Уяачдын дундаас анхны Хөдөлмөрийн баатар мэндэллээ

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 10 -нд

Морь уях төрийн их хэрэгт үе дамжин шимтэж, монгол наадмын торгон ногоон дэнжийг чимж буй удамт уяачдын нэг нь Манлай уяач Данзанням түүний хүү Тод манлай уяач Даваахүү, ач  Баянбат нар нь юм. Мориор дамжсан үндэсний их соёл, үүх түүхээ хойч үедээ түгээн дэлгэрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй Манлайн үр сад тэр дундаа XX зууны Манлай уяач, Гавьяат малчин, Тод манлай уяач Д.Даваахүү улиран одож буй усан луу жилд од хиймориор дүүрэн байснаа дахин баталлаа. Төрийнхөө их баяр наадамд унаган хүлгэдээ айрагдуулан магнай тэнийн зогссон тэрээр шинэ оны босгон дээр ММСУХ-ны дээд шагнал “Молор эрдэнэ” одонгоор энгэрээ мялаасан тухай бид мэдээлж байсан. Тэгвэл усан могой жилийн сар шинийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндтэй цолыг төрийн тэргүүнээсээ гардан авч, уяачдаас төрсөн анхны баатар боллоо.  МУ-ын Манлай уяач, Тод манлай уяач, Гавьяат малчин, Зууны Манлай уяач хэмээх эрхэм хүндтэй цол хэргэмүүдийг уяачдаасаа хамгийн түрүүнд хүртэн  дархлагдсан тэрээр энэ цагийн  шилдэг уяач гэдгээ дахин баталж Хөдөлмөрийн баатараар өргөмжлөгдлөө. Мал аж ахуйн салбарт 40 гаруй жил тасралтгүй хөдөлмөрлөн буянт мал сүргээ өсгөн үржүүлж, үүлдэр угсааг нь сайжруулж, уяа сойлгыг тааруулан наадамчин түмнээ баясгаж яваа Хөдөлмөрийн баатартаа нийт уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, гарч буй усан могой жилдээ эрүүл энх, төвшин амгалан байж, уясан хүлгэд нь тод магнай торгон жолоогоо өргүүлж байхыг хүсье.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна