Ахыгаа дийлсэн нь

2013 оны 1-р сарын 21 -нд

Хардэл жанжин бэйс Өвгөн ноёнтой хурдан хурц адуугаараа өрсөлдөн, дийлж дийлэгдэж явсан Орлойн хошууны Баян Совд, хув Дагва хэмээх ах дүү хоёр уяачийн талаар морины зүтгэлтнүүд түүх судраас олонтаа уншиж байсан бизээ. Баян Совд, хув Дагва хоёр нь Халхын их хүлэгч Өвгөн ноёнтой очиж уралдахаас гадна хоорондоо өрсөлдөж уралддаг байсныг өгүүлэх сонирхолтой түүхийг Жагдар хэмээх уяач буурлын хуучилж байснаар хүргэе.
Ах дүү хоёр уяач хоёр хүрэн морио Орлойн хошууны наадамд уяж. Тэд нэг дор уяагаа босгон хоёр хүрнийхээ уяаг өөр өөрсдийнхөө эрдэм чадлаар эвлүүлж.
Наадам дөхсөн нэг орой Холын хошууны нэг лам буудаллаж гэнэ. Тэр лам хоёр гэр байсны дүүгийнхэд нь буюу хув Дагвынд орж мэнд усаа мэдэлцээд яриа хөөрөө өрнүүлж, хув Дагва ч морь мэддэг эрдэмтэй лам байна гэдгийг ярианаас нь гадарлажээ.
Тэгээд ламд хандан ах бид 2 нэг нэг сайн морьтой юм. Гурван жилийн наадмаар ахын хүрэн түрүүлж, миний хүрэн аман хүзүүдлээ. Энэ жил дийлж уралдмаар байна. Ламтан та эрдэм чадлаасаа харамгүй хайрлана уу гэж сүүтэй мөнгөн аяга, хадагтай барин гуйж гэнэ. Ламтан ч уяан дээр нь очиж их л удаан эргэж тойрч ажигласнаа орж ирэн аль аль нь өө хэлэхийн аргагүй Хөхөөн сарын зээр шиг амьтад байна. Харин ахын чинь хүрэн морь яагаад дийлээд байгаа нэг л шалтгаан байна гэж. Хув Дагва ч за та хэл. Би таны эрдэм чадлыг гомдоохгүй гэжээ. Лам ахын чинь хүрэн морины хойд  хоёр туурайны үзүүр чиний хүрэн мориныхоос арай л шөвгөр юм. Чи хүнд мэдэгдэлгүйгээр арын хоёр туурайных нь үзүүрээс чүдэнзний мод хоёрыг нийлүүлсний  төдий эмтлээд юмуу тайрчих өөр зүйлгүй гэж. Хув Дагва ч сэмхэн гүйцэтгэж, тэр наадамд түүний хүрэн морь Баян совдын хүрэнг хошуу өлгөн түрүүлсэн гэдэг.
Энэхүү хөгтэй түүхийн эзэд болох халхад алдаршсан ах дүү хоёр баян уяачийн бий болгон хурдлуулж байсан  баячуудын хүрэн гэх угшлын адуунууд одоо ч улс бүсэд хурдалсаар байгаа билээ.

Ж.Цэнд-Очир

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна