Уламжлалт харвааны өвлийн харваа шинийн 7-нд боллоо

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 19 -нд

Монголын оюуны болон биет өв болох үндэсний нум сумны хэлбэр хийц, харвааны дэг жаяг, ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, дэлхийн уламжлалт харвааны төрлүүдтэй дүйцүүлэн, дэлхийд танигдсан монгол харвааны төрөл бий болгох зорилго бүхий уламжлалт харваачдын холбооноос энэ жилийн анхны харвааг зохион байгууллаа. Шинийн долоонд буюу хоёрдугаар сарын 17-нд сурын талбай дээр болсон энэ харваанд 60 гаруй эрхий мэргэн харваачид хурд хүчээ сорьж, усан могой жилийнхээ од хийморийг шодлоо. Энэ удаагийн харваанд эрэгтэйчүүдээс:
1. Монгол улсын гарамгай мэргэн, “Бурхан халдун” группийн харваач Ц.Хүдэрчулуун
2. “Алдар” спорт хороо, “Монгол ус” төрийн өмчит газрын харваач, Монгол улсын мэргэн Б.Баярсайхан нар тус тус 30 оноо тэнцэн товх харваж, Хүдэрчулуун гарамгай мэргэн тэргүүлсэн юм.
3. “Хангарьд” клубын харваач, Монгол улсын мэргэн Л.Отгонбаяр 25 оноогоор
4. Баянгол дүүргийн харваач, Монгол улсын спортын мастер Х.Бямбажав 22 оноогоор
5. “Петровис” компанийн залуу харваач Г.Батсайхан 22 оноогоор удаалжээ.
Харин эмэгтэйчүүдээс:
1. Төв аймгийн “Чингисийн академи”-ийн харваач, Монгол улсын хошой мэргэн Х.Оюунчимэг
2. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн харваач, Монгол улсын мэргэн С.Энхтунгалаг
3. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн харваач О.Намсрай
4. “Зэв алтантүрүү” багийн харваач, спортын мастер И.Цэцэгмаа
5. “Алдар” спорт хороо, “Жем интернэйшнл”-ийн залуу харваач У.Сосорбурам нарын мэргэчүүл хурд хүч, авхаалж самбаагаа сорин, могой жилийн өнгөө тольджээ.
Өдгөө дөрөв дэх жилдээ зохион байгуулагдсан тус харвааны үеэр голч оноочийг шалгаруулдаг уламжлалтай. Энэ удаагийн голч харваачаар Баянзүрх дүүргийн харьяат, “Бурхан халдун” группийн харваач, спортын дэд мастер Т.Баярмэнд шалгарлаа. Мөн үндэснийхээ дээл хувцас, нум саадгаа агссан хамгийн гоё хувцастай нэг харваачийг шалгаруулдаг юм. Говьсүмбэрийн залуу харваач А.Пүрэвсүрэн могой жилийн дээл бүсэн гоёлтой харваачдыг тэргүүлсэн ажээ. Галын тахилгаар эхэлсэн энэхүү харваа нь сурчдын золголт болдогоороо бас онцлогтой юм.

Үндэсний их өв соёлоо дээдлэн, хойч үедээ өвлүүлэн үлдээх үйлсэд  "Түмэн хишигтэн" ХХК, Уул уурхайн Үндэсний ассоциаци Ерөнхий ивээн тэтгэгчээр оролцсонд эрхий мэргэн харваачид маань талархаж байгаагаа илэрхийлээд, ажлын амжилт хүссэнийг дамжуулж байгаадаа бид ч баяртай.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна