Галилео-н төл даага 4,2 сая доллараар зарагдлаа

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 18 -нд

Цэвэр цусны адууны Европын хамгийн том дуудлага болох Таттерсалсийн 10 дугаар сарын дааганы дуудлага худалдаа явагдаж байна. Энэ дуудлага худалдаа нь 3 хэсэгтэй бөгөөд эхнийх нь 10 дугаар сарын 9-11-ний өдрүүдэд, дараагийнх нь 15-18-нд, сүүлийнх нь 19-ний өдөр болох юм.

Эхний хэсгийн дуудлага худалдааны сүүлийн өдөр буюу 11-ний өдөр Галилео-н төл Хидроген дуудлагатай халтар даага 4,2 сая доллараар зарагдсан нь 2012 оны хамгийн үнэтэй дааганд тооцогдож байна. Дэлхийн тэргүүн хүлэг Франкелийн эцэг Галилео азарга нь өнөө цагийн хамгийн шилдэг азарганд зүй ёсоор тооцогдож байгаа билээ. Түүнийг өөрийн эцэг Сэдлерс Уилс, өвөг эцэг Умардын бүжигчин нарын адил цэвэр цусны адууны түүхийг бичилцэж байгаа гэхэд хэтрүүлэг болохгүй биз. Хидроген-ий эх Фанси хэмээх гүү нь 2007 оны Дэлхийн болон Европын шилдэг үрээ цолны эзэн Авторайзедыг төрүүлсэн шилдэг гүү юм. Авторайзедын эцэг Монжью нь мөн л Галилео-той эцэгтэй буюу Сэдлерс Уилс-н төл. Монгол Жоки Клуб Монжью азарганы төл гүүг Таттерсалсийн 7 дугаар сарын дуудлага худалдаанаас худалдан авч, Монголд авчираад байгаа билээ.

Хидроген нь энэ жилийн хамгийн үнэтэй даага төдийгүй Европын дуудлага худалдааны түүхэнд 3 дахь өндөр үнэ хүрсэн даага болоод байна.

Дуудлага худалдааны эхний хэсгийн 2 дахь өдөр буюу 10-нд мөн л Галилео-н төл охин даага 2,5 сая доллараар зарагджээ. Энэ дааганы эх Алюринг Парк хэмээх гүү нь Умардын бүжигчний алдартай төлүүдийн нэг Данзиг-ийн төл Грийн Десерт азарганы төл ажээ.

Дуудлага худалдааны 2 дахь хэсгийн 2 дахь өдөр буюу өчигдөр Галилео-н төл охин даага 2,1 сая доллараар зарагдсан байна. Ийнхүү Галилео-н төл дааганууд Таттерсалсийн 10 сарын дуудлага худалдаанд хамгийн өндөр үнэ хүрсэн 3 даагаар тодроод байна.

Эхний хэсгийн дуудлага худалдаанд 418 даага нийт 114,4 сая доллараар буюу 273,000 долларын дундаж үнэтэйгээр зарагджээ.

Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна