Усан луу жилийн барилдаануудыг тоймлохуй

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 31 -нд

Сар шиний босгон дээр “Тод магнай” сэтгүүлийн “Монгол бардамнал” үндэсний бөхийн эргэн тойронд болсон луу жилийн үйл явдлаас тольдсон юм.
• Монголын үндэсний бөхийн холбооноос 2012 онд улс, аймгийн алдар цолтой хүчит 196-256 бөхийн барилдааныг нийт 30 удаа зохион явуулжээ.  Нэг удаагийн барилдаанд аймаг цэргийн цолтой 256, сумын цолтон залуу бөхчүүдийн барилдаанд 480-640 бөх, нийтийн монгол бөхийн шандастны барилдаанд 128-256, өсвөр бөхийн барилдаанд 32-128 бөх нэг удаагийн барилдаанд хамрагдан барилдсан байна.
• Аймаг цэргийн цолтой бөхийн барилдааныг 10, сумын цолтой болон цолгүй залуу бөхчүүдийн барилдааныг 10, өсвөрийн бөхийн барилдааныг 5 удаа, нийтийн монгол бөхийн шандастнуудын барилдааныг 5 удаа тус зохион байгуулав.
• Өсвөр үеийн улсын аварга шалгаруулах барилдаан уламжлал ёсоороо Улаанбаатар хотод зохион байгуулагджээ. Энэ удаад барилдааны журмыг өөрчлөн 16, 17, 18 гэсэн гурван ангиллаар зохион явуулж, Монгол улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн аварга шалгаруулах тэмцээнээс шалгарсан шилдэг 30 бөх аваргын төлөө өрсөлдсөн юм. Үүнд аваргуудыг нэрлэвэл: 16 насанд Э.Амартүвшин /Сонгинохайрхан дүүрэг/, Г.Амгалан /Багахангай дүүрэг/, Б.Айдос /Баян-Өлгий/, 17 насанд Д.Цэнд-Аюуш /Баянгол дүүрэг/, Б.Самданжамц /Төв/, Э.Лхамхүү /Увс/, 18 насанд Б.Серик /Баян-Өлгий/, Ө.Дүүрэнбаяр /Сонгинохайрхан дүүрэг/, Л.Энхсаруул /Баянгол дүүрэг/ нар эхний гурван байрт шалгарсан юм. Харин багийн дүнгээр Б.Хаштогтох дасгалжуулагчтай Сонгинохайрхан дүүргийн баг, Д.Бумбаяр дасгалжуулагчтай Баянгол дүүрэг, К.Казбек дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн багууд эхний гурван байр эзлэн цом, медаль, мөнгөн шагналын эзэд болжээ.
• Дархан хотод тус аймгийн БТСГ, ҮБХ-той хамтран залуучуудын улсын аварга шалгаруулах барилдаан /УАШБ/-ыг дөрөв дэх удаагаа зохион байгууллаа.  МУГТ, Дэлхийн аварга, улсын Начин Г.Батсүхийн нэрэмжит болгон явуулсан энэ тэмцээнд 19-21 насны 117 залуу бөх оролцсон байна. Энд аймгийн Арслан Э.Оюунболд /Аварга дээд сургууль/ түрүүлж, аймгийн Харцага Д.Хүдэрбулга /Алдартан дэвжээ/, сумын Заан Ш.Пүрэвгарьд /Замчин спорт хороо/  нар удаалав.  Харин багийн дүнгээр “Аварга дээд сургууль” тэргүүлж,  “Алдартан”,  “Увс нуур” дэвжээнүүд удааллаа.
• МҮБХ-ноос усан луу жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааныг хоёрдахь удаагаа амжилттай зохион байгуулав. Аймаг бүрийн дэвжээдийн төлөөлөл болсон 8-12 бөх багаараа талцан барилдсан юм. 17 дэвжээ хоорондын барилдаанд Сэлэнгийн “Таван хан” дэвжээ тэргүүлж, Өвөрхангайн “Их Монголын хүчтэн”, Увс аймгийн “Увс нуур” дэвжээ удаалжээ.
• Хоёр дахь удаагаа болсон “Хөдөөгийн хүчтэн” барилдаан нь хөдөө ажиллаж, амьдарч байгаа бөхчүүдийг оролцуулдаг уламжлалтай. Энд зургаан бүсээс шалгарсан 12 баг өрсөлдөж, Орхон, Увс аймгийнхан багаараа шалгарчээ.
• Үндэсний бөхийн холбооноос “Нутгийн салхи” бие даасан хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, одоогийн байдлаар нийт 16 аймгийн 200-гаад сумдын сургууль хамрагдаад байна.
•  “Монгол бөхийн их нэвтэрхий толь”-ийг луу жилд гаргалаа. Монгол бөхийн холбогдолтой бүх ойлголт, үг хэллэг, нэр томъёог тайлбарласнаас гадна даншиг, уул тайлгын наадам болон улсын наадам /үндэсний их баяр наадам/-д амжилттай барилдаж шөвгөрөн цол чимэг авсан 1200-аад бөхийг энд багтаасан аж.

Монгол бөхийн түүхэнд 72 жилийн дараа төрсөн улсын Арслан
Их Монгол улс байгуулагдсаны 806, АХ-ын 91 жилийн ойн төрийн их баяр наадамд хүчит 512 бөх барилдаж, аймгийн Арслан П.Бүрэнтөгс түрүүлж, улсын Арслан цол авсан билээ. Энэ нь улсын цолгүй бөх улсын наадамд түрүүлсэн 72 жилийн дараах онцгой тохиолдол боллоо хэмээн бөхийн хорхойтнууд  шагширч байсан нь саяхан. 
 Наадамчин олныг өндөлзүүлсэн улсын наадмын бөхийн барилдааныг могой жилийн босгон дээр дахин тэмдэглэхэд Монгол улсын Заан Д.Рагчаа 8 давж үзүүрлэн, улсын Гарьд цолыг авч  энэ цолыг авч байгаа найм дахь гарьд болсон юм. Түүнчлэн улсын начин Т.Санчир 6 давж улсын харцага, аймгийн хурц арслан Р.Пүрэвдагва, аймгийн арслан  Ж.Амартүвшин, Б.Пүрэвсайхан, аймгийн заан Б.Сугаржаргал нар 5 давж улсын начин цолны эзэд боллоо. Долоо  давж их шөвөгт үлдсэн улсын Арслан Х.Мөнхбаатарт “өлзий бадрах”, Г.Эрхэмбаярт “саруул сайжрах”, 6 давсан улсын Гарьд М.Баяржавхланд “цогт гарамгай”, улсын Харцага Л.Пүрэвжавт “цогт гарамгай”, Ө.Бат-Оршиход “үнэн зоригт” чимэг, 5 давсан улсын Арслан Д.Азжаргалд “улам нэмэх”, улсын Начин Э.Энхбат, Ш.Жаргалсайхан, Б.Гончигдамба нарт “өсөх идэр”  чимгийг  тус тус олгосон байна.
Аймаг цэргийн цолтнууд
Луу жилд болсон аймаг цэргийн цолтнуудын барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдийг сонирхуулбал: 2012 он гарсаар болсон “Талх чихэр” ХК-ийн нэрэмжит бөхийн барилдаанд 256 бөх зодоглосноос аймгийн Арслан Ш.Мөнгөнбаатар түрүүлж, аймгийн Арслан П.Бүрэнтөгс үзүүрлэжээ. Их шөвөгт аймгийн Арслан Б.Баатарцол, аймгийн Арслан О.Гантулга нар үлдсэн юм. 2012 оны сар шинийн барилдаанд 256 бөх зодоглож, аймгийн Арслан Б.Суманчулуун, аймгийн Арслан Р.Пүрэвдагва, аймгийн Арслан Ч. Батчулуун, аймгийн Арслан Ш.Мөнгөнбаатар шөвгийн 4-т үлдэж, Б. Суманчулуун түрүүлсэн билээ. Аймгийн Арслан Б.Суманчулуун нь  луу жил гарсаар Говь-Алтай аймгийн нэрэмжит бөхийн барилдаанд бас түрүүлжээ. Аймаг цэргийн цолтой бөхчүүдийн барилдаанд аймгийн Арслан Ч.Батчулуун, Ш. Мөнгөнбаатар, Б.Одгэрэл, Л.Лха-Очир, П.Мөнхбат нар тогтмол амжилттай оролцож байна.
Юм дуулгах хүү хэний хэн бэ?
Харин сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаануудад сумын Заан Б.Энхсайхан гурвантаа үзүүр түрүүнд үлдэн, үзүүрлэж, 3 сард болсон 448 бөхийн барилдаанд түрүүлжээ. Мөн Завхан аймгийн харьяат, сумын заан Ш.Пүрэвгарьд 2012 оны гуравдугаар сарын 31-нд болсон “Эрийн хийморь” барилдаанд их шөвөгт тунан үлдэж байсан бол таван сард нь  болсон 360 бөхийн барилдаанд түрүүлэв. Тэрээр энэ амжилтаа 9 сард болсон нээлтийн барилдаанаар бататган дахин түрүүлсэн бол 10,11 саруудад шөвгийн дөрөвт үлдэж, 12 сард түрүүлсэн юм. Заалны барилдааныг шимтэн үздэг бөхийн хорхойтнууд Завхан нутгийн бөхийг “юм дуулгах хүү” хэмээн өөр хоорондоо ярилцан, шинждэг. Түүнчлэн Хэнтий аймгийн харьяат, сумын Заан Э.Оюунболд, Төв аймгийн харьяат сумын заан Г.Ганжад,  Б.Бат-Амгалан нарын амжилтаа ахиулж яваа залуус олон байна.
Улаанбаатар хотод болсон томоохон барилдаанууд
Өнгөрч буй усан луу жилд Улаанбаатар хотод 30 гаруй барилдаан болсон аж. Улсын цолтнууд зодоглосон энэ барилдаануудад 128-512 бөх оролцжээ. 2012 оны нэгдүгээр сарын 12-нд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан бөхийн барилдаанд улсын Гарьд И.Доржсамбуу түрүүлж, улсын Арслан Д.Азжаргал, улсын Заан Б.Соронзонболд, улсын Арслан Х.Мөнхбаатар нар шөвгийн дөрөвт үлдсэн юм. Харин харцага цолтны хүндэтгэлийн барилдаанд улсын Арслан Х.Мөнхбаатар түрүүлж, Д.Рагчаа гарьд үзүүрлэжээ. Цагаан сарын сорилго барилдаанд улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ түрүүлж, улсын Заан Д.Рагчаа үзүүрлэсэн бол сар шинийн барилдаанд улсын шинэ Аварга С.Мөнхбат түрүүлж байлаа. Харин улсын Арслан Х.Мөнхбаатар, улсын Начин Б.Сангисүрэн, улсын Харцага Ц.Содномдорж нар шөвгийн дөрөвт үлдсэн билээ. Ер нь луу жилд болсон барилдаануудыг харахад Д.Рагчаа заан тогтмол оролцож, амжилт үзүүлж байгаа юм. Тэрээр Эх орончдын баярын барилдаанд шөвгийн 4-т үлдсэн бол 3-р сарын 18-нд болсон цэргийн баярын барилдаанд үзүүрлэжээ.  Үүнээс долоо хоногийн дараа болсон заан цолтны хүндэтгэлийн барилдаанд Д.Рагчаа  заан түрүүлж, улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Арслан Б.Пүрэвсайхан, Г.Ганцоож нар шөвгийн 4-т үлдсэн  юм. Арслан цолтны хүндэтгэлийн барилдаанд улсын Харцага Ц.Содномдорж түрүүлэн, энэ амжилтаа аварга цолтны хүндэтгэлийн барилдаанд бататгажээ. Харин үзүүрлэсэн улсын Арслан Х.Мөнхбаатар аваргуудын барилдаанд их шөвөгт үлдсэн аж. Өнгөрсөн жилийн наадмын сорилго барилдаанд 208 бөх барилдаж, улсын Гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын Харцага Т.Өсөх-Ирээдүй, аймгийн Арслан П.Бүрэнтөгс, улсын Гарьд Н.Ганбаатар нар шөвгийн 4-т тунасан байна. Харин үүнээс хэд хоногийн дараа болсон Их монгол улс байгуулагдсаны 806, АХ-ын 91 жил ойн баяр наадмын барилдаанд аймгийн Арслан П.Бүрэнтөгс түрүүлж,  улсын Заан Д.Рагчаа  үзүүрлэн, улсын Арслан Г.Эрхэмбаяр, Х.Мөнхбаатар нар шөвгөрсөн билээ. Харин наадмын дараагийн барилдаануудыг харж байхад шинэхэн улсын Арслан П.Бүрэнтөгс БНУ-г тунхагласны өдөр, Эрчим хүчний салбар 90 жилийн ойд тус тус түрүүлж, Эзэн Чингис хааны 830 жилийн ойн барилдаанд шөвгийн 4-т үлдсэн билээ. Харин Рагчаа гарьд “Макс” группийнхээ 20 жилийн ойд түрүүлж, ҮЭЧХувьсгалын 101 жилийн барилдаанд үзүүрлэжээ.  Мөн улсын Заан Ч.Санжаадамба, улсын Харцага Ц.Содномдорж нарын бөхчүүд тогтмол  амжилттай барилдаж байгаа бөгөөд шөвгийн дөрөвт олонтаа үлдсэн байх ажээ.
 Ийнхүү луу жилийн бөхийн  барилдаануудыг тоймлоход ийм байна. Удахгүй монголчууд бидний уламжлалт сар шинийн баяр тохионо. Баярын бэлтгэл эхэлсэн энэ өдрүүдэд бөхийн хорхойтнууд сар шинийн барилдааныг хоног тоолон хүлээж, таавар юугаа хэлэлцэн сууна. 

П.Ундраа

 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна