Тэсийн алдарт хүлгүүдийн эмгэнэлт хувь заяа

А.Тэлмэн
2012 оны 11-р сарын 08 -нд

Хөвсгөл аймгийн Тэсийн голын алдарт хурдан хүлгүүдийг монголчууд домог мэт ярьсаар ирсэн.
Хишигбатын хурдан хонгор
Ардын хувьсгалын 70 жилийн ойгоор Хөвсгөлөөс ирж уралдсан энэ хонгор морь их насны морины уралдаанд түрүүлсэн ч будлиан гаргаад, хасагдаж билээ. Дараа нь Хөвсгөлийн 60 жилийн ойгоор уралдахаар онгоц хөлөглөн очсон ч онгоцонд хөл нь гэмтэж олныг харамсуулсан. Гэвч доголон хүлэг аймгийн наадамд гуравт хурдалж олноо баясгаж аргагүй хурдан хүлэг гэдгээ баталсан юм. Тэр цагаас Хишигбатад атаархсан муу санаатнууд «хонгор морийг» зүгээр байлгахаа байсан гэдэг. Хоёр жилийн дараа нэгэн үл бүтэх этгээд хонгор морины туурайд хадаас шааж эзэн нь түүнийг мэдэлгүй явсаар хөлгүй болгосон билээ. Өдгөө тэр морь Хөвсгөл аймгийн Тариалан суманд байгаа хэдий ч уралдааны замд гарахаа байсан нь даанч харамсмаар...
Хишигбат мориндоо хайхрамжгүй хандсанаас ийнхүү алдарт хурдан хүлэг нь эмгэнэлтэйгээр дуусч байлаа.
Хөдөлмөрийн баатар Ч. Аварзэдийн «Нийгмийн хонгор»
1980-аад оны үед Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын адуучин Жамхүү гэгч уяач өвгөн нэгдлийн адуу маллаж байхдаа нэг сайхан хонгор даага шинжиж хурдан хүлэг болохыг таньж дааганаас уяж эхэлсэн байна. Тэр цагаас хойш аймаг, сумын наадамд түрүү алдаагүй хурдан хүлэг болж нутгийн ард түмнээ «нийгмийн хонгор» гэгдэх болсон байна.
Гэвч 1987 онд Жамхүү гуайн адуунаас хэдэн сайхан хурдан хүлэг нийгмийн хонгорын хамт алга болж олны гайхалд хүргэв. Хавь ойроор эрж сурсан боловч нэг ч сураг гарсангүй. Гайхаш тасраад байтал Увс аймагт байгаа сураг гарч тэр зүг Аварзэд дарга хэсгийн төлөөлөгч нартай очлоо. Мал туугаад буцаж явсан Увсын тууварчид Цагаан-Уулаар дайран өнгөрөхдөө тэдний адуунаас таслан хөөсөөр 3 өдөр 3 шөнө явж Увст авчирчээ.
Зарим нэгийг замдаа зарсаар цөөн хэдэн адуу үлдсэн байна.
Ийнхүү морьдын байгаа газар очтол Жамхүү гуайн хурдан саарал гэж алдаршсан хурдан хүлгийг Увс Тэс сум руу зарсан ба нийгмийн хонгорыг нутаг буцаж зугтах гээд байхаар нь айлын идэш болгон хэрэглэчихсэн байжээ.
Хөөрхий хурдан хүлэг ямар гэм хийсэн гэж ид сайхан үедээ цаазлагдав аа? Уй гашууд автсан Жамхүү гуай уг сайхан хүлгийг мөнхжүүлэх гэж яваад насан өөд болжээ.

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна