Хакухо 23 дахь түрүүгээ авлаа

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 25 -нд

Японы мэргэжлийн сумо бөхийн арваннэгдүгээр сарын кюүшю башёгийн түрүү бөхөөр их аварга Хакухо М.Даваажаргал тодорч, эзэн хааны цомыг 23 дахь удаагаа хүртлээ. Башёгийн сүүлийн өдөр шинэ ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржтой хүч үзэж, шитатэнагэ мэхээр ялснаар их аварга 14 даваа, нэг унаатай башёг өндөрлүүлж байна. Тэрбээр башёгийн 11 дэх өдрийн барилдаанд озэки Котоошюд өвдөг шороодсон юм. Харин Японы мэргэжлийн сумогийн дэвжээнээ хоёр башё дараалан босоо байж, ганц ч удаа өвдөг шороодолгүй түрүүлснээр сумогийн дээд цолд хүрсэн Харумафүжи Д.Бямбадорж ёкозуна цолтой анхны башёдоо зодоглож, есөн даваа, зургаан унаатай өндөрлүүлэв. Макүүчи буюу дээд зиндаанд барилдсан Монголын бусад сумочдын тухайд озэки Какурюү М.Ананд 9-6, Кёкүтэнхо Н.Цэвэгням 10-5, Шотэнро Д.Нямсүрэн 5-10, Тамаваши Б.Мөнх-Оргил 9-6, Токитэнкү А.Хүчитбаатар 7-8 гэсэн амжилттай кюүшю башёг үдлээ. Ийнхүү 2010 оны хоёрдугаар сард их аварга Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлснаас хойш анх удаа хоёр ёкозуна цолтон зүүн, баруун жигүүрийг манлайлан барилдсан онцлогтой кюүшю башё өндөрлөлөө.

А.Мөнх

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна