Гавьяатын баатар хүрэнгүүд

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 21 -нд

Монгол айлд хүү төрөх түүнийгээ гурван ой хүрэхэд нь даахь сэвлэгийг нь үргээх үед гэрийн эзэн хүүдээ даага юмуу үрээ голдуу зүслэн өгдөг өнө эртний уламжлал бий. Энэ бол голомтын эзнээ халуун хошуут малаараа мялаадаг монгол ёсон билээ. Монгол улсын Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Гончигийн Бирваа хүрэн халзан морьтой.  Тэрээр Халхын голын дайчин бөгөөд дайнд оролцож явахдаа бүрэн зэвсэг дээрээ бүрээгээ үүрээд хүрэн халзан морио унаж явдаг байжээ. 1987 оны намар радио өргөн нэвтрүүлгээр Бирваа гуай дараах зүйлийг ярьсан нь радиогийн алтан фондод хадгалагдан үлдэж зарим ном сэтгүүлд хэвлэгджээ. Хөгжмийн зохиолчийн дурсамжаас товчлон хүргэе. "1936 оны 5-р сарын 13-наас 1О-р сарын 1 хүртэл хүрэн халзан морь минь хүнд бэрх замыг туйлын тэсвэртэй туулсан төдийгүй дайсны нисэх онгоцны дайралт, бөмбөг сумны дэлбэрэлт, исгэрэлтийг андахгүй хоёр чихээ хулмайлгаад хар эрчээрээ хандсан зүг рүүгээ зайлан холдож намайг олон удаа аварсан даа. Бороо асгаж, манан харанхуйлсан нэг өдөр яаралтай холбоо барихаар өөр анги руу намайг явуулав. Мориныхоо хурдаар чиг баримжаа муутай давхиж явтал гэнэт цув нөмөрсөн хүмүүс тал талаас гарч ирээд бариад авлаа. Тэд япончууд биш орос хүмүүс байлаа. Намайг Монгол хүн гэж таньж майхандаа оруулаад нүцгэлж, хамаг хувцасны усыг мушгин эврээгээд хуурай цагаан цамц өмсгөж ундалж хооллоод гаргав. Гол дээр тавьсан гүүрээр морь минь гарч өгөхгүй байснаа ус руу үсрэн оронгуут хөл алдахад нь хондлой руу нь гулсан бууж сүүлнээс нь барьж чирэгдсээр гараад ирэхэд тэд ихэд хөгжилдөж билээ. Зөвлөлтийн дайчид намайг живлээ гэж бодсон бололтой уснаас гараад ирмэгц баярлалдан “ура” хашгиран алга ташиж байлаа.
Бирваа гуай тэр хүрэн халзан морь чинь нөгөө таны дууны баатар Зандан шоо мөн үү гэхэд, тэр чинь цэрэгт явахаас өмнө Баянхонгорын Шаргалжуутын голоос гараад Архангайн Цэнхэр сумын нутаг Өвөрхашаат хүртэл чадал шандастай зандан хүрэн мориороо дан уул модон дундуур 120 км газар гатлан сүйт бүсгүйдээ нэг орой давхин хүрсэн учиртай юм гэж хариулж билээ. Ямар ч атугай хүрэн зүсмийн морьд Бирваа гуайд ээлтэй байж дээ гэж бодогддог юм.
Сэтгүүлч, СТА Л.Сандуй

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна