214 тэрбум төгрөгийн үнэтэй Франкел

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 21 -нд

Саудын арабын Ханхүү Халид Абдуллагийн Жадмонт жүчээний унаган хүлэг Франкел дуудлагатай сартай хээр үрээ Таймформын чансааг 143 оноогоор тасархай тэргүүлж, өнөөгийн дэлхийн шилдэг хүлгээр нэрлэгдэж байна. Энэ нь цэвэр цусны хурдан хүлгүүдийн чансааг тогтоож ирсэн Таймформын 40 гаруй жилийн түүхэнд 4 дэх өндөр оноо юм. Сүүлийн хоёр жилд 9 уралдахдаа бүгдэд нь магнайдаа тоосгүй түрүүлсэн Франкелийг 100 сая фунт буюу манай ханшаар 214 тэрбум төгрөгийн үнэ хүрнэ гэж хурдан морины мэргэжилтнүүд тооцжээ.
Жадмонт жүчээний  Англи дахь салбарт 2008 онд төрсөн хээр унаганд АНУ-ын домогт уяач-дасгалжуулагч Бобби Франкелийн нэрийг эзэд нь өгчээ. Эдүгээ цагийн агуу хүлэг болоод байгаа Франкелийн удам нь бас л агуу. Түүний эцэг нь домогт Умардын бүжигчний хамгийн алдартай төл Сайдлерс Уилсийн үр Галилео хэмээх азарга ажээ. Галилео нь 2001 онд Английн Дарби, Ирландын Дарби, Хаан Жорж, Хатан Хаан Елизаветийн нэрэмжит уралдаанд түрүүлж тэр жилийнхээ Европын шилдэг хязаалан үрээгээр шалгарч байв. Галилеогийн төрсөн дүү Тэнгисийн Одод 2009 оны дэлхийн шилдэг хүлгээр шалгарч байсан юм. Галилео, Тэнгисийн Одод гэсэн 2 хүлгийг төрүүлсэн Урбан Си хэмээх гүү цэвэр цусны адууны түүхэн дэх шилдэг гүү болж үлдэх биз ээ.
 Франкелийн эх Кайнд хэмээх гүү нь мөн л Умардын бүжигчний үр Данзигийн төл Данехил хэмээх азарганы төл юм байна. Тэгэхээр Франкел нь Умардын бүжигчний цуутай төлүүдийн 2-3 дахь үеүүдийн дундаас төрлийн үржүүлгээр гарсан адуу ажээ.
Франкел шүдлэн насандаа анх уралдаж Роял Лодж Стейкс, Дьюхорст Стейкс тэргүүтэй 4 уралдаанд түрүүлж, Европын Оны шүдлэн үрээгээр шалгарчээ.
Харин өнгөрсөн жил хязаалан насандаа Грийнхэм Стейкс, 2000 Гиней, Хатан хаан Элизабет II-н нэрэмжит уралдаан, Сассекс Стейкс, Сейнт Жеймс Палас Стейкс гэсэн 5 уралдаанд бүгдэд нь түрүүлсэн юм. Эдгээрээс Грийнхэм Стейксээс бусад 4 уралдаан нь Грейд I буюу дээд зэрэглэллийн маш их нэр хүндтэй уралдаанууд билээ. Энэ амжилтаараа Франкел Европын Оны шилдэг хязаалан болон Оны хүлэг цолыг давхар хүртээд байна. Мөн дэлхийн чансааг тэргүүлж байгааг дээр дурьдсан билээ.
Уралдах бүртээ өндөр чансаатай шилдэг хүлгүүдийг дийлэн түрүүлж байгаа Франкелд хамгийн их нэр хүнд авчирсан нь Английн “Гурван Титэм”-ийн эхний уралдаан болох 2000 Гиней-д зургаан бүтэн биений зайтай түрүүлсэн түрүү билээ.
Энэ жил цэвэр цусны адууны түүхэнд бичигдэх нэгэн онцлох явдал бол өнгөрсөн жилийн дэлхийн тэргүүн хүлэг Франкел ялалтын буухиагаа үргэлжлүүлж, Таймформын чансааг 147 оноогоор тэргүүлж, длхийн дээд амжилт тогтоосон явдал юм. Дэлхийн шилдэг хүлгийг тодруулдаг Таймформын чансааны дээд үзүүлэлтийг 1965 оноос хойш Францын алдарт хүлэг Тэнгисийн Шувуу 145 оноогоор эзэмшиж байв.
 Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна