Шүлгэнд мөнхөрсөн хурдан бор

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 07 -нд

Завхан аймгийн  Дөрвөлжин сумын уугуул, аймгийн Алдарт уяач Л.Мандарваа  нь хурдан морины захад өссөн нэгэн. Хожмоо эрийн цээнд хүрэхийн цагтаа Партизан Чойбалсан нэгдлийн адуучин болж, 36 жилийг морин дэл дээр өнгөрөөжээ. Тухайн үедээ нэгдлийн
800-гаад адууг маллаж явсан түүнийг нутаг орныхон нь адуучин Мандарваа л гэлцдэг юм.  Ийнхүү адуучнаар ажлын гараагаа эхэлж байсан Мандарваагийн уяж сойн, айраг түрүүнд хурдлуулсан олон морьд бий.  Аймгийн Алдартын хүрэн морь сумын 30 жилийн ойд түрүү магнайд, цавьдар морь нь Говь-Алтай аймгийн Жаргалан сумын 10 жилийн ойд түрүүлэн, аймгийн баяр наадамд гурвантаа аман хүзүүдэж “Нэгдлийн хурдан” хэмээх нэрийг хүртэж явлаа.  Мөн хээр морь нь аймгийн баяр наадамд гурван удаа аман хүзүүдэж зарагдсан жилээ аймагт түрүүлж байжээ.
Бас бор морь нь 1959 онд аймгийн баяр наадамд аман хүзүү, хэд хэдэн уралдаануудад  айраг алдалгүй хурдалж байв. Энд сонирхуулахад Мандарваа нь /Бааваа/ нэгэн ягаан боос гүүг хээлтэй байхад нь Дөрвөлжин сумын Таван толгой бригадаас худалдан авч Борхын голд иржээ. Ингээд энэ гүүнээс эр бор унага гарч дааган наснаасаа эхлэн баяр наадамд олон түрүү магнай авч эзнээ баясгасан юм. Гэдсэндээ ирсэн бор морь соёолондоо нэг, нас гүйцээд хоёр ч удаа Дөрвөлжин сум руу гүйж очсон гэдэг юм билээ.

...Хээлтэй гүүг хошуу дамжуулан худалдахад
Хэзээ хойно гэдсэнд байсан унага нь буцаж гүйдэг юм гэнэ лээ
Хэлээрээ ярихгүй болохоос, монгол мал  ухаантай
Хөлөөрөө тэнцсэн зүлгэн дээрээ хөрвөөн шилгээж зүүдэлдэг юм гэнэ лээ... гэж бор морины тухай шүлэглэсэн байдаг юм.
Ийнхүү олон жил тунчиг одтой наадаж явсан Мандарваа Алдартын  уяаны эрдмийг хүү М.Ядамсүрэн, М.Төгсжаргал , М.Сандагжав нар нь өвлөн авч, үргэлжлүүлэн удамт уяачид гэгдэж явна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна