Морин дэл мөнхөрсөн Манлайн бахархал Ц.Зандалбал

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 12 -нд

Морин дэл мөнхөрсөн Манлайн бахархал Ц.Зандалбал /1882-1963/

Шанхын хурдан хүлгүүдийн шандас юуг гайхуулж, булгын эх, усны ундарга болдог нь Цогтцэций, Манлай сумын уяачид юм. Хуучнаар Түшээт хан аймгийн Эетэй бэйлийн хошуу буюу одоогийн Манлай сумынхан хүлэг шинжээч, хурд ирлээч Ц.Занданбал агснаараа  цаг ямагт бахархан суудаг юм билээ.
Нутгийн зон олны сэтгэлд зуун дамжин амьдарч буй их уяач Цэрэндоржийн Занданбал 1882 онд сумынхаа зүүн хойно орших Шавар толгойн өвөлжөөнд айлын голомт залгах ганц хүү болон мэндэлжээ. Агуу хүн агуугаараа төрдөг гэдэгчдлэн Ц.Занданбал агсан багын л малд нүдтэй тэр тусмаа  нэг харсан адуугаа анддаггүй авхаалжтай нэгэн байсан хэмээдэг. Тэрхүү малд нүдтэй багын зан нь хожим түүнд төрийн наадмын түрүү хүртэх ховорхон завшааныг бэлэглэж, 1917 оны наадамд их морь, 1922 оны наадамд азарга, 1923 оны наадамд даага түрүүлгэн говьшанхын хурдыг халх даяар цуурайтуулсан их уяач хэмээгдэн түүхийн шарласан хуудаснаа хадгалагдан үлджээ.
Ц.Занданбал адуу сайн шинждэг, хурд танихдаа гаргуун нэгэн байсан нь олон жишээн дээрээс харагддаг. 1930-аад оны үед юмдаг уу даа. Хиа Дагвын адуу усанд орж байгааг Занданбал уяач алсаас харж суутал нэг гүү нь унагалж, гарсан унага нь дөрвөн хөл дээрээ тэнцэн босжээ. Босоо төрсөн ухаа унага хожим нь Босоо ухаа нэртэй хурдан азарга болсон бөгөөд хошууны даншиг наадамд дөрвөн жил дараалан түрүүлсэн хэмээгддэг билээ. Ц.Занданбал уяач Босоо ухаагаа хавчигт нь Дундговь аймгийн Дэлгэрхангай уулын даншиг наадамд авч очжээ. Халхын цуутай буян ирснийг мэдсэн нутгийнхан түрүүгээ алдах нь хэмээн битүүхэн эмээж “Ийм том наадамд ийм жижиг үрээ явуулаад яах нь вэ дээ” хэмээн егөөдвөл учрыг нь гадарласан Ц.Занданбал “адилхан мал юугаараа дутахав” хэмээгээд мордуулж байсан гэдэг. Тэр наадамд Босоо ухаа азарга саахалтын зайтай түрүүлж шанхын адууны шандсыг гайхуулж, эзнийхээ магнайг тэнийлгэжээ. Үүнээс хожуу Ц.Занданбал уяач Хүй мандалын долоон хошуу даншигт ухаа азаргатайгаа очиж, даншгийн дархан түрүү бор азаргатай уралдахаар болж гэнэ. Газар сайн мэдэхгүй Босоо ухаа бариа харагдтал ганцаараа тасарч явсан ч жижиг голыг гатлахдаа баахан саатаж, энэ хооронд ноёны бор азарга гүйцэн ирж, хамт гол гатлан барианд Ухаа нь түрүүлж орсон ч ноёд борыг нь барьж жалга довны үзэл гаргаж байсан гэдэг юм билээ.
Ийнхүү эхээс төрөхдөө сайн уяачийн гярхай нүдээр шинжигдсэн Ухаа азарга үнэхээрийн босоо хүлэг байсан бөгөөд Ц.Занданбал уяачийн алдрыг олонтаа дуурсгасан байдаг.
Нэрт уяачийн нэвт шинжсэн өөр нэгэн хүлэг бол  Нарийн халзан азарга нь юм. Ханбогд сумын тууварчид Дорнодын Баянтүмэн суманд мал хүргэж өгөөд буцахдаа нэрт уяачийнд саатжээ. Аянчид айраг уун цангаа тайлж байх зуур гэрийн эзэн хаяагаар унаж ирсэн хамар цагаан хар гүүг нь харан “чиний энэ унаж яваа морь уу гүү юу” хэмээгээд гүү гэхэд нь “тэгвэл би авъя” хэмээн хоёр адилхан улаан хээр морин дээр нэг ат өгчээ.
Тэгээд аянчдаас авсан хамар цагаан хар гүүгээ Армаг хүрэн азаргандаа хураалган хар халзан унагатай болсон бөгөөд тэр нь хожмоо Манлай сумын наадамд хоёр, Ханбогд сумын наадамд нэг түрүүлсэн Нарийн халзан хэмээх хурдан хүлэг нь болсон билээ. Энэхүү халзан азарга 1952 оны наадамд Цогтцэций сумын уугуул Норовдоржийн дааган цагаасаа хойш 13 түрүүлсэн хурдан бор азаргыг дийлж байсан бахдам амжилтын эзэн юм.
Манлайн бахархал нэрт уяачийн хурд танисан өөр нэгэн түүх нь 1951 оны Баян-Овоо сумын наадмын үеэр өрнөжээ. Даага уралдах өглөө Ц.Занданбал агсан Баян-Овоо сумын нэрт уяач “Монхор” хэмээх Р.Дэндэвтэй хамт уралдах үрээнүүдийг шинжээд Р.Дэндэв нь “энэ хүрэн бүүдэн даага өнөөдөр түрүүлнэ” гэхэд Ц.Занданбал  “эсгэлтэй юм эхийг нь олж үзье” гээд уяан дундуур явжээ. Тэгснээ “энэ гүүнээс өөр ийм үр төл гаргах гүү алга” хэмээгээд уяан дээр байсан хонгор халзан гүүг зааж.
Төд удалгүй даага уралдаж, барианд ороход Ц.Занданбал уяачийн хэлсэн хонгор халзан гүүний даага түрүүлж, Р.Дэндэв уяачийн онцолсон хүрэн бүүдэн даага аман хүзүүджээ. Дээхэн үед сайн адууг хэвлийд нь шинжчихдэг мундагчууд цөөнгүй байсан тул нутгийн хашир уяачид тийнхүү түрүүлэх дааганы эхийг шонд уясан атлаа даагыг нь нуусан байсан гэдэг.

Ийнхүү нэрт уяачийн хурд шинжсэн түүх нэлээдийг хүүрнэж болох ч До хээрээ хэрхэн таньсан тухай товч өгүүлээд өндөрлье.1960-аад оны үед Оросоос Дон, хатирч үүлдрийн олон адуу нийслэлд авчраад хүмүүс түүнээс нь сонголт хийж л дээ. Тэгэхэд Ц.Занданбал агсан ах Жигжидтэйгээ очиж адуунуудыг нь шинжжээ. Хүмүүс эхний 10 дотор давхисан үрээнүүдээс шилж сонгон байх зуур Ц.Занданбал 20 орчмоор орсон гэх хээр даагыг онцолж авсан нь хожмоо До хээр /Дон үүлдрийн гэдгийг нь товчилж ийнхүү нэрийджээ/ гэдэг нэртэй хурдан азарга болсон юм.  До хээрийн төлүүд биеийн хийц гоёхон хүлгүүд байдаг бөгөөд Манлай сумандаа одоо ч гэсэн хурдалсаар байна.
Ц.Занданбал  хурд сайн танихаас гадна адууны уяаг гайхамшигтай эвлүүлдэг нэгэн байжээ. Чухам тиймдээ ч 1917 онд Улхын булан хэмээх газар болсон даншиг наадамд их морь, даага түрүүлгэж, 1949 оны аймгийнхаа наадамд Мундаг азаргаа,1953 оны наадамд халиун соёолонгоо, 1954 оны наадамд хар халзан азаргаа тус тус түрүүлгэж байжээ. Мөн 1949 онд Дорноговийн Сайхандулаан сумын наадмын гурван түрүүг хүртэж, 1959 онд сумынхаа наадмаас таван түрүү, нэг айраг хүртсэн байдаг. 1959 оны гахай жилийн тэр нэгэн наадмын эхний аравт хурдалсан азарганууд цөм Ц.Занданбалынх адууны угшилтай байсан бөгөөд тодруулбал долоо нь Босоо ухаагийнх нь төл байсан бахдам түүх бий. 
Айраг, түрүү бөөндсөн алдарт уяачийн баярт наадмууд үүгээр дуусахгүй. 1943 онд Сүмийн гүний даншиг наадамд тэрээр дөрвөн түрүү хүртэн Манлай сумынхаа нэрийг дуурсган байсан гэдэг. 
 Айлын голомт залгах ганц хүү нэгэн үе номын дуу сонсон  хийдэд шавилсан ч, эрийн хийморь сэргээсэн эрх чөлөөт амьдралыг илүүд үзэн нутгийн бүсгүйтэй гэр бүл болж зургаан хүүхдийн ижий, аав бололцжээ. Хүүхэд шуугиж, хүмүүс хөлхөлдсөн их уяачийнх
Үйзэнгийн урд хярд нутаглаж,  хол ойрын хүний хөл тасардаггүй айл байсан хэмээн нутгийнхан ярьдаг юм билээ. Нэрт уяачийн хүүхдүүд эцгийн шийрийг хатаан уяа эвлүүлдэг ч одоогоор З.Гэндэнсүрэн нь Босоо ухаа, Нарийн халзан азаргануудынх нь төлөөр урамтай сайхан наадан, 10 түрүү, 29 айргаар Алдарт уяачид эрэмблэгджээ. Харин хүү З.Гадин нь эцгийнхээ морь сайн танидаг эрдмийг өвлөн авсан  байсан бөгөөд морь шинжихдээ юун түрүүнд шилбэний ясыг нь төөлөн харайлтыг нь хэмждэг зуршилтай аж.
Ц.Занданбал уяач хурдан хүлгүүдийнхээ хийморь лундааг Манлай сумынхаа овоонд даатган жил бүр тахидаг уламжлалтай байсан бөгөөд нэг удаа хурдан мориных нь хөл хугарч Цогтцэций сумын мэргэн ламаас лавлабал “дээд удмын хүнийг оршуулсан газрын нэрийг соль” хэмээжээ. Тэр дагуу нь өөрийн  эцэг Цэрэндоржийг оршуулсан Бутат хонгор хэмээх газрын нэрийг Манлай баясгалант хэмээн өөрчилж, үр удмаараа  тахин шүтсээр байна.
Ц.Занданбал энгийн үед яриа хөөрөөтэй наргианч нэгэн хэдий ч хурд гаргах тун дургүй байсан хэмээдэг. МУ-ын хурц Арслан Дэмүүл агсан залуудаа Занданбал агсны адууг малладаг байсан бөгөөд “гадны гүү адуунд ороход тун дургүй хүн байж билээ” хэмээн дурсан ярьсан байдаг юм.
Ийнхүү халхын хурдуудыг нэг дор цуглуулж, түүнийхээ шидийг мэдрүүлсэн Ц.Занданбал агсан сайн уяачаас гадна шаггүй наргианч, наадамчин эр байжээ. Шатар, даалуу сайн тоглоно. Хаврын урт өдөр З.Гадинтайгаа шатар нүүн ганцхан тоглодог байсан нь  нүүдэл бүрээ  нарийн тооцдог байсны гэрч гэлтэй. Нутгийн саваагүй залуус шатар тоглоё хэмээн ноолоход  “хүүхдүүд минь шатрыг чинь бүтэн ухаантай хүн тоглодог юм” хэмээн ухаан сууж төлөвшөөгүйг нь тойруугаар хэлдэг байсан гэдэг.

Морин дэл дээр ухаажиж, морин дэл дээр мөнхөрсөн халхын цуут уяачийн түүхийг сийрүүлэхэд ийм буюу. Говьшанхын хурдан хүлгүүдийн гийнгоо хадаан хурдлах болтугай. 
 А.Тэлмэн

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна