Сааяа гүний домогт хүлэг шовгор цэнхэр

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 28 -нд

Сааяа гүний домогт хүлэг шовгор цэнхэр нь Мянгад хошууны 13 дахь “Да” захирагч Хөхнүүд овогт Дарьжавын Санжжав /нутгийнхан Сааяа гүн, Санж гүн гэдэг/-ын адуун сүргийн удамт хүлгийн нэг юм. Сааяа гүн 1000 гаруй адуутай чинээлэг нэгэн байсны дээр хурдны өлзий хишиг бүрдсэн хурдан удамт айлын нэг байжээ. Энэхүү шовгор цэнхэр гэдэг хурдан хүлэг нь 1930-аад оны эхээр цэргийн агтанд Д. Санжжав гүн азарга адуу бэлтгэн нийлүүлэхэд ижил сүргийнхээ хамт Ховдын дөрөвдүгээр морьт хороонд очсон байна. Тэр үед цэргийн алба хааж байсан Мянгадын Лодой мээрэнгийн Чогсомжав, Тамбайн Гончигжав /Дамбын Лхамын нагац ах/ нар хурдан ажнай болохыг тодруулан уяж эхэлсэн байна.
Ховдын цэргийн дөрөвдүгээр морьт хорооны шовгор цэнхэр идэр залуу насандаа аймгийн наадамд 13 жил дараалан түрүүлж, баруун Алтай нутагт алдраа мандуулжээ. Хурдаараа Мянгад морьд Ховд аймагт дархлагдаад ирэх үед мянгад нутгийн морьд нутгийнхаа шүтлэгт Өндөр хөхий уул руугаа харж уралдаж буй тул түрүүлээд байна гэж нэг удаа улсын наадмын комиссынхон шийдвэрлэн их насны морьдыг Бичигтээс Дам ус руу уралдуулахад шовгор цэнхэр түрүүлээд зогсоогүй удаад нь Өндөр Жамсрангийн саарал, Осорын хээр, Цогтоогийн мушгуу хээр, Даваа /гээдэн/-гийн шар хээр, бас бор хээр, Дарьжавын улаан бор гээд завсаргүй мянгад морьд ирсэн байна. Ер нь мянгад морьд гайхамшигтай хурдан юм байна гээд дараа жил нь морьдоо хуучин байдлаар нь Дам уснаас Бичигт рүү уралдуулахад бас шовгор цэнхэр түрүүлсэн байна.
Ховдын морьт хорооны агтыг Улаанбаатар туух болоход шовгор цэнхэр нас ахисан морь явжээ. Явах замдаа Архангай аймгийн  нэг суманд түрүүлж байсан гэнэ. Шовгор цэнхэрийг Улаанбаатарт очсон, очоогүй гэдэг яриа байдаг. Төрөөгийн Цагаач шовгор цэнхэр Улаанбаатарт ирснээс гадна зүүн хил рүү агттайгаа хамт очиж Сүхбаатар аймгийн Алтан овооны наадамд уяж амжилттай уралдаж байсан тухай Бөх сонины дугаарт тэмдэглэсэн байдаг.
Сааяа гүний удмын хээр морь Эрдэнэбүрэн сумын Өөлд Өлзийт гэдэг хүнд очоод аймаг, суманд олон удаа түрүүлж байсан баримт бий. Энэ хээр морь өндөр зэгзгэр, гоё ганган, тэгшхэн биетэй  морь байсан.
Мянгадын алдарт чонон саарал морины эх борогч гүү нь Сааяа гүний удмын адуу байсан. Мянгад сумын төвөөс хойш 3 км-т нутгийнханы Цагаан шал гэж нэрлэдэг газар бий. Энд Сааяа гүнийх адуугаа өдөрт нь хурааж бүрэн эсэхээ мэддэг байсан ба нэг талд нь адуу уургалж, морь сэлгэж байхад нөгөө талд нь мэдсэн шинжгүй байдаг байсан гэж нутгийн өвгөчүүл хуучилдаг. Сааяа гүний адууны удам нь Жамцын Чулуунбат, Бямбажавын Баттөмөрийнд эдүгээ байгаагаас гадна сайн сайн хурдуудын удам тэдний ах дүү, хамаатан садан нарт хадгалагдсаар байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна