Тод манлай Д.Цэрэнжигмэд: Манай бөх аман хүзүүдлээ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 18 -нд

 Говь-Алтай аймгаас төрөн гарсан ах дүү хоёр Тод манлай бол Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар нар юм. Тэд 1999 оны өвөл Жаргалантын Лхагвагаас авсан ам цагаан хээр азаргаа  хоргой хэмээх Батсүхээр  уяулж,  Төв аймгийн Лүн сумын харьяат МУАУяач  О.Жамъяндоржийн  “Улсын Алдарт уяач цолны мялаалгын наадам”-д  аман хүзүүдүүлэн, үүнээс гурав хоногийн дараа Төв аймгийн Баянжаргалан суманд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит наадамд 300 гаруй азарга уралдахад хээр азарга нь  түрүүлж наадмын өм нээгдэж байсан гэдэг. Тэдний уяанаас Арвай хээр, Босоо хээр,  Жигүүр хул, Асгат саарал, Асгат хээр, Зандан хүрэн, Сарт зээрд, Дэлт хээр, Сөнгө зээрд, Тэнхлүүн зээрд гээд төрийн наадамд “данстай” олон хурдан хүлгүүд төрсөн байдаг билээ. Ийнхүү олон жил морины дэл сүүл боож байгаа Тод манлай нар энэ жил “Макс” группийнхээ 20  жилийн ойг наадамчин олонтойгоо нижгэр тэмдэглээд авсан. Түүнчлэн Архангай аймгийн Булган сумын харьяат, “Хүч” спорт хороо, Нийслэлийн Хөдөлгөөнт эргүүлийн газар, “Бөхбилэгт” дэвжээ, “Макс” группийн бөх Д.Рагчаа төрийн их баяр наадамд үзүүрлэж Монгол улсын Гарьд болсон. Мөн өсвөрийн барилдаанд  Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын  уугуул, “Макс” группийн бяцхан бөх Лхагвадорж түрүүлсэн гээд  Тод манлайнхан одтой наадаад авсан. Энэ тухай баярын сэтгэгдлийг нь Д.Цэрэнжигмэд захирлаас сонирхоход “Манай галаас уяанаас эрлийз ангиллын хязаалан насанд манай унаган азарганы төл Ариунсайханы хязаалан түрүүлж, Дундговь аймгийн Луус сумын Шинэбаатарын хязаалан тавлалаа. Мөн үндэсний бөхийн барилдаанд  Монгол улсын заан Рагчаа маань төрийнхөө их баяр наадамд аман хүзүүдэж, өсвөрийн бөхчүүдийн барилдаанд манай бөх түрүүлсэн” хэмээсэн юм. Ямартаа ч олон жил морь уясан Тод манлай энэ удаад “мориныхны” хэлээр ярив бололтой. Рагчаа гарьд аман хүзүүдлээ гэж. 

П.Ундраа

 

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна