“Дүнжингарав”-ын өнгийг Цагаан хөтөлийн сунгаа тодорхойллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 27 -нд

Хаврын бүсийн хамгийн том уралдаан болох “Дүнжингарав”-ын өнгийг тодорхойлох сорилго уралдаан өнөөдөр Цагаан хөтөлийн хөндийд боллоо. Энэ өдөр Төв аймаг болон Өлзийт хороололд сунгаантай байсан  ч  Цагаан хөтөлийн сунгаанд 80 гаруй азарга, 150 гаруй их нас, 60 гаруй соёолон мордсон билээ.

Эрлийз азарганууд хадуурч Барын хээр түрүүллээ

Тус сунгаанд 80 гаруй азарга  шандас сорьж давхисан билээ. Гарааны  зурхайгаас зул задархад  тархины 10-аад азарга дотор нэг ч монгол адуу байгаагүй гэхэд хилсдэхгүй биз. Зурхайгаас  Төв аймгийн Баянцогт сумын уугуул  Манлай уяач Д.Одгэрэлийн уясан  хонгор халзан,  Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн  “Сувдан бор”  нар хөтөлж гарсан  ч  замын дунд тархины хэдэн азаргыг дагуулж хадуурсан юм.  Зурхайн үзүүрт ирэхэд Увс аймгийн уугуул Барын хээр азарга өнгөлж Өвөрхангай аймгийн Хужирт  сумын уугуул  АПУ-гийн П.Батболдын хул аман хүзүүдсэн билээ. Гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат Т.Галбадрахын зээрд давхиж, Төв аймгийн Баянцогт сумын уугуул Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан Дорнод аймгийн Баянтүмэн сумын уугуул П.Цэгмэдийн хүрэн,  Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын уугуул “Макс” группийн ерөнхийлөгч МУ-ын Тод манлай уяач Д.Ганбаатарын  хүрэн нар эхний тавд багтсан юм.

Их морийг Б.Баатарчулууны хул өнгөллөө

Нэг өдөр гурван газар сунгаан болж байгаа ч  Цагаан хөтөлийн сунгааны их насанд 150 гаруй  хүлэг мордсон юм. Харамсалтай нь зохион байгуулалтгүйгээс болж  гурав тасарч  уралдсан билээ.  Зурхайдаа хүрч эргэсэн  морьдны түрүүг Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Батхүүгийн уясан  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул аймгийн алдарт уяач Б.Баатарчулууны хул авч, Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул “Алтай констракшн”-ий захирал МУ-ын Тод манлай Х.Бат-Эрдэнийн  хүрэн аман хүзүүдсэн билээ. Гуравт Төв аймгийн Баянцогт сумын уугуул Тод манлай уяач Д.Мөнхбатын уясан Орхон аймгийн Баян-өндөр сумын уугуул Ц.Бат-Энхийн хүрэн давхиж Дорнод аймгийн Матад сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатарын бор, Төв аймгийн Баянцогт сумын уугуул  МУ-ын Манлай уяач Д.Одгэрэлийн уясан  Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн  хонгор нар удаалсан юм.

Э.Тамирын эрлийз хүрэн үрээ саахалтын зайтай түрүүллээ

Хурдан соёолонгийн сунгаанд  60 гаруй хүлэг мордсон билээ.  Гарсан цагаасаа эхлэн Ховд аймгийн харьяат  Автомастеруудын холбооны ерөнхийлөгч залуу уяач Э.Тамирын эрлийз хүрэн үрээ саахалтын зайтай түрүүлсэн юм. Аман хүзүүнд Төв аймгийн Баянцогт сумын уугуул МУ-ын   Манлай уяач Д.Одгэрэлийн уясан  Ховд аймгийн Мөст сумын уугуул “АНУ Сервис”-ийн гүйцэтгэх захирал Б.Буяннэмэхийн  бор давхисан билээ.  Гуравт  Төв аймгийн Баян-Өнжүүл сумын уугуул МУ-ын Тод манлай уяач хөдөлмөрийн баатар Д.Даваахүүгийн   хонгор, мөн түүний уяж сойсон МУ-ын Алдарт уяач  Д.Дагвадоржийн хүрэн давхиж,  Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул аймгийн Алдарт уяач Б.Батхүүгийн уясан Төв аймгийн Алтанбулаг сумын уяач Д.Ганзоригийн зээрд удаалсан юм.

Л.Гал

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна