Стрийт Край (Street Cry

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 17 -нд

Хойд Америкийн өнөө цагийн шилдэг азарганы нэг Стрийт Край (Street Cry) нь 1998 оны 3 дугаар сарын 11-нд Ирландад төржээ. Халтар зүстэй энэхүү азарга нь өөрөө уралдаж байхдаа зохих амжилт үзүүлэн хурдан морь сонирхогчдод танигдсан боловч үр төлүүдийнхээ амжилтаар ч маш алдартай болоод байна.

Стрийт Край нь Америкийн хамгийн алдартай азарганы нэг Мистер Проспекторын үрийн   үр юм. Дашрамд сонирхуулахад Мистер Проспекторын үр төлүүдээс 34 адуу Америкийн Гурван Титмийн уралдаануудад түрүүлээд байгаа билээ. Бусад дээд зэрэглэлийн уралдаануудад түрүүлснийг нь тоолоход ч бэрх байх. Эдгээрийн дотор бид бүхний танил Майн Дат Бёрд, Зуны Шувуу, Курлин зэрэг алдартнууд байдаг юм.

Стрийт Край нь 2-4 насандаа нийт 12 уралдахдаа 5 түрүүлж, 6 аман хүзүүдэн, 1 удаа 3-р байранд шалгарч байсан нь муугүй үзүүлэлт билээ. Түүний түрүүнүүдээс хамгийн алдартай нь 2002 оны Дубайн Дэлхийн Цомын уралдааны түрүү юм. Тэрээр уралдааны бай шагналд 5.2 сая америк долларын шагнал хүртсэн нь бас л өндөр үзүүлэлт ажээ.

Үржүүлгэнд орсноосоо хойш Австралид хэсэг хугацаанд байсан Стрийт Край нь 2009 онд Америкт буцан ирж, өдгөө Шейх Мохаммед-ын Дарлей аж ахуйд байна. Түүний үр төлүүдээс 40 гаруй нь ямар нэгэн уралдааны түрүү магнайд хурдалснаас 10 нь Нэгдүгээр зэрэглэлийн уралдаанд түрүүлжээ. Эдний дундаас анх Стрийт Сенс гэдэг үрээ Брийдерс Кап Жүвинайл, Кентаки Дерби-д түрүүлэн Америкийн оны шилдэг үрээгээр шалгарч Стрийт Край-г нэрд гаргасан юм. Харин түүний 2004 оны төл Ялагдашгүй Зенатта нь өөрийн эцгээ өнөөдөр Америкийн хамгийн алдартай, бас үнэтэй азарганы нэг болгоод байна. Зенатта-г цахим хуудасныхаа уншигчиддаа танилцуулах нь бараг илүүц биз ээ. Мөн түүний өөр нэгэн төл Шокин гэдэг үрээ 2009 оны Мельбурн Кап-д түрүүлээд байна.

Стрийт Край-н 2010 оны үржүүлгийн төлбөр нь 150,000 америк доллар байгаа нь өдгөө хамгийн өндөрт тооцогдож байгаа ажээ.

Дэлхийн хойд хагаст орших бүс нутгийн улсуудад түүний төл 164 даага зарагдаад байна. Эдгээрийн дундаж үнэ нь 165,000 америк доллар бол дээд үнэ нь 950,000 америк долларт хүрчээ .

Харин өмнөд хагаст орших улсуудад 107 даага 50,000 долларын дундаж үнэтэйгээр зарагдсанаас хамгийн дээд үнэтэй даага нь 400,000 долларын үнэ хүрч байжээ.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна