2012 оны шилдэг их насны морьд

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 14 -нд

1. МУ-ын Манлай уяач Х.Бат-Эрдэнийн хүрэн морь АХ-ын 91 жилийн ойн баяр наадмын түрүү, Төвийн бүсийн уралдааны түрүү, Өмнөговийн хаврын бүсийн уралдаанд аман хүзүүдсэн амжилтаараа эрэмбэлэгдлээ. Хүрэн морь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын уугуул Эрдэнэбатын унаган адуу билээ. 
2. “Эрдэнэт хүлэг” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Д.Баясгалангийн зээрд 10 оноогоор удаалав. Зээрд морь Төрийн их баяр наадамд гурваар хурдлан, Есөнзүйлийн даншигт түрүү, Төвийн бүсийн уралдаанд аман хүзүүдсэн амжилтыг 2012 онд үзүүлээд байгаа юм.
3. ММСУХ-ын Ерөнхийлөгч М.Энхболдын хүрэн халзан 10 оноогоор 2012 оны чансаатай есөн хүлгийн нэгээр эрэмбэлэгдсэн байна. Халзан морь Улсын баяр наадамд дөрөвлөж, “Дүнжингарав 2012”-т аман хүзүүдэн, Зүүн бүсийн даншигт гуравлаад байгаа юм. Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын унаган адуу халзан морины уяа сойлгыг Архангай  аймгийн Ихтамир сумын уугуул, Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат залуу уяач Э.Дашчирав тааруулдаг.
4. Аймгийн Алдарт уяач Ү.Атарсайханы Ембүү хул морь нь Төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд аман хүзүүдсэн амжилтаараа энэ удаад дөрөвт эрэмбэлэгдсэн байна.
5. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуягийн бор морь энэ жил улсын баяр наадамд айргийн таваар хурдласан юм. Ийнхүү бор морь гурван жил дараалан төрийн наадамд айрагдаад байгаа хурдан ажнай билээ.
6. Ховд аймгийн Чандмань сумын уугуул Ерөөлтийн хүрэн “Дүнжингаравын хурд 2012”-т  түрүүлсэн амжилтаараа шилдгүүдийн нэгд багтжээ. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган адуу хүрэн морины уяа сойлгыг нийслэлийн Алдарт уяач Ц.Цэнд-Аюуш уядаг юм.
7. Сүхбаатарын Түмэнцогт сумын уяач С.Гантөмөрийн хонгор морь нь зүүн бүсийн даншигт түрүүлсэн амжилтаараа багтжээ. Хонгор морины уяа сойлгыг С.Гантөмөрийн ах Манлай уяач Төмөр-Очир тааруулдаг.
8. Төв аймгийн Дэлгэрхаан сумын харьяат "Унаган хурд" галын уяач Ш. Мөнгөншагайн буурал Дундговь аймагт болсон говийн бүсийн уралдаан, "Их мандлын хурд-2012" наадамд түрүүлсэн амжилтаараа удаалав.
9. Жагсаалтын есдүгээрт Ховд аймгийн уугуул, уяач Ш.Адьшаагийн хонгор Баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн амжилтаараа, Дундговь аймгийн уугуул П.Одонбаатарын цавьдар Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд түрүүлсэн амжилтаараа тус тус дөрвөн оноо аван тэнцжээ.

П.Ундраа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна