Тод манлай уяач Д.Онон Хээр морио улсын баяр наадам болон “Их хурд -II” уралдаанд ийнхүү бэлтгэжээ

А.Тэлмэн
2013 оны 3-р сарын 06 -нд

Хээр морь улсын наадамд аман хүзүүдэж, Боржигонд түрүүлэн, Говь-Шанхад аман хүзүүдчихсэн “Их хурд-2” уралдаанд оролцох эрхийн болзлыг дөрвөн удаа хангачихсан хурдан ажнай байлаа. Өвөлжин тэжээлтэй ороод хаврын хэд хэдэн уралдаанд айрагдаж, түрүүлсэн хээр морио Онон уяач тэр жил давхар уяагаар уяж гайхуулсан удаатай. Хавартаа хэд уралдсан учир амьсгаа нь сайхан задарчихсан байсан ч нэлээд унаж эдэлж байгаад 6 сарын 21-нд барьжээ.
Наадмын уяа:
6 дугаар сар 21  Х 22 А 23 А 24 Т 25 ЭС 26 А 27 А 28 Т 29 БС 30 А  7 дугаар сар 1 А 2 Т 3 ДС 4 А 5 А 6 Т 7 ИС 8 А 9 А 10 Т 11*
Энэ уяаг дан уяа ч гэх юмуудаа, хавар уяж, уралдсаныг нь бодоход давхар уяа ч гэмээр юм шиг. Гэхдээ ногоо гарснаас хойшхи эхний л уяа юм даа.
Анхны өдрөө хөлслөөд цаашдаа амралт, тар, давхилаар л голлон уясан байна. Хавар их ажил хийж, хэд хэд уралдсан учраас гамнах нь зүйтэй гэж үзсэн бололтой. Мөн адуугаар нь нэлээн эдэлсэн гэж байгаа шүү!
22, 23-нд зөвхөн гэдсийг нь хөнгөлөхийн тулд уяа тойруулан гишгүүлж баалгаад амраажээ. 24-нд зуны уяаны анхны тар хийж, 25-нд эрлийз сунгаан хийжээ. Тэгэхдээ 6 км газрын эхний 1-2 км-т нь зөөлөн давхиулж байгаад, 4-5 км-т нь чангалж, сүүл хавьд нь бүрэн тэнийлгээд яг сайхан эрчлэн давхих дуран дээр нь татуулжээ.
26,  27-нд амрааж, 28-нд тарлаад 29-нд бага сунгаанд олон морьдтой нийлүүлэн 8 км-т уралдуулсан байна. Дараа нь хоёр өдөр дараалан амраагаад, 7 сарын 2-нд тарлан, 3-нд 9.5 км-т дунд сунгаа хийсэн байна. Ингэхдээ хээр морийг газрын дундаас нэлээн шавдуулж уралдсан гэдэг. Мөн хоёр өдөр дараалан амраагаад 6-нд тарлан, 7-нд их сунгаанаа 7 км-т хийжээ.
Үүний дараа 8, 9-нд амраагаад, 10-нд тарлан 11-нд Буянт-Ухаад улсын наадамд мордуулахад тэр өдөр мөн ч сайхан түрүүлсэн билээ.
Эндээс ажиглахад хөлс ер аваагүй байгаа юм. Энэ тухай Онон уяачаас лавлан асуухаар “Хөлс бэлэнтэй морийг давхилаар нь түрж уясан нь энэ” гэв.
Их хурдын уяа:
7  дугаар сар
12 А 13 А 14 А 15 А 16 А 17 А 18 А 19 А 20 Барьсан 21 А 22 Цуцаалт 23 А 24 Т 25 Сунгаа 26 А 27 А 28 Т 29*
Хээр морийг давхар уяанд нь мөн л амралтыг нь голчилсон байдаг. Үүнээс ч өөр аргагүй юм.
Амраахдаа, их давхилын (наадмын уралдаан) дараах 2 өдөр уяатай амраагаад, хорон хөлсийг нь авсны дараа 5 хоног адуунд нь тавьж амраасан байна. Давхар уяанд барьснаасаа хойшхи 9 хоногт 5 ажил хийж, 4 өдөр амраажээ. “Амралтын өдрүүдэд биеийг нь чангалаад буюу баалгаад (гэдсий нь хөдөлгөх) тавихад л гэдэс нь хөделсөн байх хэрэгтэй. Сүүлдээ хэвшээд тогтмол цагт сулраад ирдэг болно. Ер нь морины гэдсийг хуучин шиг живхийтэл чангалахаа больсон, дүүрэн хоолтой, гэдэс нь чөлөөтэйхөн л байвал дээр” гэж их уяач маань хэлж байлаа. Мөн энэ уяаны нэг онцлог нь 22-ны өдөр цуцаасан явдал юм. Бас сунгаанд нь их араас туулуулж уралдуулжээ. Давхилын өмнөх өдрийн догшин тараа газрын уруу хийсэн байна.
Ингээд мордуулахад л Монголын шигшмэл хурдан морьдын Их хурд-ll уралдаанд түрүүлж “Манлай түмний эх” болж, цацагт шар жолоо, шар хударга, цул мөнген гэрэг хүртжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна