“Монгол Чех металл” ХХК-ийн захирал, Монгол улсын Алдарт уяач Б.Далай: Нутгаа хурдтай болоход анхаарч байна

А.Тэлмэн
2013 оны 1-р сарын 14 -нд

Газар газрын хурдан хүлэг шандас шалган уралдаж азтай одтой аавын хөвгүүдийн хурдан буянгууд төрийнхөө наадамдаа айраг түрүү булаалддаг. Хусуур сойз бүсэлж уяа сойлгоо тааруулах уяач бүрийн чин хүсэл төрийн наадмын айраг,түрүү хүртэн эрийн хийморь сэргээх. Дөрвөн их ой давхацсан өнгөрсөн жилийн баяр наадамд халтар хязаалан нь түрүү магнайд хурдлан мөн эрлийз дунд насны уралдаанаас айраг хүртэн одтой сайхан наадсан МУ-ын Алдар уяач Б.Далайн амжилтын буухиа Увсын даншигт үргэлжлэн соёолон түрүү магнайд хурдлан, дөрвөн ч айраг хүртэн өмтэй сайхан наадсан. Тиймдээ ч Монгол улсын Алдарт хэмээх эрхэм цолоор энгэрээ мялаасан билээ. Харин энэ удаад Алдарт цолных нь мялаалга болон амжилтыг нь батлан хээр даага нь АХ-ын 91 жилийн ойн баяр наадамд айргийн гуравт хурдаллаа. Баяр наадмын хувьд Алдартын уяа өнгөтэй сайхан наадсан. Жишээлбэл хээр шүдлэн нь наймаар хурдалсан бөгөөд, их насны хувьд бор морь нь долоод хурдалсан байна. Төрийн наадамд одтой сайхан наадсан МУАУ Б.Далай төвийн бүсийн уралдаанд морьдынхоо амжилтыг ахиулахаар Хүй долоо худагт уяа сойлгоо тааруулж буй.
Сүхбаатар, Дорнод, Хэнтий чиглэлийн адуугаар нэг хэсэг цусаа сэлбэсэн болохоор одоо унаган хурд нь гарч эхлээд байгаа гэнэ. Дашрамд дурдахад Алдарт уяач цус тэр бүр сэлбээд хурд сайжруулаад байх боломжгүй нутгийнхаа уяачдад хурдны угшилтай унаган үрээнүүдээсээ  бэлэглэн нутгаа хурдтай болоход анхаарч байгаа. Бэлгийн морьдын ихэнх нь нутагтаа уягдаж байгаа бөгөөд эхнээсээ нутагтаа хурдалж байгаа сурагтай. Бумбаяр заанд бэлэглэсэн үрээ нь аймгийнхаа наадамд түрүүлэн, ахдаа өгсөн бор азарга нь аймагтаа айргийн гуравт хурдалсан байна.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна