Төрийн наадмын хишгийг түмэн олонтойгоо

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 19 -нд

Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг “Үндэсний бахархлын өдөр” болгон жил бүр тэмдэглэн өнгөрүүлэх болсон билээ. Тус бэлгэшээлт өдрийг сонгон аймгийн Алдарт уяач Ү.Атарсайхан мялаалга наадмаа Сүнжин Гранд зочид буудалд нижгэр тэмдэглэлээ.  Их Монгол улс байгуулагдсаны 806, Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадмаар тун ч одтой наадсан эрхмүүдийн нэг бол аймгийн Алдарт уяач Ү.Атарсайхан юм. Уяач бүрийн сэтгэлийн үзүүрт их насны морь төрийнхөө наадамд түрүүлж, айрагдуулахыг хүсдэг. Энэ жишгээр эзнийхээ найман жилийн хүлээлтийг тайлан, Ембүү хул нь төрийн наадмын хишгийг хүртсэн юм. Луу жилийн наадмаар их насны морио аман хүзүүдүүлж, шүдлэн зургаагаар, даага арван хэдээр давхиулсан амжилтаа ийнхүү арваннэгдүгээр сарын 14-ны билэгт өдөр морины төлөө сэтгэл зүрхээ зориулан яваа нөхдийнхөө хамтаар тэмдэглэсэн нь энэ байлаа. Хурдан морины хусуур, сойз зүүсээр хэдийнэ арав гаруй жилийг үдэж буй түүний өвөө Ховд аймгийн Дарви сумын уугуул З.Ядмаа гэж нутаг орондоо нэртэй уяач нэгэн явсан юм билээ. Ядмаа уяачийн халиун даага, шүдлэн хоёроо төрийнхөө наадамд хоёр жил дараалан түрүүлгэж явсан амжилтыг ач хүү нь их насны аман хүзүүгээр үргэлжлүүлсэн нь энэ байлаа.
Мялаалга наадмын хүндтэй зочдын дунд Монгол улсын Тод Манлай Ц.Дуламсүрэн, МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөр, МУ-ын Манлай уяач Г.Батчулуун,  МУ-ын Алдарт уяач Б.Энхболд, МУ-ын Алдарт уяач Ц.Гантөмөр болон “Талын хүлэгч”, “Морин эрдэнэ” зэрэг галынхан “халуун бүлээрээ” ирсэн байх ажээ. Дуу хуурын хөг аялгуунд түрлэг нэмэн түрэх хүндтэй зочдын сайн сайхан бүхнийг бэлгэшээх ерөөлийн үгстэй аймгийн Алдартын баяр сайхан болж өндөрлөсөн юм.
А.Мягмарсүрэн

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна