагүй биз дээ. Мэдээж хурдан хурц адуу бол илүү үнэтэй. Гэхдээ үнэтэй болгон хурдан байхгүй. Гол нь адуугаа таних хэрэгтэй. Жишээлбэл миний сая таван зуун мянгаар авсан үрээ соёолондоо улсын наадамд гурвалж байсан. Хүмүүс тоохгүй авахгүй байхад нь авсан юм. Бас миний хамар цагаан хүрэн азарга бий. Тэр маань Алтан-Овооны тахилга наадамд аман хүзүүдэж байсан.
-Тэгэхээр та хурдан морь шинжихдээ нэлээд гаргуун байх нь ээ?
-Тэгж хэлж болохгүй байхаа. Миний хувьд адуу танина гэхээсээ илүүтэй хийморь лундаа байсан байх. /инээв/ -Бүсийн наадмуудад айрагдаж байсан адуунуудынхаа талаар яриач?
-Хэдийгээр айраг түрүүнд нэрээ бичүүлж чадаагүй ч гэсэн миний анхны адуу 2007 онд Хэрлэнгийн хөдөө арлын наадамд түрүүлж байсан. Даншиг халзан гээд хүрэн халзан морь бий. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Амаржаргал гэдэг хүний адуу. Ирснийхээ дараа жил улсын наадамд ганцаараа хол тасархай хөтөлж яваад үзүүр дээр сууж зургаагаар орсон юм. Би өөрөө зургаагийн тоонд дуртай. Тэр утгаараа их бэлгэшээж, “дараа жил морь айрагдах юм байна” гэж бодсон нь ёсоор болсон. Миний соёолон улсын наадамд гурвалж,тэрнээс хойш айраг түрүү тасарсангүй ээ.
-Таныг хурдан мориноос гадна, сайн машинд гар татдаггүй гэдэг юм билээ?
-Энэ тухай хэвлэлээр ярих нь зөв бурууг мэдэхгүй л байна.
-Нууцлаад байх зүйл биш шүү дээ?
-/инээгээд/ 20,30-аад оныхоос эхлээд хамгийн сүүлийн үеийн нийлсэн 30 гаруй машин бий. Энэ уг нь миний ч хобби биш л дээ. Манай ах Батбаасан төмөр хүлэгт их хорхойтой хүн байгаа юм.
-Хурдан морь сонирхох болсноос хойш миний амьдралд ийм ийм өөрчлөлтүүд гарсан гээд уяачид ярьдаг юм л даа. Таны хувьд?
-Тийм шүү, асар их өөрчлөлтүүд гардаг. Миний хувьд уужуу тайван аливаад хүлээцтэй ханддаг болсон. Энэ бол эр хүнд байх ёстой хамгийн сайн чанар гэж ойлгож байгаа. Үнэндээ морины аваргуудын хажууд би морь мэдэхгүй хүн шүү дээ. Гэхдээ монгол ёс заншлаа сайн мэднэ. Монгол хүн монголоороо байж үндэснийхээ өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээхсэн гэж боддог. Ер нь манай мориныхон энэ тал дээр санаа нийлдэг хүмүүс байдаг.
-Зан төлөвөөс гадна хувцас хунар эдлэл хэрэглэл хүртэл өөрчлөгддөг?
-Тэгэлгүй яахав. Морь үндэсний өв соёлын салшгүй нэг хэсэг. Морийг дагаж ёс заншлын олон сайхан үйлүүд сэргэж байгаа. Түүний нэг нь эр хүн, эмээлт морь хоёрын эдлэл хэрэгсэл. Би Хэнтийн Батноров хийцийн сайхан эмээл хазаар авсан. Хийц их сайхантай учраас бахархдаг шүү.
-Эр хүний хувьд тэгтлээ баярлаж байсан үе хэр олон бэ?
-Би уян ер нь уян талдаа хүн. Эр хүн уйлах ёсгүй гэдэг ч миний хувьд өөр. Хүн сэтгэл зүрхээ нээж илэрхийлж байх учиртай. Эр хүн ч ялгаагүй хүн ш дээ. Тэр утгаараа би нулимсаа нуудаггүй. Аав болчихоод, адуугаа түрүүлгэчихээд хүний амьдралд тохиолдох жаргалтай мөчүүддээ баярын нулимс дуслуулдаг.
-Та ан авд хэр сонирхолтой вэ?
-Чоно, зэрлэг гахай агначих сонирхолтой байсан үе бий. Харин моринд ороод больчихсон. Ажлын хажуугаар зав л гарвал морь мал руугаа явахыг боддог болчих юм байна.
-Бат-Эрдэнэ захирлын хүүхэд насны тухай яриагаа үргэлжлүүлмээр байна. Говь-Алтайд өссөн байхаа?
-Би чинь эмээ өвөөгийн хүүхэд. Манай эмээ Говь-Алтай аймгийн хүн эмнэлгийн ерөнхий тогоочоор ажилладаг. Харин өвөө Адилбиш аймгийнхаа нефть баазын ерөнхий нягтлан бодох байлаа. Ийм сайхан буян заяатай хөгшдийн дэргэд өссөн болохоор би сайн яваа гэж боддог юм. Хүүхэд нас гэвэл бусдаас содон зүйл байхгүй дээ. Үеийнхнийхээ жишгээр л өссөн. Өтгөс дээдсээ хүндлэхгүй бол үр хүүхэд чинь чамайг хүндлэхгүй гэсэн мэргэн үгийг амьдралынхаа мөрдлөг болгодог.
-Хөгшчүүлийн дэргэд өссөн хүүхдүүд их хэрсүү болдог?
-Үеийнхнээсээ ялгаагүй ээ. Гэхдээ надад нэг давуу тал байдаг шүү. Өөрөөсөө дээш арав, доошоо арван насны зөрүүтэй хэнтэй ч сайхан нөхөрлөж чаддаг.
-Хөвгүүд л болсон хойно хурдан морь унаж, бөх барилдаж өссөн байдаг даа?
-Багадаа сайн бөх болно гэж боддог байлаа. Улсын наадамд өсвөрийн насанд барилдаж Монгол улсын гарьд цолыг авч байсан. Найм есдүгээр анги хүртлээ л барилдсан даа.
-Танай удамд бөх хүмүүс байдаг хэрэг үү?
-Ганц нэг хүн бий.
-Ардын хувьсгалын 90 жилийн бөхийн барилдаанд “Алтай констракшн”-ы бөх заан болсон. Бөхийг дэмжиж явдаг нь багын мөрөөдөлтэй холбоотой байх нь ээ?
-Тийм шүү. Дөрвөн түүхэн ой тохиосон сайхан жил манай компанийн бөх Монгол улсын начин Бат-Эрдэнэ гарьд цол авсанд үнэхээр баяртай байна. Шинэ гарьд маань үнэхээр сэтгэл зүрхээрээ бяр тэнхээгээ гайхуулан өөрийгөө дайчлан амжилт гаргаж чадлаа.
-Хэдийнээс танай компанийн нэр дээр барилдах болсон юм бэ?
-Говь-Алтай аймгийн уугуул Монгол Улсын начин Баатар гэж хүн бий. Нэг өдөр над руу Баатар начин залгаад Говь-Алтайн сайхан залуу бөх байна, компанидаа аваач гэсэн хүсэлтийг тавьсан. Би ч дуртай зөвшөөрсөн юм. Тэр бол 2008 оны өвөл. Зун нь Бат-Эрдэнэ улсын начин цолоо авчихсан байсан.
-Алтайчуудын “Хантайшир” бөхийн дэвжээнийхэн сүүлийн жилүүдэд одтой байна аа? Та сая наадмын бэлтгэлд гарчихсан байхад нь очсон уу?
-Тийм шүү. Манай аймгийн “Хантайшир” бөхийн дэвжээний бөхчүүд их сайхан барилдаж байгаа. Ер нь манайхан их дэг журамтай, санаа нийлсэн хүмүүс байгаа юм.
Би ч эргэж тойроод байдаггүй л дээ. Тэртээ тэргүй сайн яваа хүмүүсийг эргэж тойрч, асарч халамжлаад дэмий. Хувь хүн өөрөө л хичээвэл амжилт ойрхон байна шүү дээ.
-Миний төрсөн нутаг гэдэг сэтгэл зүрхээрээ холбоотой явдаг гэлцдэг. Тэр утгаар компаниа “Алтай констаркшн” гэж нэрлэсэн үү?
-Миний өвөө Адилбиш, аав Хадбаасан нар Говь-Алтай аймгийн Шарга сумын харьяат хүмүүс гэж дээр хэлсэн дээ. Тэгэхээр би яах аргагүй л Алтай нутгийн хүү. Тиймдээ ийн нэрлэсэн хэрэг. Компаниа 2003 онд байгуулж байлаа.
-Барилгын салбарт үйл ажиллагаа явуулдагийг мэдэх юм байна. Өөр ямар салбарт хүч үзэж байна вэ?
-Дорнод аймгийн Халх гол суманд жилд 11 га-д тариалалт хийж байна. Бас уул уурхай чиглэлээр 4-5 жил ажиллаж байна. Хайгуулын ажил үндсэндээ дууссан. Нөөц тун дажгүй шүү. Коксжсон нүүрс гаргах юм. Энд сонирхуулахад гадны компаниуд Монголын уул уурхайн компанийг худалдаж аваад тэрийгээ бүртгүүлээд хөрөнгийн бирж дээр гардаг байсан. Харин Бат-эрдэнэ гэж хүн анх удаагаа Авсралийн бирж дээрээс компани худалдаж аваад өөрийнхөө уул уурхайн төслийг бүртгүүлээд үйл ажиллагаа явуулж байгаа маань Монголд анх удаагаа болж байгаа юм. Үүгээр би их бахархдаг.
-Одооноос л уул уурхайгаас хувьцаа эзэмшиж болох тухай яригдаж байна. Та энэ гарцыг түрүүлж харжээ. Хэдэн онд юм бэ?
-2009, 2010 онд л доо. Би ганцаараа хийсэн юм биш. Манай компанийн Дамдинсүрэнгийн Ган-Очир гэж уул уурхайн боловсрол өндөр залуу бий. Түүний хүчээр ажил маань урагштай сайн явна.
-Өнөөдөр уул уурхайн салбар хамгийн тогтворгүй орчин болчихоод байгаа. Байсхийгээд л өөрчлөлт гардаг. Мэдээж амаргүй байх даа?
-Үнэндээ бизнесийн хамгийн тогтворгүй орчин Монголд л байна ш дээ. Өнөөдөр ярьсан юм маргааш, маргаашийнх нь нөгөөдөр л өөрчлөгдчихсөн байх жишээний. Амаргүй л дээ. Гаднаас хувийн салбарын бизнесмэнүүд болох хөрөнгө оруулагчийг дуудаад аваад ирье гэтэл “Монгол найдваргүй” гэж шууд л хэлдэг. Өнөөдөр улс төр, бизнесийн орчин тогтвортой байгаад дээрээс нь тогтвортой засгийн газрыг бид бий болгох хэрэгтэй байна. Тэгж байж улс орон, бизнес хөгжинө. Ард иргэд ч баяжина гэж боддог.
-Эр хүний өөдрөг яваа ажил үйлсийн цаана түүнээс хүчирхэг эмэгтэй байдаг гэдэг дээ. Гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Миний эхнэрийг Т.Нямчимэг гэдэг урлагийн хүн байдаг юм. Сайн гэр бүлтэй болохоор сайн сайхан явна. Бид нэг охин, нэг хүүтэй.
-Урилгыг маань хүлээн авч цаг гаргасан танд баярлалаа.
-Баярлалаа. Сайхан эх оронд маань дэлгэр зун болж байна. Түүхт ойн жилээрээ сайхан наадлаа. Энэ жил их олон аймаг ойгоо тэмдэглэх байгаа. Тийм болохоор монголчууддаа дэлгэр сайхан наадаж, дэлхий цоргитол баясах болтугай гэж “Тод магнай” сэтгүүлийнхээ хуудсаар дамжуулан ерөөе. Уясан хүлгэд нь босоо байж, тод магнай торгон жолоогоо өргүүлж яваарай.
А.Тэлмэн "Тод магнай" сэтгүүл дугаар №18
0 Сэтгэгдэл
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
- Даваа, 11:59 минут Уяач Ц.Батсайхан: Гэсэрваань гуай тарган ирэн дээр…
- 3-р сарын 27 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 3-р сарын 27 -нд МУ-ын Тод манлай уяач Б.Далай: Уяачийн амжилтанд г…
- 3-р сарын 19 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 3-р сарын 19 -нд 2023 оны ММСУХ-ны чансаа өндөр уяачид
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ УЯАЧ, УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮ…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Аймгийн Алдарт уяач Ш.Мөнхбаатар:Ах дүү дөрвүүл аа…
- 2024 оны 3-р сарын 05 -нд 2023 ОНЫ ММСУХ-НЫ 21 АЙМГИЙН ШИЛДЭГ САЛБАР ХОЛБОО,…
- 2024 оны 3-р сарын 05 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 27 -нд Манлай уяач Ч.Сугар: Алаг морийг харсан хүн болгон…
- 2024 оны 2-р сарын 27 -нд 2022 оны чансаа өндөр сонгомол дээд насны хүлгүүд
- 2024 оны 2-р сарын 26 -нд Н.Билэгтсайхан 66 оноогоор 2022 оны чансаа өндөр у…
- 2024 оны 2-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МОНГОЛ УЛСЫН 2022 ОНЫ ӨНДӨР ЧАНСААТАЙ ИХ НАСНЫ МОР…
- 2024 оны 2-р сарын 26 -нд О.Батбилэг 73 оноогоор 2022 оны чансаа өндөр уяачд…
- 2024 оны 2-р сарын 26 -нд МУ-ын Алдарт уяач Г.Болдбаатар:Наадмын маргаашнаас…
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны чансаа өндөр азарганууд
- 2024 оны 2-р сарын 22 -нд 2022 оны МУ-ын шилдэг уяач, уралдаанч хүүхдүүд
- 2024 оны 2-р сарын 21 -нд ММСУХ-ны 2022 оны шилдгүүд шагналаа авлаа
- 2024 оны 2-р сарын 21 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 2-р сарын 20 -нд Уяач Б.Батжаргал: Сүүлд цоохор даага даяндуулсан
- 2024 оны 2-р сарын 19 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 14 -нд Цолоо ахиулсан уяачид
- 2024 оны 2-р сарын 07 -нд Нийслэлийн Алдарт уяач цолоор 28 хүн шагнагджээ
- 2024 оны 2-р сарын 07 -нд Дөрвөн Тод, дөрвөн Манлай, 18 Алдарт уяач цол авах…
- 2024 оны 2-р сарын 07 -нд Сумын Алдарт уяач Н.ДУГАРЖАВ: БИ ДӨРӨВДҮГЭЭР АНГИА…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 2-р сарын 05 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 27 -нд Сумын Алдарт уяач Д.Батбаяр: Би Биндэрт анх адуу т…
- 2024 оны 1-р сарын 26 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 25 -нд Архангай аймгийн 100 жилийн ой, хангайн бүсийн ура…
- 2024 оны 1-р сарын 24 -нд СУМЫН АЛДАРТ УЯАЧ А.Цэрэндорж: ЗААМАРТ ДАЛАЙ ЛАМЫГ…
- 2024 оны 1-р сарын 22 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 21 -нд Аймгийн Алдарт уяач Б.Баттөр: Таван жилийн дотор с…
- 2024 оны 1-р сарын 18 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Аймгийн Алдарт уяач Ц.Жамсран: Өөрийн тамгатай уна…
- 2024 оны 1-р сарын 15 -нд Богд хан уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ой,…
- 2024 оны 1-р сарын 11 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Аймгийн Алдарт уяач М.Мөнхбаяр: Адууны төлөө уйгаг…
- 2024 оны 1-р сарын 10 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн уралда…
- 2024 оны 1-р сарын 08 -нд Сумын Алдарт уяач Ц.ГЭРЭЛБААТАР: Сайн адууны удам …
- 2024 оны 1-р сарын 08 -нд Завхан аймгийн 100 жилийн ой, баруун бүсийн урал…
- 2024 оны 1-р сарын 03 -нд Хамгийн шимт тэжээлийг мэдэх үү?
- 2024 оны 1-р сарын 02 -нд М.Энхтайван: Хүн хэдий чинээ сэтгэлээ өгнө, адуу т…
- 2023 оны 12-р сарын 27 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 12-р сарын 25 -нд Баахан хэрэг тарих Баяндэлгэрийн буурал
- 2023 оны 12-р сарын 23 -нд Нийслэлийн Алдарт Уяач цолны болзол хангасан уяачд…
- 2023 оны 12-р сарын 22 -нд Аймгийн Алдарт уяач Г.Энхбаатар: Аавынхаа уяаны ар…
- 2023 оны 12-р сарын 17 -нд Хэнтий аймгийн 100 жилийн ой, зүүн бүсийн уралдаан…
- 2023 оны 10-р сарын 29 -нд Сумын Алдарт уяач Л.Батноров: Азарганы түрүүгээр а…
Сэтгэгдэл бичигдээгүй байна