Хурд хайрласан Баян-Овоочууддаа баярлалаа

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 24 -нд

Мориор дамжсан үндэсний өв соёлыг хойч үедээ түгээн дэлгэрүүлэх хэтийн зорилго өвөртөлсөн “Тод магнай” сэтгүүлийн хамт олон орон нутагт аялан, тухайн аймаг, сумдын шандаст хурдан морь, эрдэмт мэргэн уяачдын талаарх цогц мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэж байгаа билээ. Бидний дараагийн сурвалжлага өмнийн цэнхэр говиос үргэлжилж, говьшанхын хурдны өлгий нутгийн уяачидтай халуун яриа дэлгэснээ эрхэм уншигч та бүхэндээ хүргэж буйдаа баяртай байна. Шанхын хурдны өлгий нутгийнхан бидний ажлыг уухайлан дэмжиж, 14 сумдынхаа төлөөллийг жигд хамруулсан нь бусдаас онцлог байсныг дурьдах нь зүйтэй байх. Ялангуяа Баян-Овоо сумын уяачид хамгийн өргөн бүрэлдэхүүнээрээ оролцон, сонирхолтой хууч дэлгэснийг сэтгүүлийн хуудаснаас бэлхнээ харсан бизээ.Энэхүү уулзалтыг зохион байгуулж, нутгийн уяачид, хурдан хүлгэдийнхээ талаар монгол орон даяар хүргэх боломжийг олгосон Баян-Овоо сумын уугуул “Өмнийн говийн хүлэг” холбооны дэд тэргүүн Б.Амарсанаа ахдаа нутаг орноо гэсэн чин сэтгэлд нь талархал илэрхийлээд, Баян-Овоогийн хүлэг нь  хурдан, хүүхэд нь цовоо, уяачид нь хийморьтой байхыг хүсэн ерөөе.
Мөн энэхүү уулзалтын үеэр Баян-Овоочууд морьтон монголчуудын мөнхийг омогшлыг дэврээсэн “Тод магнай” сэтгүүлийн хамт олонд хурдан даага бэлэглэсэн нь өөр нэгэн онцлууштай үйл явдлуудын нэг байлаа. Халхын цуут хурдуудыг сэтгүүлийн хуудаснаа мөнхөлж байдаг манай хамт олонд өсч үржихийн эхлэл болгож охин даага бэлэглэсэн бөгөөд хээр дааганы эцэг нь МУ-ын Манлай уяач А.Батсүхийн тойруулга гаралтай азарга байдаг бол эх нь Дорноговь аймгийн Иххэт сумын гаралтай сайхан гүү байдаг  аж. Омголон хээр даага тэр даруй олноос “Тод” хээр нэрийг хүртсэн бөгөөд өдгөө ижил сүрэгтээ бэлчээрлэн буй юм. Ингээд биднийг хөдөлмөрийг үнэлж дэмжин хурдан сайхан буян хайрласан Баян-Овоочууддаа нийт уншигчдынхаа өмнөөс баярласнаа илэрхийлээд унага бүхэн нь босоо төрөхийн өлзий билэгт ерөөлийг өөд өөд нь өргөн баръя.
“Тод магнай” сэтгүүлийн хамт олон

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна