Таймформ

А.Тэлмэн
2012 оны 10-р сарын 16 -нд

Хамгийн шилдэг хүлэг аль нь вэ? Энэ асуултанд уяачид, эздүүд, бридерүүд төдийгүй хурдан морь сонирхогчид өөр өөрийн сэтгэлдээ байгаа аль нэг хүлгийг нэрлэдэг. Мөн  хурдан морины холбоод өөрсдийн гаргасан чансааны дагуу шилдгийг тодруулдаг билээ. Манай улсад ч сүүлийн жилүүдэд Монголын морин спорт, уяачдын холбооноос хурдан адууны чансааг гаргаж, шилдэг хүлгүүдийг тодруулан алдаршуулдаг болоод байна. Харин дэлхийд адууны чансааг тогтоох асуудал эртний түүхтэй бөгөөд олон байгууллага энэ ажилд оролцдог юм. Манай клубээс цэвэр цусны англи адууны чансааны тухай ерөнхий мэдээллийг бэлтгэн та бүхэндээ хүргэж байна.

Цэвэр цусны буюу англи адууны хувьд Морин уралдааны удирдах байгууллагуудын олон улсын холбоо болон Таймформ пабликешн компани гэсэн 2 газраас тус тусдаа хурдан хүлгийн чансааг гаргаж байна. Үүнээс хурдан морины уралдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ихэнх байгууллагууд Таймформ пабликешн компанийн гаргадаг чансааг ашиглаж байна.

Таймформ пабликешн компани нь хурдан морины хорхойтнууд, бооцоо тавигчид гээд ер нь хурдан морины уралдаантай холбоотой хэн бүхнийг мэдээллээр хангах зорилгоор Англи улсад 1948 онд анх байгуулагджээ.

Хурдан морины эзэн, хэвлэн нийтлэгч, мэргэжлийн мөрийтэй тоглоомчин Фил Булл гэдэг хүн хурдан морины амжилтыг хугацаагаар нь тооцон математик загварт оруулан тооцох санааг гарган Портвей Пресс нэртэй компани байгуулсан нь өнөөгийн Таймформ юм. Улмаар Фил Булл нь 1949 оноос эхлэн жил бүр хурдан морины уралдааны бүтэн жилийн мэдээг нэгтгэн, чансааг тооцож тайлан хэлбэрээр хэвлэн гаргах болсон нь нийтэд ихэд таалагджээ.

Таймформ нь хурдан хүлгүүдийн чансааг уралдсан зай, хугацаа, өрсөлдөгч морьдын чансаа, унаачийн жин, авсан шагналтын хэмжээ зэрэгт үндэслэн гаргадаг байна. Мөн уралдааны морьдоос гадна саадтай уралдаан, харайлтын морьдын чансааг ч мөн гаргадаг юм.

Таймформ-н үйл ажиллагаа өргөжин тэлж, дэлхийн бусад улсуудад ч хүрдэг болжээ. Тухайлбал, Англи, Франц, Ирланд, Япон, Европ, Америк, Австрали, АНЭУ, Хонг Конг зэрэг улсуудад болсон уралдаануудад өндөр амжилт үзүүлсэн морьдын танилцуулга болон чансааг багтаасан 1200 хуудас бүхий номыг жил бүр хэвлүүлэн гаргадаг нь хурдан морь сонирхогчдын дунд эрэлт ихтэй байдаг юм.

Таймформ пабликешн компанийг Интернет бооцооны дэлхийн хамгийн том компани Бетфейр групп 2006 онд 15 сая фунт стерлингээр худалдаж авчээ.

Таймформийн чансааг дараах байдлаар авч үздэг байна. Үүнд:

140-с дээш:    Шилдэг хүлэг
130-135:    I зэрэглэлийн уралдааны түрүү (дунджаас дээш)
125-129:    I зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
115-120:    II зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
110-115:    III зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)
100-105:    Бага зэрэглэлийн уралдааны түрүү (дундаж)

Таймформын чансааг гаргах болсон 64 жилийн түүхэнд хамгийн өндөр буюу 140-с дээш оноог Франкел, Тэнгисийн шувуу, Рибот, Тэнгисийн одод, Харбингер тэргүүтэй 14 хүлэг л аваад байна.

Өнөө цагийн дэлхийн тэргүүн хурдан хүлэг Франкел 2012 он гарснаас хойш Куйн Анна Стейкс, Сассекс Стейкс, Интернэшнл Стейкс гэсэн I зэрэглэлийн 3 уралдаанд түрүүлснээр 147 оноотой болоод байгаа нь Таймформын чансааг гаргадаг болсон 1948 оноос хойшхи хамгийн өндөр оноо юм байна. Өөрөөр хэлбэл, Франкел нь цэвэр үүлдрийн адууны түүхэн дэх хамгийн шилдэг хүлэг гэж тооцогдож байна. Тэрээр өнгөрсөн жил 143 оноогоор Таймформын чансааг тэргүүлж, бүх цаг үеийн түүхэнд 4-рт бичигдэж байсан юм.
Эх сурвалж: www.mongoljockeyclub.com

0 Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна