“Дэлтэй цэнхэр“шилгүүдээ тодрууллаа

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 27 -нд

Хөвсгөл аймгийн “Дэлтэй цэнхэр“ морин спорт уяачдын холбоо шинэ жилийн баярын  цэнгүүнээ энэ сарын 22-ны өдөр хийжээ. Ёслолын ажиллагаанд холбооны тэргүүн УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Дэд тэргүүн Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.Болдбаатар болон бүх сумдын төлөөлөл 100 гаруй уяачид оролцсон  байна.
2012 онд төрийн наадмаас түрүү, айраг  хүртэн одтой сайхан наадсан Хөвсгөлчүүд энэ өдөр   шилдгүүдийг тодруулж, шинэ оны төлөвлөгөөгөө халуун бүлээрээ зөвлөлджээ.
Төрийн наадамд хязаалан түрүүлгэж, эрлийз дээд насны ангилалд Таван цагаан азаргаа аман хүзүүнд хурдлуулсан Тариалан сумынхан энэ жил амжилтаараа эрхгүй ялгарч оны шилдэг холбоо,  шилдэг уяач, шилдэг унаач номинацийн эзэд болсон юм.
Ингээд шилдгүүдийн нэрсийг танилцуулъя.
Шилдэг салбар холбоо: Б.Гантулга тэргүүнтэй “Тариалан” сумын морин спорт уяачдын холбоо
Шилдэг уяач: Тариалан сумын уугуул, Монгол улсын Алдарт уяач Горзойн Доржпүрэв 
Шилдэг унаач: Тариалан сумын унаач Л.Ганбат
Харин аймгийн хэмжээний есөн шилдэг хүлгийн азаргыг Тариалан сумын уяач Б.Ганбаярын төрийн наадамд аман хүзүүнд хурдалсан Таван цагаан хэмээх хээр азарга тэргүүлж, Галт сумын уяач Пүрэвдоржийн хонгор азарга удаалсан бол их насны морьдыг  Рашаант сумын харьяат аймгийн Алдарт уяач Амаржаргалын хул халзан тэргүүлж, Мөрөн сумын уяач Ц.Болдбаатарын хээр удааллаа.
Тоосонд нь ороход бүтэн жилийн хийморь сэргэдэг соёолонгийн чансааг  Мөрөн сумын уяач Ч.Цэрэнбатын цоохор тэргүүлсэн бол, хязааланг төрийн наадмын түрүү МУ-ын Алдарт уяач Г.Доржпүрэвийн Толбот хүрэн, шүдлэнг Мөрөн сумын уяач Нанжидсүрэнгийн хонгор халзан, даагыг Мөрөн сумын уяач Нанжидсүрэнгийн хул тус тус тэргүүлсэн юм.  Ийнхүү дээрх зургаан насны есөн хүлэг Хөвсгөл нутаг 2012 оны шилдэг хүлгэдээр нэрлэгдсэн бөгөөд, тус холбооны дэд тэргүүн Ц.Болдбаатар Хөдөлмөрийн Гавьяаны улаан тугын одонгоор энгэрээ мялаан баяр дээр баяр нэмсэн юм.
Ийнхүү баяр хөөр, амжилт бүтээлээр дүүрэн нэгэн оноо үдэж буй Хөвсгөлчүүд тэргүүнээсээ ирэх жил болох монгол адууны баярт өргөнөөр оролцох үүрэг даалгавар хүлээн, баяраа өндөрлөнө билээ.

А.Тэлмэн


0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна