2012 оны шилдэг уяачид

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 13 -нд

Жил бүр ММСУХ-ны Рейтингийн зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шилдэг есөн уяач, унаач, болон шилдэг есөн азарга, их морьдыг тодруулдаг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн шилдгүүд хэн байх болоо хэмээн догдлон буй энэ мөчид “Тод магнай”-хан талаар зарим нэг дам мэдээллийг авснаа эмхэтгэн хүргэж байна.
1.
 Монгол улсын Манлай уяач Б. Бат-Өлзий эрэмбийн нэгдүгээрт жагсчээ. 2012 оны уралдаануудад МУ-ын Манлай уяач, олноо Дугараа хэмээн алдаршсан Б.Бат-Өлзий одтой сайхан наадаж буй энэ цагийн уяаны өнгийг тодорхойлж буй цөөн уяачийн нэг болохоо харуулаад амжсан. Тэрбээр 2012 онд улс бүсийн наадмаас хоёр түрүү,  /их насны морь/ арван айраг хүртээд буй. Луу жилийн өнгө тольдох хаврын бүсийн анхны уралдаан “Дүнжингаравын хурд”-д азарга аман хүзүүдүүлж, төрийн наадамд их морь түрүүлгэж, соёолон, эрлийз  ангилалд хязаалан тус тус аман хүзүүлсэн юм. Мөн Төвийн бүсийн даншгаас дээд насанд нэг түрүү, Өмнөговьд аман хүзүүдүүлээд байгаа билээ. Үргэлжлүүлээд Төвийн бүсийн даншигт соёолон, эрлийз ангилалд хязаалан, даага, Есөнзүйлийн даншигт соёолон, даага тус тус аман хүзүүдүүлж, Дундговьд соёолон айрагдуулаад байгаа юм. 
2. Аймгийн Алдарт уяач Т.Ихбаяр энэ оны Манлай 9 уяачийн хоёрдугаарт 29 оноогоор жагсаж байна. Төв аймгийн уугуул тэрээр Өмнөговь аймагт болсон хаврын бүсийн уралдаанд П.Одонбаатарын цавьдар морийг түрүүлгэж, Дундговь аймгийн болон Ёсөнзүйлийн даншигт даага түрүүлгэсэн юм. Мөн  Ардын хувьсгалын 91 жилийн эрлийз ангиллын дааганы уралдаанаас аман хүзүү хүртсэн юм. Хээр даага нь УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн нэр дээр уралдсан бөгөөд уяа сойлгыг нь Т.Ихбаяр тааруулжээ. 2012 он гарсаар тун ч одтой наадсан аймгийн Алдарт уяач дээрх амжилтуудаа Дундговийн даншигт азарга, их морь дөрвөөр, соёолон гурваар, хязаалан дөрөвлүүлэн үргэлжлүүлээд авсан билээ. Мөн Есөнзүйлийн даншигт хязаалан гурав, дөрвөөр оруулж, Төвийн бүсэд даага гуравлуулсан юм. Ийнхүү Т.Ихбаяр аймгийн Алдарт энэ жил хоёр түрүү, нэг аман хүзүү, 7 айраг хүртсэн амжилтаараа оны шилдгүүдийн нэг болж байна.
3. Дорнод аймгийн Цагаан-Уул сумын уугуул, аймгийн Алдарт уяач Түвдэнжааждын Батзориг хурдан морины уяа сойлго эвлүүлэх болсоор хорь гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм. 1995 онд сумынхаа наадамд өөрийн унаган адуугаа айрагдуулснаар амжилтын гараагаа эхэлж байсан тэрээр энэ удаад шилдэг есөн уяачийн гуравт эрэмбэлэгдээд байна. 2012 он гарсаар аймгийн Алдарт Т. Батзориг Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шүдлэн түрүүлгэж, эрлийз дээд насны ангилалд азарга аман хүзүүдүүлсэн юм. Мөн Өмнөговийн бүсийн уралдаанд азарга түрүүлгэж, соёолон дөрөвт, азарга тавд хурдлуулан Төвийн бүсийн уралдаанд азарга аман хүзүүдүүлэн үргэлжлүүлсэн амжилтаараа ийнхүү “айргийн гуравт” жагсчээ.
4. Монгол улсын Тод манлай уяач С.Ганхуяг 19 оноогоор удаалж байна. Морины хорхойтнууд бол Бандгаа нэрээр нь анддахгүй. Архангай аймгийн Түвшрүүлэх сумын уугуул Тод манлай Монгол төрийн наадмаас 20 түрүү, 47 айраг хүртсэн амжилтаа энэ онд нэг түрүү, таван айргаар нэмээд байгаа ажээ. Тэрээр Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмын эрлийз ангиллын дээд насанд азарга түрүүлгэж, дунд насанд их морь, бага насанд даага тавлуулсан юм. Мөн хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав”-т  азарга, Төвийн бүсийн даншигт даага тус тус тавлуулан, Өмнөговьд эрлийз азарга гуравлуулжээ.
5. Монгол улсын Манлай уяач Д.Одгэрэл Улсын баяр наадмын эрлийз ангиллын бага насанд даага түрүүлгэж, хязаалан тавлуулсан. Мөн Дундговьд их морь, Есөнзүйлийн даншигт азарга, Төвийн бүсийн уралдаанд даага тус тус түрүүлгээд байгаа юм. Ийнхүү 2012 он гарсаар  улс бүсийн наадмаас 4 түрүү, нэг  айргийн амжилтаараа оны манлайлагчдын нэгд багтжээ.
6.  Монгол улсын Алдарт уяач Б.Отгоннасан хурдан морины  уяа сойлго тааруулах болсоор хорь гаруй жилийн нүүрийг үзэж байгаа юм.  Бага насны адууны уяа сойлгыг тааруулахдаа гаргуун Алдарт энэ удаад Манлайн болзолд тун дөхөөд байгаа юм билээ. Тэрээр энэ жилийн хувьд Баруун бүсийн даншигт их морь, хязаалан түрүүлгэж, соёолон аман хүзүүдүүлэн, азарга гуравт, их морь дөрөвлүүлсэн амжилтаараа Манлай 9 уяачийн зургаадугаарт эрэмбэлэгдэж байна. Мөн Есөнзүйлийн даншигт их морь гуравлуулсан  юм.
7. Нийслэлийн Алдарт уяач Ц. Цэнд-Аюуш буюу олны  нэрлэж заншсанаар “дааган” Цэндээ 17 оноогоор удаалжээ. Нэгэнтээ төрийн наадамд даагыг хоёр хоёроор нь хоёр удаа ч оруулж байсан энэ аатай эрхэм 25 жил морь уяхдаа улсын наадамд найман даага айрагдуулсан байдаг юм билээ. Харин энэ удаад хаврын бүсийн уралдаан “Дүнжингарав 2012”-т их морь түрүүлгэж, айрагдуулан луу жилийн өнгийг тодорхойлоод авсан юм. Үргэлжлүүлэн төрийнхөө их баяр наадамд соёолон дөрөвлүүлж, говийн бүсийн даншигт их морь аман хүзүүдүүлэн, Сүхбаатарын уралдаанд шүдлэн гурваар, Есөнзүлийн даншигт соёолон таваар оруулсан амжилтаар 2012 оныг үдэж байна.
8. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчийрэв бие дааж морь уясан анхны жилээ Төрийнхөө их баяр наадамд их морь айрагдуулаад байгаа билээ.  Тухайн жилийн өнгө тольдох хаврын бүсийн томоохон наадам “Дүнжингарав 2012”-т  дээд насанд нэг түрүү, их морь хоёрлуулан чансаатай нэгэн болохоо харуулаад авсан залуу уяач Сүхбаатарын даншигт их морь гуравлуулж, даага айрагдуулсан амжилтаараа ийнхүү  шилдэгт багтаад байна.
9. Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул, аймгийн Алдарт уяач Т.Ганзориг улсын наадмын нэг, бүсийн наадмын таван айргийн амжилтаараа шилдэг есийн нэг болж байна. Төрийнхөө  наадамд жил дараалан морь айрагдуулж байгаа аймгийн Алдарт энэ жил ч амжилтаа бататган шүдлэн айрагдуулсан юм.
Нэмж тэмдэглэхэд уяач С.Эрдэнэбат,  Дорнод аймгийн Матад сумын уугуул, аймгийн Алдарт уяач Б.Цэндбаатар, О. Батбилэг, А.Батсүх нар  2012 оны амжилтаараа 14 оноотой болж тэнцээд байгаа ажээ. 

 П.Ундармаа

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна