Санаа даган хурдлах Саран хонгор

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 25 -нд

Ардын хувьсгалын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804-н жилийн ойн улсын баяр наадмын хурдан их насны морьдын тааврыг эвдсэн нэгэн хүлэг бол Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул М.Эрхэмбаярын “Саран” хэмээх хонгор морь байлаа.Энэ хурдан хүлгийн уяа сойлгыг “Гоё халиун” галын ахлагч, МУ-ын Алдарт уяач Т.Энхтайван тааруулсан юм.
Алдарт уяач Т.Энхтайван Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын уугуул Отгонбаатар гэдэг залуугаас “Гал хүрэн” хэмээх хурдан буян авч байсан  нь өнөө жил төрийнхөө наадамд айрагдаад буй Саран хонгорын дүү юм. М.Эрхэмбаяр, Алдарт уяач Т.Энхтайван нар эртнээс гэмгүй сайхан нөхөрлөсөн андууд. Тиймдээ ч сумынхаа наадамд дөрвөнтөө айрагдсан Отгонбаатарын хонгорыг онцлон найздаа “найрч” өгчээ.
 Ийнхүү арван настай хонгор морь 2007 оноос М.Эрхэмбаяр уяачийн нэрээр овоглон хүлгэдийн тоосонд хурдлах боллоо. 2008 оны төрийн их баяр наадамд шандсаа сорин 39-д  давхиж, хэдхэн хоногийн дараа болсон “Заамарын хурд-2008 ” бүсийн уралдаанд айргийн тавд хурдлан уясан эзэн, унасан хүүхэд, хурсан олноо баярлууллаа. АХ-ын 88-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 803-н жилийн ойн улсын баяр наадамд хонгор морины амжилт урагшилж Гал хүрэн дүүгийнхээ ар дээр 20-т давхин, “Дорнод-2009” зүүн бүсийн уралдаанд 19-өөр хурдалсан билээ.
Жижигхэн сартай хонгор моринд шинэ эзэн нь “Саран”  хэмээх нэр хайрласан бөгөөд Налайхын урд гол, Хайрханы өвөрт уягдаж, сунгаа болгондоо өнгөлж эзнийхээ сэтгэлд найдварын оч асааж байсан хүлэг өнөө жилийн төрийнхөө наадамд айргийн гуравт, Шигшмэл хурдан хүлгүүдийн “Их хурд-V” уралдаанд аман хүзүүнд хурдлан өнөө цагийн хурдан хүлгэдийн нэгээр хүлээн зөвшөөрөгдлөө.
Мянга мянган жилийн түүхт Монгол түмний түүхийг бичилцсэн хүлэг морьдын тоос тасрахгүй үргэлжилсээр...

"Тод магнай" сэтгүүл дугаар №6

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна