Их хутагтын хишиг

А.Тэлмэн
2012 оны 12-р сарын 10 -нд

Говьшанхын хурдны өлгий нутгийн хөвгүүд луу жилд онгод хиймориор дүүрэн байж, төрийн наадмын азарга, соёолонгийн түрүүг хүртсэн. Гэсэр гэлэнгийн хурдан хулын өлгий нутгийнхан ийнхүү төрийн наадамд алтан жолоо өргүүлснээ “их хутагтын сахиус ивээлээ” хэмээн бэлгэшээж буй сурагтай. Нээрэн ч хуучнаар Түшээт хан аймгийн Говь түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь, Өмнөговь аймгийн нутгаас их хувилгаан, соён гэгээрүүлэгч, түүхч, эрдэмтэн Баригри Ёнден, Дамцагдорж гэгээнтэн төрөн гарч эрдэм мэдлэгээрээ шагшигдаж байсан түүхэн бий. Түүний IV дүр 230 жилийн дараа буюу 2011 онд Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас тодорч, өмнийн говьчуудын магнайг тэнийлгэснийг уншигчид санаж буй бизээ. Их хувилгааны IV дүр нь Цогтцэций сумын иргэн Үйтүмэнгийнх гэх эгэл жирийн айлд төрснийг бурхан шашинтны тэргүүн Богд лам, Далай багш нарын айлдвараар тодруулж, хутагтад өргөмжилсөн юм. Баригри Ёнден, Дамцагдорж гэгээнтэн морины буюу Дамдин Янсан бурханы сахиусан шүтээнтэй байсан гэгддэг бөгөөд тэр утгаар нь  IV дүр Дэнзэнжамьяанлодойд  Шанхай нутгийн уяачид зүс ижил есөн хүлгийг өргөн барьсан   аж. Энэхүү ёслол 2011 оны 9-р сард Шанхай уулын зүүн урд  Дааган дэл хайрханы өвөр бэлд болсон бөгөөд говийн адууны чансааг гайхуулсан Гэсэр гэлэнгийн хурдан хулыг бэлгэдэж, есөн хонгор морийг их хутагтад өргөн барьжээ. Ийнхүү их хутагтаа эргүүлэн залснаар энэ нутгийн уяачид, хурдан хүлгэдийн хийморь сэргэж 84 жилийн дараа нутгийн унаган хүү төрийн наадамд соёолон түрүүлгэлээ хэмээн нутгийн хөгшчүүд  бэлгэшээж  сууна.

А.Тэлмэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна