Төрийн наадмын дархан айраг-Сүхбаатар адуу

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 22 -нд

Төрийн наадмын дархан айраг, түрүүн эзэн Сүхбаатар нутгийн адууны бахдам амжилтын түүхээс морь сонирхогч та бүхэндээ дуулгая. 1930-аад оны сүүл үеэс тус аймгийн Мөнххаан, Өлзийт, Уулбаян, Дарханхаан, Сүхбаатар зэрэг сумдын уяачид төрийн наадмын торгон ногоон дэвжээг зорин ирж наадах болсон бөгөөд Орлойн гурван зээрдийн эзэн нэрт уяач Давга, Самбуу, Мөнххааны Донойн Гонгор, Жамбын Балдан, Танхүүгийн Чүлтэм, Дарханхааны Жамсрангийн Доо, Сүхбаатар сумын Чогсомын Шарав, Цэвээний Самдан нарын олон уяач Гал шар, Ёст, Орлойн хурдан удамт хүлгүүдээ цулбуур өргүүлж асан 70 жилийн өмнөх төрийн наадмыг эргэн дурсацгаая.
1940 оноос 1953 оныг хүртэл тус аймгийн зургаан насны 36 хүлэг төрийн наадамд цулбуур өргүүлэн, түмэн эхийг дуудуулсан байдаг бөгөөд түүнээс зургаа нь түрүүлж, 14 нь аман хүзүүдэн, долоо нь айргийн гуравт, зургаа нь айргийн дөрөвт, гурав нь айргийн тавд багтсаныг баяр наадмын цуваанаас бэлхнээ харж болно. / Дан ганц хурдан гэлгүй энэ нутгийн жороо морьд  ч төрийнхөө их баяр наадамд цулбуур өргүүлэх нь олонтаа байсан бөгөөд айргийн гуравт хоёр, айргийн дөрөвт нэг удаа хурдалж байжээ./ 1940 он буюу Ардын хувьсгалын 19 жилийн ойн улсын баяр наадамд Сүхбаатарчууд тэр дундаа Мөнххаан сумынхан тун өнгөтэй одтой наадаж соёолонгоос бусад насанд аатай уралдсан юм. Азарганы уралдаанд Донойн Хонгорын хээр айрагдаж, их насны морины уралдаанд Жамбын Балдангийн хүрэн морь түрүүлж, хязаалангийн уралдаанд Танхүүгийн Чүлтэмийн буурал цоохор үрээ түрүүлж, Жамбын Навааны цавьдар аман хүзүүдэн, Танхүүгийн Чүлтэмийн хүрэн буурал үрээ гурвалж, Донойн Гонгорын хүрэн дөрөвт хурдалсан бол шүдлэнгийн уралдаанд Танхүүгийн Чүлтэмийн хүрэн шүдлэн аман хүзүүдэж, дааганы уралдаанд Донойн Гонгорын хээр халтар аман хүзүүдэж, Жамбын Балдангийн халиун айргийн тавд хурдалжээ. Өөрөөр хэлбэл төрийн наадмын 30 айраг түрүүний, 10-ыг нь Мөнххаанчууд дангаараа хүртэж, нутаг адууныхаа чансааг халх даяар гайхуулсан хэрэг. Ер нь Мөнххаан сумынхан нэгэн үе үнэхээрийн хийморьтой наадаж байсан бөгөөд 1943 онд Ардын хувьсгалын 22 жилийн ойн төрийн их баяр наадмын их насны морьдын уралдаанд Чүлтэмжанцангийн хар морь түрүүлж, Балдангийн хүрэн аман хүзүүдэж, Найдангийн бор дөрөвт хурдалж байсан юм. Тэр жилийн соёолонгийн уралдаанд Уулбаян сумын уугуул Лувсанжамцын хүрэн түрүүлж Мөнххаан сумын уугуул Балдангийн цагаан аман хүзүүдэж, мөн сумын Сундуйн хар гуравлан, Уулбаян сумын Сэрээнэнгийн хонгор дөрөвт оржээ. Хязааланд Мөнххаан сумын Чоймболын Балдангийн хүрэн үрээ түрүүлж, мөн сумын Далхаагийн Чүлтэмжамцын халзан аман хүзүүдэн, Жамбалын Навааны хүрэн гуравт  хурдалж байсан нь дээр өгүүлснийг батална.
Харин 1944 онд Ардын хувьсгалын 23 жилийн ойн төрийн их баяр наадамд Сүхбаатар аймгийн Өлзийт сумын Намжилдонройн Чойжамцын цавьдар азарга айргийн тавд хурдалсан бол 1946 оны АХ-ын 25 жилийн ойд Сүхбаатар аймгаас азарга 10, их насны морь 19, соёолон 16, хязаалан 12, шүдлэн 7, даага 7, бүгд 71 хүлэг тоосоо өргөсөн ч ганц  ч адуу айрагт багтаагүй нь бас л хачирхалтай.
1947 онд Ардын хувьсгалын 26 жилийн ойн баяр наадмын их насны  морьдын уралдаанд Дарханхаан  сумын Болдын Санжийн цагаан саарал морь аман хүзүүдэж, хонгор халзан азарга нь айргийн тавд хурдлан, Болдын Ренчингийн жороо бор гурвалж, Болдын Санжийн жороо хүрэн дөрвөлж Дарханхаанчуудын магнай тэнийж байлаа. 
Харин 1948 оны шороон хулгана жилийн  төрийн их баяр наадамд Мөнххаан сумын харьяат Дэндэвийн Найдангийн их насны цавьдар морь аман хүзүүдэж, соёолонд Сүхбаатар сумын 9-р багийн уяач Чогсомын Шаравын хар дөрвөлөн, хязааланд Мөнххаан сумын уугуул Очирын Лувсанцэрэнгийн саарал аман хүзүүдэж байсан билээ.
Сүхбаатар нутгийн хийморилог уяачид гурван жил өнжсөний эцэст 1951 онд Ардын хувьсгалын 30 жилийн ойгоор дахин төрийн наадмын хишиг хүртэцгээсэн бөгөөд их насны морьдын уралдаанд Дарханхаан сумын уугуул Жамсрангийн Доогийн шарга гурвалж, соёолонд Сүхбаатар сумын уугуул Чогсомын Шаравын хүрэн аман хүзүүдэж, мөн сумын 2-р багийн уяач Элдэвийн Чойжамцын хүрэн дөрвөлсөн. Харин хязаалангийн уралдаанд Дарханхаан сумын харьяат Балжирын Зундуйн халиун аман хүзүүдэж, дааганд Мөнххаан сумын харьяат Гүрийн Лувсанжамцын хээр хоёрт давхиж байсан билээ.
Мөн тэр жилийн жороо морины уралдаанд Баруун-Урт сумын харьяат Жамбын Төмөрийн цагаан бор гуравт хурдалсан байдаг бол Сүхбаатар нутгийн бахархалт хүү их жанжин Сүхбаатарын хүү Галсан, дээдсийнхээ нутгаар ирээд буцахдаа морь, азарга хоёр авсан нь улсын наадамд айрагдаж байсан гэдэг. 1953 онд Ардын хувьсгалын 32 жилийн ойн төрийн их баяр наадамд Сүхбаатар сумын харьяат Цэвээний Самдангийн хээр соёолон, мөн сумын уугуул Чогсомын Шаравын хар халзан шүдлэн аман хүзүүдэж байсан билээ. Ийнхүү арав гаруйхан жилийн хугацаанд Сүхбаатар нутгийн хурдан хүлгэд төрийнхөө их баяр наадамд 36 удаа цулбуур өргүүлж, уяач, унаач, уугуул нутгийн олныхоо магнайг тэнийлгэж байжээ. Тиймээс энэ нутгийн адуу эртний хурдтай гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй бизээ.
А.Мөнх-Эрдэнэ

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна