АХ-ын 89 жилийн ойн баяр наадмын хязаалан насны түрүүлж айрагдсан морьд

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 16 -нд

Түрүү магнай Хурдан халтар
 Ардын хувьсгалын 89-н жил, Их Монгол  байгуулагдсаны 804 жилийн ойн төрийн их цэнгэл наадмын хурдан хязаалангийн уралдаанд
“Алтай констракшн”-ы Ерөнхийлөгч Х.Бат-Эрдэнийн халтар үрээ магнайдаа тоосгүй түрүүлэн ирж наадамчин олноо баясгалаа. Халтар үрээ МУ-ын Манлай уяач Бандгаа хэмээх Ганхуягийн унаган адуу бөгөөд эцэг нь Англи Кадердины Станбул нэртэй азарга юм. Манлай уяач 1992 оны улсын наадамд айрагдсан хээр азаргандаа Төв аймгийн Баянцогт сумын гаралтай Зэгэл гүүг хураалгасан бөгөөд тэдний дундаас хонгор зүсмийн охин унага гарсан нь өнөө жилийн улс бүсийн наадмын түрүү халтар үрээний эх аж. Халтар үрээг дааганд нь Төв аймгийн Ган-Очир гэдэг залуу авсан бөгөөд шүдлэндээ улсын наадамд 20 гаргаж давхиад, Дорнодын зүүн бүсийн наадамд аман хүзүүдэж байсан хурдан буян. Хурд нь танигдсан хүлэг наадмын өмнөхөн Ган-Очироор биш Бат-Эрдэнээр овоглох болсон билээ.
 “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэ сүүлийн үед тогтмол өмтэй сайхан наадаж байгаа уяачдын нэг бөгөөд түүний хээр шүдлэн нь  түрүү жил Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцаны мэлмий гийсний 370 жилийн ойн баруун бүсийн даншиг наадамд айрагдаж байсныг морь сонирхогчид маань санаж байгаа байх. Өнгөрсөн өвөл энэ хээр үрээ, халтар үрээ хоёр их хурдан байсан бөгөөд Халтар үрээ наадмын өмнөх бүх сунгаануудад өнгөлж байсан нь  эзний сэтгэлд улсын наадмын ээлжит айргийн хүлээлтийг бий болгосон бизээ. Залуу уяач хээр үрээгээ өнөө жил өнжөөн, халтар үрээгээ уясан ба МУ-ын Алдарт уяач Бат-Өлзий уяа сойлгыг нь тааруулж улсын наадам болон төрөлх нутаг Говь-Алтай аймгийн  70-н жилийн ойн баруун бүсийн даншигт түрүүлүүлээд байгаа нь энэ.
 Улсын наадмын  хязааланг гарааны зурхайгаас  магнайдаа тоосгүй хөтөлж, тавилангийн үзүүр дээр тарласаар орж ирсэн халтар үрээг жудагтай Монгол эрс уухай хадаан угтсан юм
Аман хүзүү Манлайн хонгор
 Унаган адуугаараа өмтэй сайхан наадах ховорхон “жаргалыг” амталж байгаа уяачдын нэг Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул Монгол улсын Манлай уяач  Ц.Батсайхан өнөө жил өмтэй сайхан наадаж, хонгор хязаалангаа төрийнхөө наадамд аман хүзүүдүүллээ.Ардын хувьсгалын 89-н жил, Их Монгол улс байгуулагдсаны 804-н жилийн ойн баяр наадамд аман хүзүүлсэн хонгор үрээ Ц.Батсайханы унаган адуу бөгөөд шинэ цагийн Монгол адууны төлөөлөл, сүүлийн жилүүдэд тогтмол амжилттай хурдалж байгаа хурдан хүлэг юм.
Хонгор үрээ  даагандаа улсын наадамд  арван хэдээр давхиад хэдхэн хоногийн дараа болсон  Заамарын бүсийн наадамд түрүүлж уясан эзнээ баярлуулж байсан удаатай. Өнгөрсөн жилийн улсын наадмаар уяа дутан хорь гаргаж хурдлаад, давхар уяагаар Баянхонгор аймагт болсон Ламын гэгээн Лувсанданзанжанцангийн мэлмий гийсний 370-н жилийн ойн  “Хангайн бүсийн хурд-2009” уралдаанд  түрүүлж, энэ цагт тодорч байгаа эгэлгүй хурдан хүлгүүдийн нэг гэдгээ наадамчин олондоо харуулсан. Энэ ч утгаараа өнөө жилийн хязаалангийн тааварт яригдаж байсан байх. Наадмын өмнөх сунгаануудад тогтмол өнгөлж байсан хонгор үрээндээ эзэн нь ихээхэн найдвар тавьж, аятайхан хөнгөрүүлээд төрийнхөө наадамд айрагдуулаад байгаа нь энэ. Бүсийн наадмын одтой гэгддэг хонгор үрээ улсын наадамд ч тэнгэртэй гэдгээ харуулж хурдан морины босоо хийморьт сүсэглэдэг түмнийнхээ, гийнгоон түрлэгт олон хурдлах болтугай.
Айргийн гурав “Үүц” хүрэн
Улсын наадмын хурдан морины уралдаанд, тэр дундаа бага насанд шинэ цагийн Монгол адуу “ноёлох” болоод багагүй хугацаа өнгөрч байна.Төрлөхийн хурдан заяат эдгээр хүлгүүдтэй  эн тэнцүүхэн уралдана гэдэг бол Монгол морины шандас, шөрмөсийг шалгасан хүндхэн даваа билээ.Тэгвэл өнөө жилийн улсын баяр наадмын хурдан хязаалангийн уралдаанд “Сүмбэр” группийн Ерөнхий захирал С.Батаагийн  идэрхэн Монгол хүлэг, эрлийз адуутай хүчийг үзсээр айргийн гурваар хурдлан ирж, Монгол эрчүүдийн зүрхийг огшоогоод авсан. Хүрэн үрээ С.Батаа уяачийн унаган адуу бөгөөд эцэг нь Шийтэрийн зээрд азарганы уралдаанд түрүүлж байсан Тогоруу цустай хар азарганы төл хүрэн азарга юм. Эх нь мөн л уяачийн унаган адуу.
Хүрэн үрээ даагандаа улсын наадамд 25-аар, шүдлэндээ амжилт нь урагшилж 16-аар ирж байж. Тиймээс хурдан хүлгээ гамнаж, улсын наадамд нөөсний эцэст “үүц” задарч байгаа нь энэ. С.Батаа 1995 оноос улсын наадамд тасралтгүй уралдаж, 18 жилийн дараа төрийнхөө наадмаас анхны айргаа ийнхүү авсан юм. Хурд нь тодорсон шинэ цагийн Монгол хүлгүүдтэй цэвэр Монгол адуу уралдуулж, төрийнхөө наадмаас анхныхаа айргийг авна гэдэг дуртай аавын хүүд олдоод байхгүй аз хийморь. Энэ хувь С.Батаа уяачид тохиож байгаа нь олон жилийн зүтгэл, халуун хошуут сүргийнх нь хийморь гэлтэй. Эзнийхээ удаан хүлээсэн хүслийг биелүүлсэн, эрэмгий Монгол хүлгийн уяа сойлгыг  олноо Дааган  хэмээн алдаршсан Цэнд-Аюуш уяач тааруулсан юм.
Айргийн дөрөв Дүү бор
“Зоос” бор хэмээх хурдан хүлгийг морь сонирхогч хэн бүхэн андахгүй. Тэгвэл өнөө жилийн улсын баяр наадмаар битүү бор хязаалан айрагдсаныг наадамчин олон “Зоос” борын дүү хэмээн ам уралдан ярьж байсан. Төрийнхөө наадмын түрүү “Зоос” Сүхбаатар зүгийн адуу бол зүсээр ижил энэхүү үрээ Дорнод зүгийн угшилтай адуу.
Бор үрээ гурав дахь үе дээрээ явж байгаа эрлийз адуу бөгөөд түүний өвөг эцэг нь цэвэр цусны азарга, Монгол гүүний дундаас гарсан нэгдүгээр үеийн эрлийз юм. Тэгэхээр бор үрээ бараг Монголжиж байгаа адуу хэмээхэд нэг их хазгайдахгүй болов уу. Бор үрээг Б.Батбаяр уяачид нутгийнх нь дүү “МТТ”-ын Тэрбиш өнгөрсөн жилийн түрүүг нь мялаан бэлэглэжээ. Түрүү соёолонгийн хишиг хурдан үрээгээ тэрээр хайртай зээдээ зүслэн өгч, хийморь юуг нь шинжсэн нь ийнхүү төрийн наадмын айргийг тасалсангүй.
Бор үрээ АХ-ын 87-н жилийн ойн улсын баяр наадамд даагандаа наймалж, шүдлэндээ есөд хурдлан,  “Очирвааны хурд-2009 ” баруун бүсийн уралдаанд долоолж байсан хурдан буян юм. Өнөө жил бор үрээний уяа сойлгыг “Зоос” галын туслах уяач байсан Батболд тааруулсан бөгөөд Сэлэнгийн бүсийн уралдаанд 10-т хурдлуулаад байгаа билээ.
Алдарт “Зоос” борын халааг авч, наадамчин олноо баясгаж байгаа бор үрээг “дүү” бор хэмээн нэрлэхэд буруудах зүйл байхгүй биз ээ.
Холбоотой хоёр бор олон наадмын чимэг болж, ард түмнээ баясгах болтугай…

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна