“Тод магнай”-н таамаг биелэв

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 17 -нд

Тусгаар тогтнол, түүх соёлоо
Туурайт хүлгийнхээ зоон дээр тунхагласан
Эзэн Богд Чингис хааныхаа гал голомтыг
Энэ цагт бадрааж, Монгол  наадмын сүлд хийморь болсон... уяачдын шинэ жилийн цэнгүүн арванхоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар ресторанд боллоо. 16 цагт эхэлсэн цэнгүүнд ММСУХ-ны тэргүүн Шадар М.Энхболд, Ерөнхий нарийн бичгийн дарга П.Сэргэлэн нарын удирдлагууд,   Монгол улсны Тод манлай уяач Д.Даваахүү, Д.Онон, С.Ганхуяг, Ц.Дуламсүрэн, Ц.Хэнмэдэх, Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, Л.Цандэлэг, Монгол улсын Манлай уяач Б.Бат-Өлзий, Д.Одгэрэл, Х.Бат-Эрдэнэ, Ч.Улаан,Ц.Цэнгэл, А.Батсүх, Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан, аймгийн Алдарт уяач Г.Тэмүүлэн нарын эрхмүүд, унаач хүүхдүүд, тэдний гэр бүлийнхэн хүрэлцэн ирсэн юм. Цэнгүүний  хөтлөгчийн албанд МУСГЗ нэвтрүүлэгч Д.Цоодол, С.Чимгээ нар томилогджээ. Тус баярын оргил хэсэг нь ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр тодруулдаг Монгол улсын манлай есөн уяач, Монгол улсын манлай есөн унаач хүүхэд, Монгол улсын манлай есөн азарга, Монгол улсын манлай есөн их морьд номинацийн эздийг тодруулах торгон агшин байлаа.
Үүнд Монгол улсын манлай есөн уяачаар:
1. Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзий 34 оноогоор тэргүүллээ. 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү, 10 айраг хүртсэн амжилтаараа ийнхүү нэгдүгээрт жагслаа. 
2.  Аймгийн Алдарт уяач Т.Ихбаяр энэ оны Манлай 9 уяачийн хоёрдугаарт 29 оноогоор жагсчээ. Тэрээр өнөө жил 3 түрүү, 8 айраг хүртжээ.
3. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг нэг түрүү, таван айргаар оны манлай уяачаар тодорлоо.
4. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Батзориг 2 түрүү, 4 айргийн  амжилтаараа "айрагдлаа".
5. Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэл 2012 он гарсаар  улс бүсийн наадмаас 4 түрүү, нэг  айргийн амжилтаараа оны манлайлагчдын нэгд багтжээ.
6. Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан 2 түрүү, 4 айргаар манлай 9 уяачийн зургаадугаарт эрэмбэлэгджээ.
7. Нийслэлийн Алдарт уяач Ц. Цэнд-Аюуш буюу олны  нэрлэж заншсанаар “дааган” Цэндээ 17 оноогоор удаалжээ. Тэрээр улс бүсийн наадмаас 1 түрүү, 5 айргийн  амжилт үзүүлж, 2012 оныг үдэж байна.
8.  Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчийрэв улс, бүсийн наадмын нэг түрүү, дөрвөн айргийн амжилтаараа наймд эрэмбэлэгдлээ.
9. Төв аймгийн Сэргэлэн уугуул, Монгол улсын Манлай уяач А.Батсүх 15 оноогоор оны манлай уяачдын есдүгээрт эрэмбэлэгдлээ. Тэрээр луу жил гарсаар улс, бүсийн наадмаас 2 түрүү, 4 айраг авсан амжилтаараа ийнхүү шилдгүүдийн нэг боллоо.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна