Ижийтэйгээ баярласан унаачид

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Жавар тачигнуулсан өвлийн хүйтнийг сэтгэл догдлуулсан шинэ жилийн уур амьсгал “гэсгээж” орхино уу гэлтэй. Өчигдөр болсон ММСУХ-ны шинэ жилийн баярт оролцохоор хурдан морины унаач багачууд, ээжүүдийнхээ хамтаар хүрэлцэн ирж оролцсон юм. Үеийнх нь хөвгүүдтэй харьцуулахад унаач хүүхдүүд хэвлүүхэн, бас тэгээд хэрсүү гэж жигтэйхэн.  Гурав дөрөвхөн настай байхаасаа л хурдан морь унаж байгаа тэдний ярих дуртай сэдэв морь.  Энэ тухай яриа эхлэв үү үгүй юу нүд нь гэрэлтээд л, “миний унасан тэр морь тэгж давхиад, айраг түрүү авах үнэхээр гоёо доо”  гэж ирээд л урсгаж өгнө гээч, эгдүүтэй. Бид тэдгээр шилдгүүдтэй ярилцсанаа удахгүй цувралаар хүргэх болно.
ММСУХ –ноос Монгол улсын 2012 оны өндөр чансаатай манлай унаач хүүхдүүдийг ийнхүү нэрлэж байна. 

1. Чансаатай унаачдын нэгдүгээрт “Од” гал уяаны хурдан морь унаач Гансүхийн Сүхбат 32 оноогоор тэргүүллээ. Тэрээр улс, бүсийн наадмаас 2 түрүү, 8 айраг хүртээд байгаа юм.
2.  “Хүй мандал” гал уяаны хурдан морь унаач Мөнгөнхүүгийн Чинбаяр улс, бүсийн уралдаанаас 2 түрүү, таван айраг хүртсэн амжилтаараа хоёрдугаарт бичигдлээ.
3. “Ажнай” гал уяаны хурдан морь унаач Тогоохүүгийн Баярхүү улс, бүсийн наадмаас нэг түрүү, таван айраг хүртэн, 18 оноо цуглуулан  “айрагдсан” юм.
4. “Ажнай шарга” гал уяаны хурдан морь унаач Дэлгэртуяагийн Батхишиг 18 оноогоор удаалав. Тэрээр улс, бүсийн уралдаанаас нэг түрүү, дөрвөн айраг хүртээд байгаа аж.
5. “Дорнын унага” гал уяаны хурдан морь унаач Бадамхандын Баттулга  1 түрүү, 3 айраг хүртэж,  тавдугаарт эрэмбэлэгдсэн юм. 
6. “Унаган хурд” гал уяаны унаач Алимаагийн Алтанхуяг 3 түрүү, 2 айраг хүртсэн амжилтаараа оны шилдэг боллоо.
7. “Дорнын унага” галын унаач Бат-Очирын Дэмбэрэлдондов нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаараа удаалав.
8. “Макс” гал уяаны унаач Цасхүүгийн Алтанхундага 1 түрүү, таван айраг хүртэж, чансаатай унаачдын нэгээр тодров.
9. “Авзага” гал уяаны  унаач Отгонбаярын Гансүх 1 түрүү 4 айргийн амжилтаараа шилдэг есийн нэг болсон юм.
 Унаач хүүхдүүдэд  хичээлийн хэрэглэл, утас, шинэ дугаарын хамт, ээжүүдэд нь мөнгөн аяга, 200,0 төгрөгийн шагналыг гардуулсан юм. Бяцхан жаалууд өөрийн амжилтаараа ээжийгээ баярлуулж байгаадаа баяртай байгаагаа ам уралдан ярьцгаах юм билээ.

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна