МАГНАИ ХЭЭР

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 12 -нд

Дорноговьд Дэндэв тайжийн адууны угсаа өнөө ч тасраагүй л байна. Нутгийнхан «тайж адуу» гэлцэнэ. Дэндэв тайж өөрөө ч сайн уяач морь шинжээч байсан ажгуу. Бас амтай ч аатай ч нэгэн байв гэнэ.
Тайжтан нэг удаа Хүй долоон худагт даншиг наадмын дэвжээнд хүлгийнхээ шандсыг сорихоор алс говь нутгаасаа зорьжээ. Түүний уясан хээр морь ч тэр жилийн даншигт дээгүүр давхих морьдын тааварт зүй ёсоор орж байлаа.
Их насны морьд гарах үед Дэндэв тайж хүүхдийнхээ чихэнд “хээр морио гаргаад уралдчихаарай чамтай зэрэгцэж ирэх морь бараг гарахгүй” гэхийг хангай нутагт ирээд хамтран морь уяж байсан хоёр уяач сонсоотхож. Тэгээд хоорондоо, уул нь энэ хээр морь өнөөдөр ёстой зураггүй түрүүлэх юм байна даа. Гэвч энэ Дэндэв яасан амтай, аатай эр вэ гэж ярилцсанаа ойролцоо явсан нэг морь тавигчийг дуудаж морьд эргэнгүүт энэ хээр морийг бариад үлдээрэй гэж захижээ. Морь эргэж гэнэ. Мөнөөх эр ч тэдний хэлснээр хээр морийг бариад үлджээ. Хүүхэд нь уйлаад л тавихыг гуйгаад байж.
Морь тавигч огт дуулаагүй юм шиг л бариад сууж гэнэ. Нэг харахнээ хээр морины нүднээс том том нулимс дусалж байхыг анзаарсан сайхь эрийн сэтгэл гэнэт уярч хүний сайхан буяныг тамлаад юу гэхэв.
Тэгээд ч түрүүчийн морь одоо овоо холдоо биз гэж бодоод тавиад явуулчихжээ. Тайжийн хээр морь өмнөх морьдоо нэхсээр байгаад хол саахалтын зайтай түрүүлж ирлээ. Үүнийг харсан жасын хөх Дондог, оготно Мөрзөв нар Дэндэвийн юу гэхийг сонсохоор дахин очжээ.
Дэндэв тайж хүүхдээ буулгахдаа, цаадуул чинь барьж хоцроо биз дээ гэж асуухыг сонсоод тэр хоёр нэг нь тэсэлгүй хүүхдийг ам нээхээс урьдаж «Яагаад» гэж асуужээ. Хариуд нь Дэндэв тайж:
-Миний хээр морь уг нь энэ даншигт магнайдаа тоосгүй түрүүлэх байсан юм. Гэтэл магнайдаа тоостой түрүүллээ. Нэг нь барьсан биз дээ хэмээн өгүүлээд эрдэнэт хүлгийнхээ толигор магнайг торгон дээлийнхээ нударгаар арчиж зогссон гэдэг. Хамаг морьдын араас нэхсэн юм чинь тоостой байлгүй яахав дээ. Түүнээс хойш тэр алдарт хурдан хүлгийг «Магнай хээр» хэмээн нэрийг олсон гэдэг. Дэндэв тайж түүнээс хойш хэдэн жилийн дараа «Гондоон хээр» гэдэг морио авчирч түрүүлүүлж   байжээ.

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна