Монгол попын анхдагчид

А.Тэлмэн
2013 оны 2-р сарын 06 -нд

Тийм ээ, эд бол “Хар чоно” хамтлагийнхан байлаа. Ерээд оны эхээр байгуулагдсан тус хамтлагийнхан дэлхийн томчуудын цугларалт  болох “Music - Quist 92“ хөгжмийн наадмаас өнөө бидний үед моданд ороод байгаа монгол попыг эгшиглүүлэн, Алтан медаль, 5000 долларын эзэн болж байсан  юм. Хоёр үе шаттайгаар шалгаруулдаг тус наадмын эхний шат Монголд болж, тухайн үеийн амьд хөгжмийн “Харанга”, “Хурд”, “Айзам”, “Хөх тэнгэр”, “Соёмбо”, “Хар чоно” зэрэг найман хамтлаг өрсөлдөн, “Хар чоно” шалгарч байлаа. Хоёрдугаар шатанд Азийн 29 орны 30 мянган хамтлагийнханаас  монгол попыг эгшиглүүлсэн манай залуус дараагийн  финалын эрхээ  гардан авсан нь гэрлийн хурдаар гаргасан  амжилт байлаа. Ингээд 1992 оны аравдугаар сарын 11-нд Японы Кагигава хотын “Ямаха ресорт”-д болсон  “Music - Quist 92“ наадмын финалд  таван тивээс шалгарсан 14 орны 17 хамтлаг оролцсоны нэг нь Монголын “Хар чоно” байсан юм. Үндэсний хөгжмийг, орчин үетэй хослуулан, англи хэл дээр дуулдаг байсан тэд Д.Отгонбаярын ая, Д.Ганзоригийн шүлэг “Бид  амьдрах гэж төрсөн юм” дуугаараа ийнхүү Гран при хүртсэн Монголын анхны хамтлаг болсон юм.  Түүнээс хойш нийгэм, цаг үеийн байдлаас болоод тэдний уран бүтээл дөрвөн жил хэртэй завсарласан ч  урлагт элэгтэй ах дүүс хөдөлмөрлөсөөр, уран бүтээлээ туурвисаар л байсан юм. Тэр үед гарсан уран бүтээлүүдийн нэг нь “Хүн ба дэлхий”  байлаа.  Харин Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор  Бүх цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, “Хар чоно” хамтлагтай хамтран “Чингис хаан” рок дуурийг Соёлын төв өргөөнөө тоглосон юм.  Уг рок дуурийн цомнолыг “Хар чоно” хамтлагийн басс гитарчин Д.Ганзориг бичиж,  хамтлагийн ахлагч Д.Отгонбаяр рок аранжировикийг хийсэн бол, хөгжмийг СТА, хөгжмийн зохиолч С.Тараа  бичжээ.  Нэмж сонирхуулахад “Хар чоно” хамтлагийн “Өнөө орой энд... “морин хуурын аяз, “Хэн нэгний хайр”, “Ихэмсэг зангаар ч яах вэ” зэрэг тэдний нэрийн хуудас болсон сайхан уран бүтээлүүд өдгөө ч эгшиглэсээр л байна. Ийнхүү одоогоос хорь шахам жилийн өмнө Монгол попын эхлэлийг тавьсан, дэлхийд үнэлэгдсэн азтай нөхөд  бол “Хар чоно“-ынхон билээ. 

П.Ундраа 


 

4 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.