Гальбиршил

Эрдэнэхуяг
2012 оны 11-р сарын 30 -нд

Монголчууд жороо морийг эрт үеэс баяр наадам, гоёлд унаж эдлэн улмаар сонгон уралдуулах хэмжээнд хөгжүүлж иржээ. Ийнхүү жороо адууг эдлэх явцдаа хурдлах шинж биеийн гадаад гальбир дотоод нууц шинжийг гярхай таньж нэрлэсэн байдаг. Морины шинжийн нэгэн сударт ороо, жороо, хурдан гурвыг эндүүрэв гэж тэмдэглэсэн нь бий. Энэ нь жороо морь гадаад шинжээрээ хурдан морьтой төстэйг анхааруулсан үг болов уу. Цааш өгүүлэхдээ /жороо морь болбоос бөгтөр зоотой, дөрвөн хөл бахим бүдүүн, туурай талбиун байваас сайн буй/ гэжээ
Баянхонгор аймгийн Богд сумын уугуул улсын начин /жороо морь сонирхогч/ Ч.Баасанхүү жороо морь бүдүүн шилбэтэй сагаг богино, хонин шар нүдтэй, дэл сүүл өтгөн байвал шинж эрхэм, бөгтөр зоотой махир борвитой бол дөрвөн мөчний тэнийлт сайн учир явдалд нөлөөлөх сайн талтай хэмээн өгүүлж билээ.
Хүлгийн шинжийн сударын “чихэр амт” хэмээх бүлэгт нууц шинж маш олон бөгөөд тэр бүгд шүдний янз бүрийн тэмдгээр илэрдэг гэсэн байна. Хурдан хурцад хамаарагдах 21 шинжийн нэгдүгээрт: Торгон зул дээд голын шүдэнд нь буйлнаас эхлэн шүдний доод ирмэг хүртэл шахуу, утас татсан мэт гурви байвал түүнийг ийнхүү нэрлэнэ. Энэ нь хурдан сайхаан явдалтай жороо сайвар морины шинж юм гэсэн байна. Ер нь жороо морь шүд сайтай нь хожим илэрсэн жишээ олон бий.
1998 онд уйчдын баяраар уран жолоогоор шалгарсан Ч.Баасанхүүгийн халиун морины шүдийг татахад хорь гаруй настай энэ адуу сайхан бүрэн байв.
Мөн улсын наадамд 1948, 1950 оны жороо морины уралдаанд түрүүлсэн Архангай аймаг Хотонт сумын жижиг Дүгэржавын зээрд морийг мөн хорь гаруй наслаад үхэхэд нь түүний толгойг хадгалж шүдийг нь үзэхэд “дор зах” байсан тухай нутгийн уугуул Ж.Ичинхорлоо гуай ярьж байсан.Морь жороолох явцдаа морины бусад явдлыг бодвол арай илүү хүч зардгийг уяачид ярьдаг. Иймд жороо морийг манай өвөг дээдэс алс холын аянд унадаггүй, гол төлөв баяр наадамд харьцангуй ойр зайнд уралдуулан, ноёд хатад зүс ижилсүүлэн унах зэргээр гоёлд эдэлдэг байж болох бөгөөд ер нь жороо морины талаар дорвитой судалгаа үгүйлэгдэж байгаа юм.

Д.Эрдэнэхуяг

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна