МУ-ын Манлай уяач Ц.Цэнгэл: Сургуульд ч ороогүй жаахан байхдаа адуунд явдал оруулдаг байлаа

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 25 -нд

-Зангиа зүүж, цаас шагайсан улс төрчтэй биш, хөдөөгийн борог амьдралыг хэнээс ч илүү мэдэх тантай өнөөдөр морины тухай хуучилбал ямар вэ?

-Болохгүй нь юу байхав дээ. Их ажлын алжаал тайлж, морь ярих ч сайхан шүү. Юутай ч зүйрлэшгүй амралт болдог. Морь гэдэг өөрөө их хийморилог, тэнгэрлиг сайхан амьтан л даа.
 
-Таныг Пунцагбалжир агсан моринд оруулсан гэдэг билүү?

-Тэгж хэлж болноо. Пунцаг агсан чинь морин спорт уяачдын холбооны анхны Ерөнхийлөгч нь байсан шүү дээ. Мориныхон бол андахгүй. Бид багын найзууд. Манай адуун дээр ирж цагаан гүүний саам уу гэдэг байсан юм. Нэг удаа очсон чинь хэрэг болгоод гэр барьчихсан хүлээж авсан л даа. Гэхдээ би тэгэхэд анх удаа адуу үзэж байгаа биш амьтан биш. Ёстой нөгөө гүүтэй айлын гүзээтэй хүүхэд гэдэг шиг, миний бага нас морин дэлэн дээр өнгөрсөн. Сургуульд ч ороогүй жаахан байхдаа саалийн гүү эргүүлж, орой адуугаа гаргадаг байлаа. Адуу хэрхэн гаргахаас маргааш хэр эрт гүүгээ барих вэ гэдэг нь хамаардаг учраас маш хариуцлагатай ажилд тооцогддог. Тогтуухан гаргавал шөнө хол явчихалгүй өглөө эрт гүүгээ барина. Ширүүхэн хөөчихвөл маргааш өглөө адуу олдохгүй зэмлүүлнэ дээ.
 
-Янз нь та тэр үүргээ их сайн биелүүлдэг байжээ дээ?

-Аа тэгэлгүй яахав. Эцэг маань зааж өгнө. Ер нь адуунд их дөртэй, ялангуяа адуундаа явдал оруулахдаа чамгүй гэгдэж явлаа шүү дээ.

-Тийм үү, хэр баргийн хүн хийдэггүй ажил даа?

-Сургуульд ороогүй байхдаа цэрэгт яваад ирсэн нутгийн ах нарын моринд явдал оруулж өгдөг хүүхэд байлаа. Манай нутагт адуунд явдал оруулдаг хэд хэдэн хөгшчүүл байж билээ. Тэд намайг их хөөргөнө өө. Хүүхэд юм болохоор түүнд их урам орно. Ер нь дээр үеийн хүмүүс хүнд урам хайрлаж амьдралд сургадаг сайхан хүмүүс байдаг. Адуунд явдал оруулна гэдэг хүнээс овсгоо мэдрэмж их шаардана. Жороо, хатираа, арилжаа гээд оруулж л байлаа. Түүнээс гадна эмнэг сургана. Нутгийн хөгшчүүд одоо хэр нь ярьдаг л юм.

-Малд нүдтэй, адуунд эрэмгий хүүхэд байсан гэж үү?
 
-Одоогоор байгаагаар маань байгаа хүмүүс мэдэхгүй л дээ. Тэр байтугай адуучин болно гэж мөрөөддөг байлаа. Хүүхдийн гэнэн зан юм л даа. Мянган адуу хариулаад түүнийгээ өндөр уулан дээрээс хараад сууна гэж хэлээд ээж, аавдаа шоолуулж л байлаа. Хар багаасаа адуутай ноцолдсон болохоор морьдыг ялгана. Гаднаасаа бүгд адилхан юм шиг боловч хэлбэр хийцийн хувьд алхаа гишгээ гээд их ялгаатай. Тийм болохоор дээр үед наадмаар сайхан морьдоороо гоёж түүгээрээ өрсөлддөг байсан. Одоогоор бол хамгийн сүүлийн үеийн хурд хүчтэй ганган машинаараа өрсөлдөнө гэсэн юм уу даа.
 
-Адуунд явдал оруулахад юуг илүү анхаарах ёстой вэ?

-Моринд явдал оруулахад эхлээд амыг нь цуулах хэрэгтэй болдог. Амаа мэддэг болсных нь дараа алхааг нь анзаарч байгаад гишгэгдлийг нь тааруулна. Хамгийн гол нь тэр алхааг нь тогтоох. Нэг  тогтоочихвол тэгээд орчихож байгаа нь тэр. Алхаа оруулчихаар андашгүй л дээ.
 
-Пунцагбалжир агсан таны олон жилийн хоббиг сэдрээсэн юм байна уу?

-За тийм юм даа. Аравдугаар ангиа төгстөлөө амралтаараа хөдөө ах дээрээ очиж адуу хариулдаг байсан. Газар хөдөлдөг 1967 онд Улаанбаатарт орж ирээд дунд сургуулиа төгсөж дараа нь хойшоо дээд сургуульд явсан. Ер нь тэр үеэс л ажил амьдрал, энхэр хүүхэд гээд мориноос хөндийрсөн юм байна. Пунцагбалжир агсан Дэлгэрхаанд өвлийн анхны бооцоот уралдааныг зохион байгуулсан. Тэр уралдаан миний хүүхэд насны дурсамжийг сэдрээсэн гэх үү дээ.
 
-Багадаа эмнэг сургаж адуунд алхаа оруулахаас гадна хурдан морь унаж айрагдаж түрүүлж байсан гэдэг байхаа?
 
-Намайг бага байхад аав маань морь уяж тэр нь айрагдаж байсан. Ах маань ч уяж түрүүлгэж байсан. Би зарим нэгийг нь унаж нэг түрүүлж, гурав айрагдаж байсан. Чи түүнийг  л ярьж байх шиг байна. Миний үеийн хүүхдүүдэд  хурдан морь унана гэдэг мөрөөдөл нь байлаа шүү дээ. Одооны хүүхдүүд өөр болж. Хурдан морь унах хүүхэд олдохгүй шахуу л байна. Өөрөө зөвшөөрөхөөр эцэг эх нь зөвшөөрөхгүй. Өөрийн хүүхдүүд томроод моринд томдчихсон болохоор би энэ зовлонг биеэрээ амсаж байна. Уг нь энэ бол олон зуун жил уламжилж ирсэн хүүхэд хүмүүжүүлэх асар том ухаан юм шүү дээ. Морь унасан хүүхэд биеэ даахаас эхлээд ямар үед нь яаж давхиулах вэ гэдгийг тооцоолж малтайгаа ойлголцдог болдог. Даваахүү гуай ярьдаг даа. Хүүхдээс “За хэд сурдаг вэ” гэж асуугаад онц гэвэл моринд тэнцэнэ гэж бод гэж. Тийм оюунлаг хүний ажил байхгүй юу. Морь унана гэдэг чинь. Амьдрал дээр харж байхад өнөөдөр өнгөтэй өөдтэй явж байгаа сэргээн юмханаар юм хийчихдэг хүмүүс морьтой холбогдсон байдаг юм.  Морь сонирхдог хүмүүс олширч байгаа нь сайшаалтай боловч унах хүүхэд цөөрч байгаад сэтгэл зовниж явдаг. Нийгмийн бас нэг гаж тогтолцоо юмуу даа.

-Уяачдын тоо, нийгмийн давхарга өөрчлөгдсөн. Үүнийг таашаадаггүй бас нэг хэсэг байдаг?

-Миний энэ модон дээр хүртэл /ширээн дээр байсан Булган нутгийн хурд номыг заав/ Эрдэнэ Шанзав Бямбадорж морь уяж байсан тухай бичсэн байгаа. Тэр үед төрийн хүн морь уях нь харин ч бүр нутаг хошууных нь нэр төртэй холбоотой байж. Нутгийн наадмаа бусдад алдахгүй гэж. Үүх түүхээ хөөвөл бидний өвөг дээдэс хаад ноёд харц зарц гэлгүй цөм морио уяж хийморио сэргээдэг байсан.
Социализмын үед л төрийн хүн барилдаж болохгүй, морь уяж болохгүй гэсэн хүний эрхийг хязгаарласан шийдвар гарч, хүмүүс түүнд нь дасчихаад байгаа болохоос биш хурандаа Думбараа гуай гэхэд л улсын начин байсан шүү дээ. Тэр хүнийг дахиж битгий барилдаарай гэж байсан. Авхиа генерал ч ялгаагүй. Төрийн том сайд Хурц гуайг ч морь уяж болохгүй гээд хориглочихсон байх жишээтэй. Одоо цаг үе өөр болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч Путин гэхэд л өөрийн гэсэн морьтой, өндөр шагналтай аварга шалгаруулах нэрэмжит уралдаантай. Сайд байхдаа  Гордоев даргын урилгаар Москвад очихдоо харсан. Тэр том гүрний Ерөнхийлөгч морь тэврээд зургаа авахуулсан байхыг харах сайхан л юм байна лээ.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Бушийн морин тойруулгат авахуулсан зургийг нэг бус удаа харж байсан. Японд эзэн хааны нэрэмжимт өндөр бооцоот уралдаан тогтмол зохион байгуулагддаг гээд олон жишээ ярьж болно. Тэгсэн хэр нь дэлхийн талыг мориороо эзэлж, саяхныг болтол мориороо хөл залгуулдаг байсан Монголчууд бахархах биш яагаад айж эмээх ёстой гэж.

СААРАЛ АЗАРГА МААНЬ ХЭНТИЙД ОЧИХООРОО ДОМОГ БОЛДОГ

-Цуваа харж байхад Цэнгэлийн гэх морьд 2000 оноос томоохон наадмуудад амжилт гаргасан байдаг юм. Түүнээс өмнө яаж давхиж байсан бэ?

 -Намайг морь сонирхох болсон тэр үед Лхүндэвийн хонгор морь ид хурдан байлаа. Хонгороос гадна хар морь, шарга азаргатай. Би хар морийг нь авсан юм. Дараа жилийнх нь улсын баяр наадмаар түрүүлдэг юм байна. Тэгсэн чинь будилсан гээд тооцсонгүй. Тэгэхлээр нь тэр жилээ Ламын Гэгээний наадамд явахаар боллоо. Хар морины уяаг Нямдорж тааруулдаг байсан юм. Лхүндэвийн хонгор морийг уяж Манлай болсон хүн шүү дээ. Манай хүн их аархуу л даа. Хонгор морь анхны Их хурдад түрүүлсэн шүү дээ. Гэтэл урьд өдөр ивээн тэтгэсэн байсан Морьт хангайн Сэргэлэнд   “маргааш миний хонгор түрүүлнэ. Машинаа манай гадаа авчраад тавьчих” гээд байсан юм гэнэ лээ. Нээрэн ч маргааш нь хонгор морь амны бэлгээр нь болж түрүүлж байсан. Түүн шиг Баянхонгор луу явахдаа “Хар морь түрүүлнэ. Сая машины хажууд нохой ирсэн харав уу” гээд л байж билээ.

-Тэгээд хэлсэн ёсоор нь болсон уу?

 -Харамсалтай нь хар морь замдаа эндчихсэн. Энэ мэтчилэн шантарвал шантрах явдал цөөнгүй таарч байсан ч, би мориноос сэтгэл буруулаагүй. Хар морь эндсэний дараа улсын баяр наадмын өмнөхөн шарга азарга маань азаргатай ноцолдоод бариулчихдаг юм байна. Лхүндэвийн хонгор морины дүү их хурдан азарга байсан юм. Яваад очтол бөөн шарх сорви. Даваахүү ахад хэлтэл “нэг хазахад нэг адууны ард ухардаг юм” гэсэн. Тоолсон чинь 30-40  хазуулчихсан байна. Тэгээд уралдсан чинь 50-иадаар ирж байна лээ. Хазуулаагүй байсан бол айрагдах л байсан байгаа биз.

-Тэгээд л саарал азарга Даваахүү Тод манлайгаар шинжүүлж авсан юмаа даа?

 -Зүүн бүсийн наадамд нэг хязаалан үрээ их сайн давхиж байна. Миний хүү моринд дуртай юм чинь очиж авахгүй юмуу гэж Даваахүү Тод манлай хэлсэн юм. 200 гаруй үрээний ард эргээд идэж явсаар түрүүлсэн үнэхээр хурдан хүлэг байсан л даа. Надад ирснийхээ дараа жил улсын баяр наадамд дөрөвт давхиж, түүний дараа жил түрүүлсэн. Бүсийн наадамд бол гурав түрүүлсэн. Даян Түмэн эх цолтой.

-Саарал азаргыг анх харахад юу нь нүдэнд туссан бэ?

 -Хээлтэй гүү шиг цүдгэр, нэг их том матаастай л юм байсан. Ер нь хурдан морь нэг их сайхан царайлаг байдаггүй юм гэнэлээ гэж бодсон. Даваахүү гэдэг агуу хүн шинжчихээд байхад би юу гэхэв дээ.

-Нэлээд үнэтэй авсан гэдэг байх шүү?

-2000 онд арван хэдэн саяар авч байсан.

-Хэнтийнхэн нутгийн хурдаа гаргахгүй гээд нэлээдгүй юм болсон дуулддаг. Тэр хэр үнэний ортой вэ?

-Тэгсээн, 2-3 удаа очиж байж авсан. Машин энэ тэр аваад очно өгөхгүй.

-Саарал азарганы угшил гарвал нь?

-Саарал азарга Хэнтийд очихоороо домог болдог юм. Төрийн нарийн бичгийн дарга байхдаа ажлаар Батширээтэд явж байхад нэг хар гүү харуулж байсан. Уулбаянгийнхан манайх гэдэг. Батширээт манайх л гэдэг. Гэхдээ улс хувьсгалын 50 жилээр түрүүлсэн саарал азарганы төл гэдэг нь үнэн болж таарч байх шиг байна.

-Саарал азарга танд улсын баяр наадмын айраг түрүү хүртэх жаргалыг мэдрүүлсэн. Барианд орж ирэх тэр агшин ямар санагддаг вэ?

-Айрагдахад нь баяр наадмын сурын комиссын даргаар ажиллаж байгаад үзэж чадаагүй. Яагаад гэхээр азарга орж ирэх тэр үед төрийн гурван өндөрлөг сурын талбайд ирдэг. Явуулаад л ухаан жолоогүй морь луу явсан. Ямар сайндаа машины эсрэг талаар гүйж байхав. Дараа жил нь түрүүлэхэд сэтгэл их хөөрсөн дөө. Самсай шархирч, хөл газар хүрэхгүй баярлаж байлаа. Түүн шиг баяр гэж юу байхав. Саарал азарга яг хурд нь орохоороо сум шиг л давхидаг. 800 жилийн ойгоор Багануурт болсон анхны бүсийн уралдааны бичлэгийг үзээрэй. Сум шиг л орж ирдэг. Сунгаануудад хурдан байсан ч, хөл нь эвгүйрчихээр нь улсын наадамд уралдуулаагүй.

-Монгол эр хүний хувьд нулимс дуслуулах нь ховор. Яалт ч үгүй нулимс дуслуулах зүйлийн нэг нь морь байсан гэдэгтэй санал нийлэх үү? Танд тэр агшин хэр олон тохиолдож байсан бэ?

-Тийм шүү. Морь түрүүлээд ирэхэд самсаа шархираад өөрийн эрхгүй нулимс дуслаад байдаг юм. Морьтой нөхөрлөхийн жаргал зовлонг эдэлж яваа эр хүнд морь түрүүлж айрагдах жаргал боловч, хөл гар нь гэмтэх нь хөндүүр шарх үлдээдэг юм. Тийм явдал намайг тойроогүй.


БУУДСАНАА ОНООД БАЙХААР АРАБУУД МОНГОЛЧУУДААР ДАХИЖ АН ХИЙЛГЭМЭЭРГҮЙ ЮМ БАЙНА ГЭСЭН


-Сүхбаатар зүгийн адуу тархинд яригдах болсон. Харин та Хэнтий зүгээс хурдлуулж байгаа юмаа даа?

-Богд хаант засгийн үед Хэнтийн хурд ноёлж байлаа шүү дээ. Түүний юм байлгүй яахав.

-Таныг моринд оруулсан хүн Даваахүү, харин одоо морьдын чинь уяаг Онон Тод манлай тааруулдаг. Яагаад?

-Даваахүү ах “ах нь олон морьтой дийлэхгүй байна. Ононгоор уяул” гэсэн юм.

-Саарал азарга хээр соёолонгийн буянаар шууд МУ-ын Манлай уяач цол хүртсэн. Танд өөр ямар хурдан хүлгүүд бий вэ?

-Хээр үрээний Хэнтий аймгийн 80 жилийн ойгоор түрүүлснийг тооцолгүйгээр Манлай болсон. Миний хүрэн улсын наадамд түрүүүлж, нэг хар морь аман хүзүүдэж байсан нь бас ордог л юм байна лээ. Одооноос өөрийн унаган адуунууд гарч байна.

-Саарал азарганы төл бий юу?

-Нэг эр төл байсныг нь Мэндбаярт өгчихсөн. Уралддаг азарга төл муутай байдаг. Гэхдээ гарах байх.

 -Морь уяхаас гадна ан агнах нь таны хобби юу?

-Ан хийдэг байсан. Одоо больсон. Ан ховордож байгаа учраас болихоор шийдсэн. Хамгийн сүүлд 2002 онд  чоно агнаснаас хойш буу бариагүй ээ.

-Арабт хүртэл буун дуу гаргаж байсан гэдэг байх шүү?

-Тэгсээн. 2003 онд Арабад очиж ан хийсэн чинь  тэндхийхэн гайхаад “Монголчуудыг ахиж оруулмааргүй юм гэж байна лээ.

-Яагаад?

-Ганц буудаад унагаагаад байхаар тэр. Би гурав буудаад гурван мануул унагачихсан юм. Тэндэхийн хууль хатуу. Зааж өгснөөс нь өөрийг оночихвол хариуцлага хүлээнэ. Зүсэлж өгснийг нь буудна шүү дээ.

-Эр хүний чимэг, сайхан эмээл хазаар байдаг. Энэ тал дээр хэрхэн анхаардаг вэ?

-Бий, бий. Цэнгэл гоё сайхан харагдахдаа биш, соёл ёс заншлаа дээдэлж байна гэсэн утгаар нь авч үздэг. Далай Чойнхор Вангийн эдэлж байсан эмээл хазаар надад байдаг юм.

МАНАЙ НУТГИЙН АЙРАГ, ЦААНАА Л НЭГ ӨӨР. САЛАХЫН АРГАГҮЙ АМТТАЙ

-Булган нутгийн хүнтэй уулзчихаад айрагны тухай асуухгүй өнгөрөмгүй байна. Танай нутгийн айраг үнэхээр өөр шүү?

-Чи их үнэн үг хэллээ. Бага байхын л гүүтэй айлын гүзээтэй гээд онгирооно. Манайх нэгдлийн адуутай. Төдөн литр айраг бэлтгэнэ гээд төлөвлөгөө өгчихдөг болохоор 5-10 зэл унага уяна шүү дээ.  Олон гүү саахаар зарим үед цайгаа ч ууж амжихгүй. Гүүгээ сааж орж ирээд аяга цай ууж, гараа амрааж байтал дараагийн саам болчихно. Ямар ч өдөр 11 удаа саадаг байснаа санадаг юм. Хүүхэд юм болохоор уйдамхай. Ямар сайндаа орондоо орчихоод боорцог идэж байхав. Манай нутгийнхан цай гэхээсээ илүүтэй айргаа л ууна. Хавар эхний айраг уухаар 10-аад хоногийн даргаа арьс гуужаад цайраад ирнэ шүү дээ. Манай ах л лав хоол идэж харагддаггүй байсан. Айраг л ууна.

-Та нэг суурин дээр хэдэн литр айраг уух вэ?

-Хүүхэд байхдаа нэг суурин 3-4 хул уучихдаг байсан. Одоо дурнаас цаашгүй болж дээ. Уумаар санагдаад, тэгээд уухаар шалихгүй. Хэдэн жилийн өмнө Цагаандалай сэтгүүлч аймгийн удирдлагатай нийлээд айрагны баярыг зохион байгуулж аль сумын айраг илүү амттай вэ гэдгийг шалгаруулсан юм. Айраг амталж байсан хүмүүсийг үнэхээр гайхсан шүү. 20-иод хүн амтлаад нэг ижил дүн тавьж байна лээ. Олон сумын олон айргийг тэгж нэг хүн шиг амтална гэхээр үнэхээр гайхалтай санагдсан. Тэр уралдаанд Сайхан сумын айраг түрүүлсэн. Үнэхээр сайхан амттай айраг байна лээ.

-Ажил хэргийн шугамаар олон газраар явж, олон айлын айраг амталж байсан байх. Танай нутгийн айраг юугаараа ялгардаг вэ?

-Манай нутгийн айраг цаанаа л нэг өөр. Салахын аргагүй амттай. Тосон торлогтой гэж ярьдаг юм даа. Үлээж байхад цадна гэж байхгүй. Шээгээд л ороод байна. Дээр үед айргийг өнгөр тогтоодог, 12 нугалаа гэдэс, ходоод гэдэсний янз бүрийн юмыг аваад гарчихдаг гэж ярьдаг байсан. Тэгэхээр эмчилгээний чанартай байгаа биз. Чамтай айраг ярьсан уумаар санагдчихлаа. Нэг их ууж чадахгүй ч гэсэн. Хорхой хүрч, арааны шүлс гоожчихлоо байна. /шүлсээ залгив/

-Бидний урилгыг хүлээн авч илэн далангүй ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

А.Тэлмэн

 

 

 


 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна