Булганхангайн шилдгүүд

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 17 -нд

Булган аймгийн морин спорт уяачдын холбоо өнгөрөгч 2012 оны шилдгүүдээ ийн нэрлэжээ. Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн Хутаг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ө.Ганбат, нэг түрүү, таван айраг хүртсэн Бүрэгхангай сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Дэндэвдорж, нэг түрүү, дөрвөн айргийн эзэн Булган сумын уугуул М.Цогт-Очир, хоёр түрүү, нэг айргийн эзэн Булган сумын уугуул Д.Мэндсайхан, гурван айргийн эзэн Баяннуур сумын уугуул, аймгийн Алдарт уяач Ч.Содном нар 2012 оны шилдэг уяачаар шалгарчээ.
Харин шилдэг унаачдыг аймаг, бүсийн наадмаас зургаан түрүү, дөрвөн айраг хүртсэн Хутаг-Өндөр сумын уугуул Л.Отгонбаяр тэргүүлж, Бүрэгхангай сумын уугуул Д.Батмөнх зургаан түрүү, таван айргийн амжилтаараа удаалжээ. Тэдний араас хоёр түрүү, дөрвөн айраг хүртсэн Булган сумын Н.Мөнхдэлгэр, тус сумын харьяат нэг түрүү, таван айргийн эзэн Б.Билгүүндалай нар бичигджээ. Дашрамд сонирхуулахад Б.Билгүүндалай 2010 оны шилдэг унаачаар мөн шалгарч байсан юм. Шилдэг унаачдын тавдугаарт Хишиг-Өндөр сумын А.Ган-Эрдэнэ гурван айргийн амжилтаараа нэрлэгдсэн байна.
Харин шилдэг таван азаргаар:
1.Булган сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Дагийгийн аймгийн наадмын түрүү шарга
2.Бүрэгхангай сумын уугуул, МУ-ын Алдарт уяач Н.Эрдэнэбатын аймгийн наадмын аман хүзүү буурал
3.Хангал сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Амарсайханы бүсийн наадмын түрүү буурал
4.Булган сумын уугуул Д.Мэндсайханы бүсийн наадмын түрүү ухаа
5.Дашинчилэн сумын уугуул, сумын Алдарт уяач С.Шинэжамцын бүсийн наадмын түрүү саарал
 Шилдэг таван их мориор:
1.Дашинчилэн сумын уугуул, сумын Алдарт уяач Б.Буянбаатарын аймаг, бүсийн наадамд айрагдсан хүрэн
2. Хишиг-Өндөр сумын уугуул, сумын Алдарт уяач Д.Батмөнхийн аймгийн наадамд айрагдсан Шагай халтар
3. Хишиг-Өндөр сумын уугуул, аймгийн Алдарт уяач О.Батжаргалын аймгийн наадамд айрагдсан хээр
4.Орхон сумын уугуул А.Батсайханы бүсийн наадмын түрүү сартай хул
5.Булган сумын уугуул А.Лхагвасүндэвийн бүсийн наадмын түрүү хүрэн
Аймгийн шилдэг салбар холбоогоор:
1.Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, 16 айраг хүртсэн Булган сумын “Ачуут” хүлэг холбоо
2.Аймгийн чанартай наадмаас хоёр түрүү, 14 айраг хүртсэн Хутаг-Өндөр сумын “Хутаг-Өндөрийн хурд” холбоо
3.Аймгийн чанартай наадмаас 11 айраг хүртсэн Баяннуур сумын “Цогттайжийн хүлэгч” холбоо тус тус шалгарлаа хэмээн “Булганхангай” морин спорт уяачдын холбооны нарийн бичгийн дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
 

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна