Бид хамтдаа үзэсгэлэн нээлээ

Дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас нийгмийн халамжийн тухай хууль, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд улсаас үзүүлдэг хөнгөлөлт, тусламжийн талаархи мэдээллийг олон нийтэд түгээхийн сацуу олон бүтээлч ажлыг өрнүүлж байна.

Түүний нэг ажил болох хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйл ажиллагааг дэмжих, олон нийтэд сурталчлах зорилготой “Бид хамтдаа” үзэсгэлэнг “Улаанбаатар бизнес хөгжлийн төв”-д зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга Ц.Баатархүү үзэсгэлэнг нээж хэлсэн үгэндээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэн нийслэлийн удирдлагаас хийж буй ажилуудаа танилцуулсан юм. Тэрээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих бодлого хүүхэд байхаас нь эхэлнэ гэдгийг онцлоод хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багш, нийгмийн ажилчдыг бэлтгэх тал дээр холбогдох яам, төрийн байгууллагатай хамтран олон бүтээлч ажил санаачилсанаа танилцууллаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан спортын ордонг байгуулахын эхлэл болгож зураг төслийн ажилд орсон бөгөөд телевизийн гол мэдээг дохионы хэлний орчуулагтай явуулах санал гаргаснаа дуулгасан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талархалыг хүлээж байлаа.

Нийслэлийн Засаг даргын нийгмийн асуудал хариуцсан орлогч Ц.Баатархүү хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого халамж, хөдөлмөр эрхлэх боломж хоёрт зэрэг чиглэнэ гэдгийг онцолсон юм.
Эх сурвалж: www.news.mn

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна